Ангаахайнууд ”шонхор” болсны учир

- АН-д бүлэглэл, фракцгүй бол оршин байх аргагүй болжээ -

Айсуй сонгуулийн босгон дээр, Н.Алтанхуяг даргын нүүрэн дээр АН-ын байдал улам бүр хүндэрч байгааг сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудаас бэлхэн харж болохоор байна. Ирэх сонгуулийн нэр дэвшилт, цаашид горилох эрх мэдэл, албан тушаалын төлөө тус намынхан дотроо ёстой л “алалцаж” эхэллээ. Хамгийн сүүлд Ардчилсан хүчний холбоо/ АХХ/ чуулганаа хийж, “Монголоо шинэчилье” хэмээх уриагаа “АН-аа шинэчилье, “Алтан гадас”-ынхнаас салъя” болгон өөрчилснөө зарлав. Ингэхдээ нам дотроо “Шонхрууд” хэмээх фракц байгуулж, гишүүдээ бүртгэн, идэвхтэй, эрч хүчтэй хөдлөхөө ч мэдэгдэв.

Уг нь АХХ-ны тэргүүнээр ажилладаг, УИХ-ын гишүүн З.Энхболд тус нам дахь “Алтан гадас” фракцын толгой гишүүдийн нэг байлаа. Харин АН хамтарсан Засгийн газарт орохдоо түүнийг сайд болгоогүй нь угшил, уг гарвалаасаа урвах бодитой шалтгаан болсон юм. Улмаар тэрбээр “Алтан гадас” ба Н.Алтанхуягт угаас дургүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн талд хүчин зүтгэх болсон гэдэг билээ. АХХ-ны дэд тэргүүн, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ялгаагүй ийм л шалтгаанаар З.Энхболдтой нийлсэн. Уг нь тус холбооны анхны зорилго улс орныг шинэчлэх байсан ч явсаар сонгуулийн өмнөхөн АН-ыг шинэчлэх болж хувирсан нь тус намын дээвэр, туурга айсуй хаврын салхины үнэр төдийд л дэрвэж эхэлснийг харуулж байна.

“Шонхорууд” “Алтан гадас” ахыгаа дууриана
Ингэж хэлэх үндэслэл бүхйй нэгэн журмыг АН дахь “Шонхорууд” фракцынхан буюу З.Энхболд, С.Эрдэнэ нарын гишүүд гаргасан байна. АХХ-ны гишүүд аль ч нам, бүлэг, фракцынх байж болох бөгөөд өөр нам, эвслээс ч тэдний холбоонд элсч болох гэнэ. Ингэснээр “Шонхорууд” өөрийн намын дотор төдийгүй өөр нам, эвслийн хүрээнд ч бэхжин хүчирхэгжих боломжтой гэж үзсэн бололтой. Тэдний “ад” үздэг “Алтан гадас”-ынхан яг ийм замаар замнаж, нэгэн үеийн улстөрд чигийг заагч байсаар ирсэн. Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтан гадас” фракцынхныг Монголд нам дамнасан бүлэглэлийг үүсгэн, бэхжүүлэгч хэмээн хэвлэлээр ярьж бичдэг нь ч үүнтэй холбоотой билээ. Тус фракц анх мэндэлсэн өдрөөс хойш нэгдэн нийлсэн хэсэг бүлэг этгээд нам, эвслийн харъяалал үл харгалзан өөрсдийгөө “өөд татах” бүхэл бүтэн сүлжээ үүсгэсэн гэдэг.

Тэгвэл тэднийгээ шүүмжилдэг хөөрхөн дүү нар нь ах нарынхаа замаар замнаж, дахин нэг хүчирхэг бүлэглэлийг үүсгэхээр ханцуй шамлаж байна. Тэд буюу өөрсдийнх нь нэрлэснээр “Шонхорууд” эхний ээлжинд өөрийн фракцынхныг бүртгэж авах гэнэ. Урьдчилан тооцоолсноор АН-ын ҮЗХ-нд тэднийг дэмжигч 50 орчим гишүүн бий аж. Цаашдаа нээлттэй хаалганы бодлого бүхий холбоогоороо дамжуулан бусад гишүүдийг татаж болно хэмээн тооцоолжээ. “Алтан гадас”-ынхан АН-ыг удирдах ёс зүйн эрхгүй гэж тэд үзэж байгаа тул МоАХ фракц, Х.Баттулга нартай нийлэн дараагийн тоглоомоо эхлүүлэхээр зэхэж байгаа аж. Энэ нь ҮЗХ-ны хурлыг зарлан, намын удирдлагын асуудлыг ярих юм. Хэрвээ ирэх дөрөвдүгээр сараас нааш үүнийг хийж амжихгүй бол Н.Алтанхуяг, “Алтан гадас”-ынхан дан өөрийн талынхныг нэр дэвшүүлэхээр аль хэдийнэ бэлтгэлээ базааж эхэлсэн гэлцэнэ.

Ийм тохиолдолд АХХ юун Монголоо шинэчлэх, АН-аас арчигдаж, магадгүй М.Энхсайханы хувь заяаг давтаж мэдэхээр нөхцөл байдалд хүрч мэдэх юм. Тиймээс тэдэнд тэмцэхээс өөр зам үлдээгүй нь үнэн билээ. Адлагдаж, шүүмжлүүлсэн ч амь бөхтэй оршсоор байгаа Н.Алтанхуяг нарын зиндаанд хүрэхийн тулд “Алтан гадас”-ын маркетинг, бодлого, арга хэлбэрийг дууриахын эрмэлзэх нь ч гарцаагүй гаргах л шийдвэр.

Байдаг л нэг фракц, гэхдээ…
Фракц, бүлэглэл бүрийн даль, жигүүрээр дэрвэж, “ардчилсан” хэмээх бэлгэ тэмдгийн чанартай нэрэн дор зангидагдаж явдаг АН-д хэн нэгэн ямар нэгэн фракц байгууллаа гэхэд гайхах явдал огт байхгүй. Фракц, бүлэглэлгүй бол АН-д оршин байх хэцүү учир гишүүд нь намынхаа эрх ашгийг гэхээс илүү фракцаа бодох нь ч зүй ёсны асуудал. Өөрөөр хэлбэл, АН-д улстөрийн намын гэх үнэт зүйл алга болсон. Харин албан тушаал, эрх мэдлийн төлөөх бүлэглэл бүрийн эрх ашгийг хангахад АН өөрөө үйлчилдэг гаж тогтолцоо бий болсоор удсан байна. Тиймээс З.Энхболд нар “Шонхорууд” хэмээх фракц байгуулсан нь нэг талаас байдаг л зүйл. Нөгөө талаас АН бүлэглэлийн хөлд улам бүр шигдэж, аливаа бодлого, шийдвэр, томилгоо, нэр дэвшүүлэлт бүгд бүлэглэлийн тохиролцоогоор хийгддэг ардчиллын эсрэг арга нарийссаар байгааг харуулж байна.

Бүлэглэлүүд хэрэв тохиролцож чадахгүйд хүрвэл тэр нам тарахаас аргагүйд хүрэх, үгүй бол аль нэг бүлэглэл нь М.Энхсайханы жишгээр өрх тусгаарлахаас өөр зам үлдэхгүй биз ээ. Ялангуяа сонгууль дөхсөн энэ үед нэр дэвшүүлэлтийн хуваарилалтад яалт ч үгүй маргаан, тэмцэл өрнөх нь зайлшгүй юм. Чухам иймийн тул АХХ шонхор болж дүүлснээ зарласан хэрэг. Тус фракцын чуулган, мэдэгдэлтэй зэрэгцэн
АН-ын ҮЗХ-ны хэсэг гишүүдийн мэдэгдэл гэх төлбөртэй материал өдөр тутмын зарим сонинд хэвлэгдсэн байна. Тэнд фракцуудад илүү шударга хандсан намын удирдлага олны дэмжлэг авдаг, эс бөгөес М.Энхсайханы тавиланг дагана хэмээжээ.

Цаагуураа Н.Алтанхуягийг “заналхийлсэн” энэ үгийн ард хэн байгаа нь үнэндээ сонин биш. Учир нь АН-д энэ бол хэвийн үзэгдэл билээ. ҮЗХ-ны хэсэг гишүүд намынхаа амьдралыг цэгцлэх зайлшгүй шаардлагын тухай дурдаж, бохир бизнестай холбогдсон нэр бүхий хүмүүсийг улстөрөөс сайн дураар татгалзахыг нөхөрсгөөр шаардсан байна. УИХ-ын гишүүн, “Алтан гадас”-ын Г.Батхүү, С.Баярцогт, МҮДН-ын гэх Д.Зоригт, “фортуна” Н.Батбаяр, МоАХ-ны Х.Баттулга, АХХ-ны буюу “Бридж”-ийн Г.Ганхуяг нарыг улстөрөөс явахыг хүсч явдгаа тэнд өгүүлжээ. Тэр тусмаа МоАХ-ны Х.Баттулгад хандан ядарсан хэдэн партизаны гачигдлаар далимдуулан ганц, хоёр өрөө байраар хуурч, МоАХ-г ордонтой нь мөнгөөр зодож авсныг нь сануулж, АН-ын ачаар санасан бүхэндээ хүрсэн тул улстөрөөс явахыг хүссэн байна. Намынхаа зүг чулуу нүүлгэж, ганцаарчилсан тоглолт хийх нь хэтэрсэн гэдгийг ч давхар хэлээд өгчээ.

Энэ мэтээр АН өөр зуураа хэмлэлдэж байна. Төр, засагт эрх мэдэлтэй байх, эсэхээс үл хамааран мөнхийн хэмлэлдээнтэй байдаг энэ намд олон нийт итгэл алдраад удсан. Гэхдээ байгуулагдсан түүх, элээсэн он цагийг нь тооцвол яалт ч үгүй л МАН-ын дараа орох улстөрийн хүчин. Харамсалтай нь өдөрт л бараг нэг фракц мэндэлж, өөр зуураа нанчилдан улстөрийн намын үнэ цэнийг унагасаар өдий хүрэв. Өөрсдийнхөө муугаас болж сонгуульд ялагдчихаад олон түмнийг бослого, үймээнд уриалан дуудсаны уршиг дагавар нь өнөө хэр арилаагүй байгааг ч санах хэрэгтэй. ТУс нам дахь фракц, бүлэглэлийн үг, үйлдэл зэргээс харвал ирэх сонгуулийн өмнө тус намын дотоодод асар хүчтэй хуй, салхи дэгдэх нь тодорхой байна.

Намын дарга Н.Алтанхуяг энэ бүхнийг намжаахын тулд фракцуудын найраа, тохирооны голд эв найрын бэлгэ тэмдэг болж суух учиртай. Гэхдээ өөрийн гэсэн чигийг заагч “Алтан гадас”-тай хүнд ийм боломж, бололцоо гарахгүй л болов уу. Намын даргын буурь зааж ийм үйлдэл хийлээ гэхэд АН-ын дараагийн бүх бодлого, шийдвэр бүлэглэлийн тохироогоор урагш хөдлөх гашуун тавилантай. Эс бөгөөс чигийг заагч “Алтан гадас”-ын эрх ашгийг бүхний эгнээд тавьж болно. Ийм тохиолдолд АН сонгуулийн наахна даргаа солих, үгүй бол тарж бутрах бүр ч гашуун тавилантай золгох дүр зураг харагдаж байгаа юм. Эцэст нь хэлэхэд ангаахайнууд шонхор болсны учир начирт гайхаад байх явдал огт үгүй билээ. Энэ бол АН-д хэвшил болсон жирийн л нэг дүр зураг.

Т.БУД unenmn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих