“Дашваанжил” ХХК-д шалгалтын үеэр хэд хэдэн зөрчил илэрчээ

422241100_2608830959279573_8022388990889844377_n_20240404115802ХНХЯ, УУХҮЯ, ЗТХЯ-ны хамтарсан ажлын хэсэг Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр дэлбэрэлт болсонстой холбогдуулан “Дашваанжил” ХХК-д шалгалт хийсэн.

Тус компанид өмнө нь сүүлийн таван жилд хяналт шалгалт ороогүй байна. “Дашваанжил” ХХК-ийн хувьд нийт 518 ажилтантай, 63 салбар нэгжтэй. Шингэрүүлсэн хийн түлшийг ОХУ-аас импортлон, нийлүүлдэг.

Шалгалтын явцад ажлын хэсэг тус компанид хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн зөрчил илрүүлжээ. ХАБ-ын ажилтан байдаггүй. Эрсдэлтэй салбарт үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллага, аж ахуйн нэгж эрсдэлийн үнэлгээ хийлгэх ёстой байдаг. Гэтэл “Дашваанжил” ХХК энэ үнэлгээг хийлгээгүй байна. Мөн ажилчдыг амь нас, эрүүл мэндийн даатгалд заавал хамруулах шаардлагыг биелүүлээгүй байна. Дотоод хяналт шалгалт хийдэггүй, ажлын байрны нөхцөлийн үнэлгээ хийлгээгүй, эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, дүрэмт хувцсаар хангаагүй зэрэг зөрчил илэрчээ.

УУХҮЯ-аас тус компанийн үйл ажиллагааны дотоод дүрэм журмын мөрдөлт, аюулгүй байдал, хий хадгалах нөхцөл байдлыг шалгасан. Тус компанийн дизель станцад ашиглагдаж буй хий хадгалах нөхцөл байдалд шалгалт хийхэд улсын бүртгэлд хамрагдсан, хий хадгалах шаардлагыг хангасан байсан.

ЗТХЯ “Дашваанжил” ХХК техник хангамжийн аюулгүй байдал бүрэн хангагдаагүй, аюултай ачаа тээвэрлэхэд тавигддаг шаардлагуудыг хангаагүй зэрэг зөрчил илэрсэн.

БХБЯ-аас галд өртсөн дөрвөн барилгад үзлэг, шалгалт хийсэн байгаа. Галд өртсөн байдал, нөлөөллийн байдал, ан цавын хэмжилт, хамгаалалтын үеийн зузаан, материалын бат бөхийн байдал, галд тэсвэржилтийн хэмжилт зэрэг үзлэг шалгалт хийсэн. Галт өртсөн барилгын хувьд орон сууцны гадна талын фасадын 75 хувь галд өртсөн. Багана, дам нуруунд үүссэн ан цавын улмаас газар хөдлөлтөд тэсвэртэй байдал алдагдсан. Мөн нүүрсхүчлийн хийн нэвчилт өндөр, чийгшлийн хэмжээ алдагдсан зэрэг дүгнэлт гарчээ.


URL: