Украин: Амьд явах эрхэнд халдах, нацистуудыг устгах хоёр эрс ялгаатай

1711935029оросУкраин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (СВО) 768 дахь хоног дээрээ ирж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Freeдom ТВ, оросын СВО нь цэргийн гэмт хэрэг мөн эсэхийг магадласан “war.ukraine.ua/russia-war-crimes/” сайтын эх сурвалжаас орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.

Оросын цэргийн ярганд байсан Буча хот, эзлэхээр завдсан Киевийн хойд хотуудыг чөлөөлсөний хоёр жилийн ойг Украин даяар, Украины шударга дайныг дэмжигч эрх чөлөөт ертөнц энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Нэг сар нэг 7 хоног оросууд тэнд эзэгнэхдээ ямар их хорлол ярга үйлдсэнийг хүн төрөлхтөн мэднэ. Энэ бол уучлагдашгүй явдал билээ.

Фронтын байдал хоёр талдаа тогтвортой, стратегийн давшилт, томхон операц хийгдээгүй боловч Украин нь үргэлжлүүлэн алсын тусгалтай дрон ашиглан Оросын нефть-шатахууны бааз, нефть боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгсөөр байна. Чухамдаа нефтийн бүтээгдэхүүний экспортоор Орос улс төсвөө, тэр дундаа цэргийн төсвөө нөхдөг. Тиймээс украины зэвсэгт хүчин эдгээр орлогыг аль болох багасгах, унагах, тэгснээрээ Путины хүчилтөрөгчийн хангамжийг таслахаар идэвхтэй ажилласаар. Орос нь нефть боловсруулах нийт 32 үйлдвэртэй. Түүнээс одоогоор 13 нь цохилтод өртсөнөөр Орост бензиний үнэ өсч, олдоц ховордож, нефтийн экспорт буурах хандлагатайгаас гадна Оростой орос рублиэр тооцоо хийхгүй, зөвхөн доллараар тооцно гэсэн шалтгаар банкуудаа олон улсын санкцаас хамгаалан Хятад, Турк, АНЭУ Оростой төлбөр тооцоогоо хэргээр гацаажээ.

сонин mn

Украинд явагдаж буй энэ дайн Орост хохиролтой тусч, алагдсан шархадсан цэрэг нь хагас саяас хол давж, олон арван мянган байлдааны техникүүдээ гарздаж байгаа ч “нацист Украин”-ы эсрэг залхаан цээрлүүлэх дайнаа ил цагаан үргэлжлүүлж, “нацистуудтайгаа хуйвалдсан” гэх үндэслэлээр бүхэл бүтэн ард түмний эсрэг террорист дайнаа огт ажралгүй явуулсаар байгааг дэлхий нийт харж байна. Гэтэл хүн төрөлхтөн дайн явуулах дүрэм журам гэдгээ аль дээр үеэс мөрдөж эхэлсэн, аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнд энгийн номхон хүн ардыг бөөнөөр алж устгаж болохгүйг хориглон хуульчилсан байдаг нь өнөөгийн Оросын эрх баригчдад огт хамаагүй мэт авирлана.

Энгийн номхон, иргэний хүн амыг алж болохгүй, эрүүдэн шүүж болохгүй, хамгаалалтгүй хот сууринд үхэл таригч зэвсэг хэрэглэх болохгүй гэж заасан олон улсын хууль, тухайлбал Женевийн конвенц, Ромын статут гээд ОХУ өөрөө нэгдэж орсон олон улсын эрх зүйн норм, хэлэлцээр олон байна. Гэтэл Украинд түрэмгийлсэн оросын цэрэг, түүний Дээд ерөнхий командлагч В.Путин өөрөө энэ олон норм дүрэм, хэлэлцээрийг хангалттайгаар, бүр айж ичихгүйгээр зөрчиж ирэв.

Хотуудыг хайр найргүй бөмбөгдөнө, эвдэн сүйтгэнэ, нураана, гэмгүй энгийн иргэдийг алж тална. Дайны явцад өдөр бүр шахуу ийм гэмт хэрэг үйлдэнэ. Санаатайгаар хот суурингуудыг бөмбөгдөнө, пуужиндана, иргэний дэд бүтэцгүй болгохыг зорино. Эхчүүд, хөгшчүүл, хүүхдүүд үрэгдэнэ, хүмүүнлэгийн үйлсээр очсон аврагчдыг давхар алж устгана, санаатайгаар. Оросын суртал нэвтрүүлэгчдийн оношилж байгаагаар бол алагдаж шархдаж, үрэгдэж байгаа бүхэн неонацистууд, хар тамхичид, ерөөсөө алуулж байхдаа таарсан украинчууд, эсвэл урвасан уугуул оросууд, хохь нь болохоос яахав гэнэ. Энэ дайны нэг онцлог бол дэлхийн II дайнаас хойш Европын зүрхэнд дэгдсэн хамгийн том, үхэл дагуулагч дайн, европчуудын тархинаас аль хэдийнээ арилаад алга болчихсон дайны сэтгэхүйг шинээр өдөөсөндөө хамаг учир нь оршино. Украин нь эрх чөлөөтэй, тусгаар тогтносон улс болчихсон, украины ард түмэн хөгжил дэвшлийн замаа Кремлиэр заалгахгүй байх эрхтэй. Гэтэл үүнийг зөвшөөрөх тэнхээгүй Орос, түүний эрх баригчид цэргийн гэмт хэрэгтнүүдээ Украин руу илгээн, ялахгүй атлаа ялагдсангүйд нь, бууж өгөхгүй байгаад нь өширхөөд хорлол аллага үйлдэх ба түүндээ ял сонсоно, түүхийн өмнө буруутан болж хоцроно гэдгийг ойлгодоггүй. Өширхөлд нь эцэс төгсгөл байдаггүй.

Оросуудын үйлдсэн болгоныг зөвхөн украинчууд төдийгүй Олон улсын шүүх, Олон улсын эрүүгийн шүүх баримтжуулан, хавтаст хэрэгт аваад байгаа гэдгийг оросууд ойлгох сэхээгүй байлдаж байна.

Бодит баримтаар жишээлье. 1949.08.12-ны Женевийн конвенцын P.1.IV-ийн 3-р зүйлд ингэж заажээ: Дайны ажиллагаанд шууд оролцоогүй этгээдэд ямар ч тохиолдолд хүмүүнлэгийн үүднээс хандах ёстой. Конвенцын заалтыг оросууд уландаа гишгэсэн. Украины эсрэг дайндаа оросуудын зэрлэгээр хөнөөсөн гэмгүй хүмүүсийн тоо хэтэрсэн. Алагдсан иргэд бол цэргийн бус, цэргийн формгүй, зэвсэггүй, цэрэг-армитай холбоотой ямар ч үүрэг даалгаваргүй, ердөө л энгийн иргэд, зарим нь хүүхэд. Хуугаар нь оросууд алсан тохиолдол олон байна.

Женевийн конвенцын 1977.06.08-ны нэмэлт 1-р протоколын 52-р зүйлд ингэж заажээ: Иргэний объектууд бол довтлох, дайрах, хэлмэгдүүлэх объект байх ёсгүй. Довтолгоо нь зөвхөн цэргийн объектоор хатуу хязгаарлагдана. Конвенцын заалтыг оросууд өдөр бүр зөрчиж ирэв. Украины иргэний барилга байшин, дэд бүтэц рүү Орос нь хамгийн хэрцгийгээр халдсаар байна. Энэ бол Оросын дайны бай биш юм. Орон сууцны хорооллууд, иргэдийн сууц, эмнэлэг байнга пуужиндуулна. Эмнэлэгт хүний амь насны төлөө тэмцэж буй эмч сувилагчид, өвчтөнүүд хөнөөгдөнө. Хүүхдийн цэцэрлэг, сургууль, бүр бөмбөгнөөс хорогдох байр руу хүртэл агаараас атаклана. Хүн ардын толгой хорогдох, амьд гарах сүүлчийн найдварыг нь бартал пуужиндаж бөмбөгдөж дрондоно.

сонин mn

1950 оноос мөрдөж буй Нюрнбергийн зарчмууд гэж байна. Зарчмуудын VI (b) зарчим: Хот, тосгоныг үндэслэлгүйгээр эвдэн сүйтгэх, цэргийн зорилгогүйгээр үгүйрүүлэн хоосруулах нь цэргийн гэмт хэрэг мөн. Гэтэл хоёр жилд оросын цэрэг энэ зарчмыг өдөр алгасахгүй зөрчиж ирэв. 2022 оны хоёрдугаар сарын 24-ийг хүртэл украины хотуудад амьдрал буцлаж байв. Бүр цэцэглэж байв. Мариуполь, Чернигов, Харьков, Буча, Ирпень, Гостомель…яг Европын бусад хотууд шиг энгийн тайван, аюулгүй, хүмүүс нь хэвийн аж төрсөн, амьдрал өрнөсөн хотууд байв. Гэтэл Орос бүх хот, тосгодыг “неонацистаар дүүрсэн” хэмээн оношлоод газрын хөрснөөс арчихыг завдав. Одоо украины хотуудад айдас, үхэл, цөхрөл ноёрхож байна.

1949.08.12-ны Женевийн конвенцын P.3.IV-ийн 32-р зүйлд гэмгүй иргэдэд ямар нэгэн арга хэмжээ авах, бие махбодийг хохироох, эрүүдэн шүүх, хэрцгий хандаж харилцахыг хориглоно гэжээ. Хоёр жилийн турш украины ард түмэн тийм хэрцгийлэл, дарамт, цээрлүүлэлтийг оросуудын зүгээс амслаа.

Украины нацист гэж үзсэн болгоноо алж устга, тамла, цээрлүүл, амьтан болго хэмээн командлал нь тушаал буулгасан бололтой авирласаар байна. Оросын суртал нэвтрүүлэгчид аллагыг хамгийн ихээр уухайлан уриалж, аллага таллагыг дэвэргэгчээр тодров. 1949.08.12-ны Женевийн конвенцын P.1.IV-ийн 34-рт барьцаанд авч болохгүй, хүмүүсийг барьцаалахыг хориглоно гэсэн заалт ч зөрчигдөөд дууссан. Украинд ОХУ-ын зэвсэгт хүчний болон улс төрийн удирдагчдынх нь өдүүлсэн цэргийн гэмт хэрэгтэй холбогдуулан дэлхийн 42 улс Хаага дахь Олон улсын эрүүгийн шүүхэд хандан мөрдөн шалгалт эхлүүлэх хүсэлт хоёр жилийн өмнө тавьсан. Шүүх Оросын гэмт хэргийн эсрэг шийдвэр гаргах аваас цэргийн гэмт хэрэг үйлдсэн хэн боловч эрүүгийн хариуцлагад, хаана ч татагдах учиртай хэмээн “war.ukraine.ua/russia-war-crimes/” сайтад бичжээ. Төгсгөлд нь Зеленскийгээс эш татъя. “Дайн хэзээ дуусах вэ?” гэсэн асуултад тэр ингэж хариулжээ:–Дайныг дуусгахыг хүсэхгүй байгаа нэг л хүн байна. Учир нь тэр үхэн үхтлээ засгийн эрхэнд байхыг хүсч байна. Тэр хэзээ ч Кремлиэс өөрийнхөө хөлөөр гарахгүй. Түүнийг тэндээс хөөж гаргана, эсвэл дамжилж гаргана. Зөвлөлт Холбоот Улсын үеийнх шиг. Түүний дараа л хэлэлцээ явагдаж эхэлнэ гэжээ.

Opoc, англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь

сонин mn


URL: