Коронавирус эдийн засагт нөлөөлж эхэлсэн нь

712-1580425523b0ec0d81a37529116f0f9c380b4e09b0Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, АНУ-тай хийсэн худалдааны дайны үр дагавар арилаагүй байгаа энэ үед Ухань хотод шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгаа өвчин дэгдсэн нь Хятадын эдийн засаг, ялангуяа аялал жуулчлалын салбарт аль хэдийнэ нөлөөлөөд эхэлжээ. Уг халдварт өвчин цаашдаа дэлхий дахины эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг одоогоор тооцоолоход эрт байгаа боловч үнэт цаасны ба түүхий эдийн зах зээлд үнийн савлагаа нэгэнт үүсчихээд байгаа юм. Харин Хятадын удирдлага 17 жилийн өмнө SARS өвчин тархаж байснаас сургамж авч, хөл хорих замаар вирусын дэгдэлтийг хяналтандаа авахын тулд шуурхай ажиллаж байгаа нь өвчний тархалтыг зогсоож, ингэснээр эдийн засаг эргээд идэвхжинэ гэсэн найдварыг төрүүлж байна

Агаарын тээвэр, аялал жуулчлал ба Диснейлэнд

Хятадын Цагаан сарын баярын үеэр эрчимтэй тархаж эхэлсэн коронавирусын халдварын “цохилтод” хамгийн түрүүнд хүндээр өртсөн салбарууд бол агаарын тээвэр ба аялал жуулчлал юм. Вирусын тархалтын улмаас Хятад болон Азийн орнууд руу аялах жуулчдын тоо эрс буурна гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж байсан нь ортой болж, Америкийн болон бусад улсын агаарын тээврийн компаниуд Хятад руу хийж байсан нислэгээ зогсоогоод эхэлжээ. Үүний улмаас Cathay Pacific компанийн хувьцааны ханш 4-өөс дээш хувиар, American Airlines компанийнх 2 орчим хувиар, United Air Lines компанийнх 3,3 хувиар тус тус унасан байна. Түүнчлэн Цагаан сарын баярын үеэр долоо хоногийн дотор 70-80 мянган нислэг үйлдэж, 8-9 сая зорчигч тээвэрлэдэг Хятадын авиакомпаниуд хөл хорионы улмаас тоймгүй их алдагдалд орсон нь тодорхой. Хятадын Тээврийн дэд сайдын мэдээлснээр, Цагаан сарын эхний өдөр л гэхэд агаарын тээврээр үйлчлүүлсэн хүмүүсийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 41,6 хувиар буурсан байна.
Дэлхийн улс орнуудын зарим нь Хятадын жуулчдыг нэвтрүүлэхгүй байгаа бол зарим нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагаа өндөрсгөж, зарим нь учирсан алдагдлаа тооцохын зэрэгцээ коронавирусын тархалт удахгүй зогсоосой хэмээн залбирч байна. Өмнө нь тархаж байсан вирусын халдваруудын сөрөг нөлөөлөлд дүн шинжилгээ хийсэн Дэлхийн Аялал жуулчлалын зөвлөлийн /WTTC/ шинжээчдийн ярьснаар, гахайн ханиад, САРС, H1N1, эбола гэх мэт вирусийн халдварт өртөж байсан улс орнуудын аялал жуулчлалын салбар дунджаар 19 сарын дараа эргэн сэргэж байжээ. Үүнээс дүгнэвэл, энэ удаагийн коронавирусын тархалт нь тус салбарт удаан хугацаанд сөргөөр нөлөөлөх бололтой. WTTC-ийн тэргүүн Глория Гевара “Уханийн вирус”-ын сөрөг нөлөөг 2009 онд Мексикт дэгдсэн H1N1 ханиадны вирусын тархалттай харьцуулсан байна. Мексикт дэгдсэн уг өвчний улмаас олон мянган хүн амиа алдаж, тус улсын аялал жуулчлалын салбарт 5 тэрбумын хохирол учирч байжээ. Түүнчлэн 2003 онд дэгдсэн САРС өвчний улмаас зөвхөн Хятад улс гэхэд аялал жуулчлалын орлогынхоо 25 хувийг алдаж, 2,8 сая хүн ажилгүй болж байсныг дээрх зөвлөлийн мэдээлэлд дурдсан байна.
Түүнээс гадна, коронавирусийн дэгдэлт эрс нэмэгдсэн сүүлийн хэдхэн хоногт дэлхийн зугаа цэнгэлийн салбарт тэргүүлэгч компаниудын нэг болох Дисней-гийн хувьцааны ханш 3 хувиар унасан байна. Түүнчлэн Хонконгт болдог багт наадам, хөлбөмбөгийн Премьер-лигийн тоглолтууд цуцлагдсан байна.  Халдварын голомт болох Уханиас холгүй орших Шанхай хот дахь Диснейлэндийг түр хаах шийдвэр гарсны дараа трейдерүүд Дисней компанийн хувьцааг эрсдэлтэйд тооцох болжээ
САРС-ын нэгэн адилаар коронавирусын дэгдэлт ч гэсэн олныг цочроож, хүмүүс гэрээсээ гарч чадахгүй болсноор Хятадын хэрэглээний зах зээл тодохой хэмжээгээр хумигдлаа. Энэ нь тус улсын эдийн засгийн 52 хувийг бүрдүүлдэг үйлчилгээний салбарт том цохилт болох нь ойлгомжтой. Өнгөрсөн 2019 онд Хятадын ДНБ 6,1 хувиар өссөний 50 орчим хувийг нь хэрэглээний өсөлтөөр хангаж байжээ. Зөвхөн 2018 оны Цагаан сарын баярын үеэр гэхэд Хятадын жижиглэнгийн худалдаачид, хоолны газрын эзэд 140 тэрбум доллар, аялал жуулчлалын салбарынхан 75 тэрбум долларын орлоготой ажиллаж байв.
Цагаан сарын үеэр хөл хорио тогтоосон нь тансаг зэрэглэлийн бараа үйлдвэрлэгч Louis Vuitton, Richmond, Estee Lauder, Burberry зэрэг компаниудын орлого буурахад хүргэлээ. Баярын үеэр хятадууд бие биендээ эдгээр компанийн үнэтэй бүтээгдэхүүнийг бэлэглэх нь сүүлийн үед маш түгээмэл болсон байна.
Нефть, зэс ба алт
Хятадын засгийн газрын шинжээчдийн таамаглаж байгаагаар, шинэ төрлийн коронавирусын тархалт 2 дугаар сарын эхэн ба дунд үед оргилдоо хүрснээр тус улсын ДНБ-ний өсөлт энэ оны эхний улиралд 1 хувиар саарах төлөвтэй байна. Ийнхүү дэлхийн хоёрдахь том эдийн засгийн өсөлт удаашрахаар байгаа нь газрын тосны үнэд шууд нөлөөллөө. Энэ нь дэлхийн агаарын тээврийн компаниуд Хятад руу хийж буй нислэгээ эрс цөөрүүлж, улмаар зогсоож эхэлснээр онгоцны түлш, түүхий нефтийн эрэлт буурсантай шууд холбоотой.
АНУ-Хятадын худалдааны харилцаа хэвийн болж буйг дагаад алгуур өсөж байсан Брент маркийн нефтийн үнэ сүүлийн долоо хоногт 64 доллароос 59 доллар болж буурлаа. Харин ОПЕК+ хэлэлцээрт багтдаг орнууд “олборлолтоо танах тохиролцоогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлж магадгүй” гэж мэдэгдсэн нь үнэ улам уруудахыг зогсоосон байна. Уг тохиролцоо энэ оны 3 дугаар сар хүртэл үйлчлэх ёстой байсан бол коронавирусын тархалтаас шалтгаалан 6 дугаар сар хүртэл сунгах бололтой.
“Уханийн вирус” тархсаар байгаа нь эрсдэлтэй актив болох хувьцаанаасаа хурдхан шиг салъя гэсэн бодлыг хөрөнгө оруулагчдад төрүүлж, геополитикийн болон нийгэм-эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал үүссэн үед аврал болж байдаг алтны эрэлтийг өсгөлөө. Өнгөрсөн даваа гарагт болсон арилжаагаар 2 дугаар сард нийлүүлэх алтны үнэ 1582,2 доллар/унцид хүрсэн  нь 2013 оноос хойших хамгийн өндөр ханш юм. Үүний сацуу Америкийн эдийн засаг сэргэж, долларын ханш чангарч буйг тооцож үзвээс бусад улсын валютаар илэрхийлэгдэх алтны үнэ бүр ч илүү өссөн байх учиртай. Алтыг дагаад 3 дугаар сард нийлүүлэх мөнгөний үнэ унц нь 18,2 доллар болж, 0,5 хувиар нэмэгдсэн байна.
Нөгөөтэйгүүр, АНУ-ын эдийн засаг сэргэж, Бээжин, Вашингтон хоёр худалдааны дайнаа зогсоож, Брекситийн үйл явцад ахиц гарснаас гадна агуулах дахь нөөц багассан зэрэг шалтгаанаар зэсийн үнэ он гарангуут огцом өсөж, 6314 доллар/тн-д хүрээд байсан билээ. Гэтэл Хятад улсад коронавирусын халдвар газар авч, хөл хорио тогтоосны дараа зэсийн үнэ 10 хоногийн турш тасралтгүй буурсаар 5600 доллароос доошлоод байна.
Түүнээс гадна, шинэ төрлийн вирусын тархалт нь АНУ-БНХАУ-ын хооронд байгуулсан худалдааны гэрээг хэрэгжүүлэх явцад саад учруулж болзошгүй юм. Гэрээний дагуу Хятад улс хоёр жилийн хугацаанд 200 тэрбум долларын бараа бүтээгдэхүүнийг АНУ-аас нэмж худалдаж авах үүрэг хүлээсэн билээ. Гэтэл түүхий эдийн үнэ унаж, Хятадын томоохон мужуудад хөл хорио тогтоосон нь импорт багасахад нөлөөлж, улмаар худалдааны дайныг бүрэн зогсоох зорилготой Америк-Хятадын хоёрдахь шатны хэлэлцээ тасалдахад хүрч магадгүй.
 Сандарч үймэх шаардлагагүй 
Дэлхийн хөрөнгийн биржүүдэд хувьцааны ханш унасан нь үнэн боловч үймж сандрах ноцтой шалтгаанууд одоогоор алга. Хэд хоногийн хугацаанд “паник”-т ороод байсан биржийн трейдерүүд одоо нөхцөл байдлыг илүү бодитойгоор харж эхэллээ. Коронавирус үндсэндээ эх газрын Хятадад тархаж,  бусад улсад халдварын цөөн тохиолдол илэрсэн, өмнө нь тархаж байсан САРС зэрэг вирустэй харьцуулахад коронавирусээр амиа алдсан хүний тоо цөөн байгаа, түүнчлэн Хятадын эрх баригчид өвчний тархалтыг хяналтандаа авсан тухай мэдээллүүдийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн нь зах зээлд оролцогчдыг тайвшрууллаа. Өвчилсөн хүмүүсийн тоо цаашид өсөхгүй бол нөхцөл байдал хэвийн болж, эдийн засаг эргээд идэвхжиж эхлэх учиртай. Тухайлбал, 10 жилийн өмнө томуугийн А хүрээний H1N1 вирус тархсаны улмаас Хятадын ДНБ 0,5 хувиар агшиж байсан боловч маш түргэн сэргэсэн байна. Мөн 17 жилийн өмнө дэлхий даяар SARS буюу “амьсгалын цочмог халтай хамшинж өвчин” тархсаны улмаас 8000 гаруй хүн өвчилснөөс 774 хүн амь насаа алдаж байсан билээ. Тухайн үед дэлхийн эдийн засагт 40 тэрбум долларын хохирол учирч, дэлхийн ДНБ-ний өсөлт нэг хувиар саарч байсан ажээ. Харин цар тахлыг богино хугацаанд дарж чадсанаар 2004 оноос хойш САРС-ын ганц ч тохиолдол илрээгүй билээ.
Дашрамд дурдахад, дээрх төрлийн өвчнүүдийн дэгдэлтийн оргил үе нь голдуу 6-7 дахь долоо хоногт тохиодог бөгөөд үүнээс хойших хугацаанд өвчилсөн хүмүүсийн тоо эрс буурдаг байна. Ингэж тооцвоос, коронавирусын тархалтын ид үе нь тун удахгүй ирж, аажмаар өвчлөл буурч магадлалтай.  Тэгэхээр тархалтыг зогсоох аргыг эрх баригчид ба эрдэмтэд хэр зэрэг богино хугацаанд олох вэ гэдгээс эдийн засаг эргээд идэвхжих үйл явц хамаарах болно.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.