Казахстан улс олимпийн аваргадаа 250 мянган ам.доллар амлалаа

Улс орнууд “Лондон-2012″ олим­пийн медалийг тус бүртээ үнэлээд эхэллээ.

ОХУ Лондонгийн олимпоос алтан медаль хүртсэн тамир­чиндаа дөрвөн сая рубль буюу 130 мянган ам.доллар өгөхөөр шийд­вэрлэжээ. Харин мөнгөн медаль хүртвэл 82.5 мянган ам.доллар, хүрэл медаль хүртвэл 56 мянган ам.доллар тус тус олгоно хэмээн амлаад байна. Тус улс өмнө нь олимпийн аварга, олимпоос медаль хүртсэн тамирчдадаа азын дугаартай автомашин, байр, орон сууц олгож байсан удаатай. Харин энэ удаад мөнгөн шагнал амлаад байна. Үүнийг нь оросууд бусад орнуудынхтай харьцуулбал бага мөнгө гэж үзэж байгаа гэнэ. Оро­сын томоохон пүүс компаниуд олимпийн аварга болсон тамирч­дад машин тэрэг, байр сууц, гадаа­дад олон сар аялах эрхийн бичиг гээд олон бэлэг өгөх тухайгаа яриад эхэлсэн аж.

АНУ 2012 оны олимпоос ме­даль хүртсэн тамирчдад өгөх мөнгөн шагналаа тодорхой мэ­дээ­лээ­гүй байгаа ч ОХУ болон БНХАУ-ын жишгээр тамирчдаа байлах болов уу гэж олон улсын ажиг­лагчид үзэж байгаа юм. Америкчуудын зарим нь “Бид олимпийн аваргаа хятадуудаас дутахааргүйгээр урамшуулах ёс­той” хэмээн үзэл бодлоо илэр­хийлжээ. Одоогоор тамирчдадаа хамгийн их мөнгө амлаад буй улс нь Казахстан болоод байна.

Казахстаны Биеийн тамир, спортын газар ирж буй олимпод амжилт гаргах тамирчдыг хэрхэн шагнаж урамшуулах тухайгаа албан ёсоор зарлалаа.

“Лондон-2012″-оос алтан ме­даль хүртвэл 250 мянган ам.дол­лар, мөнгөн медаль хүртвэл 150 мянган ам.доллар, хүрэл ме­даль хүртвэл 75 мянган ам.доллар тус тус өгнө гэнэ. Түүнчлэн шаг­налт дөрөвдүгээр байрт шал­гар­вал 30, тав­ду­гаар байрт орвол 20, зурга­дугаар байрт орвол 10 мянган ам.доллараар шагнах ажээ.

Япон улс 2011 онд гамшигт нэрвэгдэж, эдийн засгийн байдал хүндэрсэн ч олимпод амжилт гаргах тамирчдаа өмнөх жишгээр урамшуулахаа мэдэгдээд байгаа юм.

Харин Монгол Улс “Лондон 2012″-оос медаль авчирсан та­мирч­даа хэрхэн шагнах тухайгаа албан ёсоор мэдэгдээгүй байна.

2008 оных шиг олимпийн аваргыг 120 сая, мөнгөн медальтныг 60 сая, хүрэл медаль хүртсэн тамирчныг 30 сая төг­рөгөөр шагнана гэвэл маргаантай зүйл гарч мэдэх юм.

“Бээжин 2008″-ын дараа олим­поос медаль хүртсэн тамирчид Засгийн газрын тогтоолын дагуу дээрх мөнгөн шагналыг авсан ч элдэв янзын татвар, татаас, хан­дивт багагүй хувийг нь суутгуулаад үлдсэн хэсгийг нь арайчүү гартаа авсан.  Түүнээсээ анхны багш, гарын багш, бүр анхны анхны багш дасгалжуулагч гээд олон хүнд хувь хүртээсэн. Дасгалжуулагч нь хэл ам хийж, гомдоллож байж тамирч­наасаа мөнгө авсан тохиол­дол ч гарсан. Түүгээр ч барахгүй төдөн кг алт өгнө, жилийн хүнсний хэрэг­цээг нь хангаж өгнө, тусална гэсэн элдэв амлалтаа манай пүүс ком­паниуд биелүүлэлгүй олимпийн медальтнуудыг араасаа гүйлгэж, байгууллагынхаа хаалгыг мөн ч олон татуулсан даа. Зарим нь одоо  хүртэл амласнаа өгөөгүй юм билээ.

Монголын тамирчин олимпоос хүрэл медаль хүртвэл 30 сая төг­рө­гөөр шагнуулна гэж байгаа нь Казахстан улсын олимпийн шаг­налт байрт орсон тамирчных нь гавьяатай тэнцэх нь.

Монголын олимпийн аварга болж 120 сая төгрөг авсан нэр зүүж байхаар Казахстаны иргэн болоод дараагийн олимпод түрүүлээд 250 мянган ам.доллар, түүнээс ч илүү долларын шагнал хүртвэл амьд­рал ахуйд минь нэмэртэй гэх бо­дол өсвөр, залуу үеийн тамирч­дад төрж юуны магад. Гадны улсын иргэн болсон тамирчид ихэнхдээ л иймэрхүү шалтгаанаас үүдэн харь орны нэрийн өмнөөс олим­под өрсөлддөг.

“Аварга болчихвол ард минь бөөн мөнгө намайг хүлээж байгаа” гэж бодсон тамирчин олимпийн дэвжээнд итгэлтэй, хурдтай “үзэл­цэ­хээс” яах юм. Ийм болохоор манайхан тамирчдадаа сэтгэлд нь гал асааж итгэлийг нь нэмэх хэмжээний мөнгөн шагнал өгнө гэдгээ одооноос дуулгаж, компани, байгууллагууд боломжоо харж юм амлах нь зүйтэй байх шүү.

Д.САРУУЛ

london

Олимпийн алтан медаль нь 85 мм голчтой, долоон мм зузаан, 375-400 грамм жинтэй.


URL:

Сэтгэгдэл бичих