​Монгол ганцаараа шахалтад үлдэх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт

image_660

ШХАБ-ын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт өнөөдөр Узбекистаны Самарканд хотноо эхэлнэ. Олон улсын ажиглагчдын хувьд хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтын гол анхаарал Иран улс дээр төвлөрч буй.

Учир нь, дээд хэмжээний уулзалтын үеэр Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси ШХАБ-д элсэх санамж бичигт гарын үсэг зурах юм. Ингэснээр Тегеран ШХАБ-ын гишүүн болоход  дахин нэг алхам ойртоно. Цаашид тус улс ШХАБ-ын гишүүн орны статустыг батлах процесс дахин нэг жил үргэлжилэх хүлээлттэй байна. Ираны хувьд ШХАБ-д гишүүн болон ажиглагч орнуудтай эн хамтын ажиллагаа, эрчим хүчний худалдаа хийх замаар АНУ-ын хоригийн улмаас бий болсон олон улсын эдийн засгаас тусгаарлагдсан байдлаас гарахыг зорьж буй. Мөн сүүлийн жилүүдэд ШХАБ-ын орнууд ам.долларыг халж, дотоодын мөнгөн тэмдэгтээр худалдаа хийх асуудал яригдах болсон нь Тегераны хувьд онцгой ашиг сонирхол билээ. Тухайлбал, Ираны Гадаад харилцааны дэд сайд Мехди Сафари өнгөрсөн зургадугаар сард ШХАБ-ын нэгдсэн валют бий болгох саналыг дэвшүүлсэн.

Харин манай иргэдийн хувьд Монгол-Орос-Хятадын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтаас эдийн засгийн коридор, эрчим хүч, төмөр зам, боомт, байгалийн хийн хоолой зэрэг анхаарал татсан төслүүдэд ямар ахиц, шийдэл гарахад илүү ач холбогдол өгч байгаа болов уу. Мөн ШХАБ-ын өмнөх дээд хэмжээний уулзалт бүрээр хоёр хөршийн талаас тавьдаг ШХАБ-ын гишүүнээр элсэх шахалт энэ удаа илүү далайцтай ирэх магадлалтай.

Учир нь, Монгол Улс 2004 оноос хойш ШХАБ-ын гишүүнээр элсэлгүй хамгийн удаан ажиглагчийн статустай яваа улс юм. Гэтэл манай улсын дараа буюу 2005 онд ажиглагч болсон Энэтхэг, Пакистан 2017 онд ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болсон бол Иран улс өнгөрсөн онд Душанбед болсон дээд хэмжээний уулзалтаар ШХАБ-ын цаасан дээр батлаагүй албан бус ес дэх гишүүн болоод байна.

Мөн 2010 онд яриа хэлэлцээний түнш, 2015 онд ажиглагч болсон Беларусь улс өнгөрсөн зургадугаар сард ШХАБ-д гишүүнээр элсэх өргөдлөө мэдүүлсэн. Самаркандын дээд хэмжээний уулзалтаар Минск ШХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэх процессээ эхлүүлнэ.

Үүнээс гадна Афганистаны Талибан дэглэм Ираны адил ШХАБ болон түүний гол оролцогч талуд болох ОХУ, БНХАУ-тай хийх харилцааг гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болгон тодорхойлсон. Улмаар Бээжин Талибаны дэглэмтэй эрчимтэй дипломат харилцаа өрнүүлэх болсон нь мөн л ШХАБ ойрын ирээдүйд гишүүний тоогоо Афганистанаар нэмэх хүлээлтийг үүсгэсэн. Мөн Афганистан нь Беларусаас түрүүлж буй 2012 онд ажиглагчийн статустай болж байв.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс ойрын ирээдүйд ШХАБ-ын газрын зурагт өөр өнгөөр сондгойрч ганцаар ажиглагчийн статустай үлдэх магадлал өндөр. Тиймээс хоёр хөршийн шахалт улам нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Хэдий Армен, Азербайжан, Камбож, Шри-Ланка болон Балба гэх дөрвөн улс ажиглагч болох байр суурь илэрхийлээд байгаа. Гэхдээ Монгол Улс дан ганц газар зүйн байршил, эдийн засгийн хувьд хоёр хөршөөсөө хараат гэдгээс гадна он цаг, оролцооны хувьд ШХАБ-ыг үүсгэн байгуулагч зургаан орны дараа ажиглагч болж нэгдсэн. Энэ факт өөрөө Москва болон Бээжин манай улсыг гишүүнээр элсэхийг шахах том шалтгаан юм.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд ​Т.Бадрал 2020 онд ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзах үеэрээ Монгол Улс ажиглагчийн статусаа хадгалах сонирхолтой байгааг илэрхийлсэн. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын багт багтсан гадаад бодлогын зөвлөх болон судлаачид бүгд манай улс ШХАБ-ын ажиглагчийн статусаа хадгалах нь зүйтэй гэж үздэг хүмүүс байгаа юм.

ШХАБ-ын гишүүн одоогийн найман улс хамтдаа дэлхийн нийт хүн амын 40 хувь, эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлж байна. Энэ утгаараа бүс нутгийн хамтын ажиллагааны хамгийн том байгууллага гэж тодорхойлогддог. Бүс нутгийн хэмжээний эдийн засгийн томоохон хамтын ажиллагааны төслүүд “хэрэгжүүлэхээр төлөвлөсөн”. Тиймээс манай улс ШХАБ-д нэгдэх ёстой гэж үздэг хүмүүс цөөнгүй.

Гэвч Энэтхэг болон залуу ардчилал бүхий Пакистаныг эс тооцвол ШХАБ-ын гишүүн бусад зургаан улс болон гишүүнээр элсэж буй Иран нь бүгд нэг хүний авторитар дэглэм бүхий улсууд юм. Мөн ШХАБ-ын дүрэмд шийдвэр гаргах дээд байгууллага нь гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөл байна гэж заасан байдаг. Тиймээс уг байгууллага нь засаглалын хувьд эргэлзээтэй, шийдвэр гаргах, түүнийг хянах процесс ил тод бус. Ихэвчлэн Москва болон Бээжин асуудлыг шийддэг энэхүү тогтолцоо нь бүс нутгийн, тэр дундаа хөгжиж буй жижиг орнууд уг байгууллагад гишүүнээр элсэх асуудлыг нухацтай авч үздэг шалтгаан билээ.

http://itoim.mn/article/vXLyB/34792


URL: