ТОЙМ: АЗИ, АМЕРИКИЙН ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭЖ, ЕВРОПЫНХ “ШАЛДАА БУУЖ” БАЙНА

413a170d1d9925084023ecdd8d320d84Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүгээ өсгөсөнтэй холбоотойгоор дэлхийн эдийн засаг сүүлийн хоёр жил савлагаатай өнгөрөв. Зөвхөн АНУ-ын банкны салбар бус дэлхийн олон оронд арилжааны банк, аж ахуйн нэгжүүдэд хямралд орж, эхнээсээ хаалгаа барьж, дампуурлаа зарласан. Түүнчлэн БНХАУ-ын Ардын банкнаас бодлогын хүүгээ бууруулсантай холбоотой үл хөдлөх салбарын уналт Азийн бүсийн эдийн засагт хүнд цохилт болж байв. Тэгвэл энэ жил дэлхий даяарх банкны салбарыг хямралд оруулаад байсан Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ ойрын ирээдүйд бууруулах тухай мэдээлэл хийсэнтэй холбоотойгоор банк, үл хөдлөх хөрөнгийн салбар эргэн сэргэж, түүхий эдийн эрэлт, нийлүүлэлт сайн байгаатай холбоотойгоор дэлхийн эдийн засаг өсөлт үзүүлж байна.

-АЗИЙН ЭДИЙН ЗАСАГ ОЙРЫН ИРЭЭДҮЙД ДЭЛХИЙН ХАМГИЙН ГОЛ ЭДИЙН ЗАСАГ БОЛНО ГЭВ-

                         Азийн бүсийн 2023 оны эдийн засгийн өсөлтийг Азийн хөгжлийн банкнаас 4.7 хувь гэж тооцож байсан. Харин чипний худалдаа, борлуулалтыг хязгаарласан хориг арга хэмжээ тавигдаж, бүсийн хэмжээнд түүхий эдийн эрэлт, нийлүүлэлт эргэн сэргэснээр өнгөрсөн жил хөрөнгө оруулалтын банк, сангуудын төсөөллийг давж, Азийн бүсийн эдийн засгийн өсөлт 4.9 хувьтай гарсан байдаг. Тэгвэл Зүүн өмнөд Азийн орнууд хамтарсан санхүүжилтээ нэмэгдүүлж эхэлсэнтэй холбоотойгоор өнгөрсөн жил олон улсын таамгийг давсан өсөлт үзүүлсэн Азийн эдийн засаг энэ жил ч дахин өсөж, дэлхийн эдийн засгийн хамгийн том нөлөөлөгч байх гэнэ.

                         Тухайлбал, Азийн эдийн засгийн төлөв байдал, интеграцийн үйл явцын 2024 оны шинэ тайланд Азийн бүсийн эдийн засаг энэ онд 4.5 болон түүнээс дээш хувиар өсөлт үзүүлэх тухай дурджээ. Мөн бүсийн худалдан авах чадварын паритет өнгөрсөн онтой харьцуулахад 0.5 пунктээр өсөж, энэ онд Азийн эдийн засгийн нийт хэмжээ дэлхийн ДНБ-ий 59 хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа гэнэ. Өөрөөр, Ази дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болох бөгөөд дэлхийд тэргүүлэгч эдийн засгуудыг БНХАУ тэргүүлсэн хэвээрээ байна. Хэдий БНХАУ-ын томоохон арилжааны банкууд чанаргүй зээлд баригдаж, улс дахь чанаргүй зээлийн хэмжээ нь дээд хэмжээндээ хүрээд байгаа ч эсрэгээрээ Ардын банкных нь цэвэр ашиг өнгөрсөн оныхоос 3.9 хувиар өсөж, 269 тэрбум юань буюу 37.3 тэрбум ам.доллар болсон тухай мэдээлэл бий. Мөн дэлхийн гурав дахь том эдийн засагтай орныхоо байрнаас бууж дөрөвдүгээр байр руу унасан Япон энэ оны эхнээс инфляцийн түвшнээ бууруулах бодлого баримталж, I улиралд 2.9 хувь болгож сааруулаад байгаа бөгөөд өнгөрсөн жил 7.2 хувийн эдийн засгийн огцом өсөлт үзүүлсэн Энэтхэг ч бүсийн хэмжээнд томоохон байр суурьтай байгаа юм байна.

-АМЕРИК ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨ ХАДГАЛЖ, ЕВРОПЫН ГОЛ ТОГЛОГЧДЫГ ГҮЙЦЭВ-

Түүхий эдийн эрэлт, нийлүүлэлттэй холбоотойгоор өнгөрсөн онд чамгүй өсөлт үзүүлээд байсан Европын бүсийн эдийн засаг энэ онд сайнгүй байх нь. Тухайлбал, дэлхийн томоохон банк, санхүүгийн байгууллагуудын гаргасан судалгаагаар Европын гол эдийн засгууд тогтвортой байж чадахгүй байгаа бөгөөд оны эцэс гэхэд ДНБ-ийхээ тодорхой хувийн эрсдэл хүлээж болзошгүй байгаа аж. 2024 оны эхний улиралд Европын хамгийн том эдийн засгуудын нэг Их Британийн эдийн засаг 0.3 хувиар буурч, ДНБ нь өнгөрсөн оны IV улирлаас буурсан үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчинд анхаарлаа хандуулж байгаа Францын эдийн засаг ердөө 0.9 хувиар өссөн бол Германы ДНБ-ий хэмжээ 0.3 хувиар буурсан байна.

                         Олон улсын эдийн засагч, шинжээч, судлаачид Европын бүсийн эдийн засгийн тогтворгүй байдлыг ОХУ, Украины дайнтай холбон тайлбарлаж буй. Тодруулбал, Украин дахь дайн даамжирч, хоёр жил гаруй хугацаанд үргэлжилж байгаа энэ үед Европын хэмжээнд нийлүүлэлт буурснаас шалтгаалан Европт байгалийн хийн үнэ тав дахин өсөөд байгаа. Түүнчлэн Европоос нийлүүлдэг шингэрүүлсэн байгалийн хийн экспорт дэлхийн орнуудын ОХУ-д тавьсан хориг арга хэмжээний улмаас хязгаарлагдаад байгаа бөгөөд өнгөрсөн жил шинэ гарц гэж яригдаж байгаа өргөжүүлэх зам ч хоригт ороод байгаа юм байна.

Харин нөгөө талд Америкийн эдийн засаг өнгөрсөн жилд үзүүлсэн сүүлийн зургаан сар үргэлжилсэн эдийн засгийн өсөлтөө хадгалж, энэ онд инфляцийн түвшнээ дахин бууруулж байр сууриа хадгалах төлөвтэй байна. АНУ цар тахал гарснаас хойш буюу 2022, 2023 онд LNG төрлийн газрын тосны нийлүүлэлтээрээ Катарыг гүйцэж, дэлхийн хамгийн том экспортлогч орон болсон. Мөн 2024 оны эхний сард 353 мянга, хоёрдугаар сард 251 мянган ажлын байр шинээр бий болгоод байгаа бөгөөд ажлын хүчний хомстлоо нөхсөнөөр инфляцаа тогтвортой барьж цаашлаад бууруулах шинэ алхам болж буйг “The Telegraph” сэтгүүлийн шинжээчид онцолжээ. Түүнчлэн Америкийн эдийн засгийн өсөлтөөс үл хамааран өсөлт үзүүлж буй салбарын жагсаалтад эрчим хүчний экспорт, бизнесийн хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө, өндөр технологийн салбар багтаж байгаа юм байна.

 https://ergelt.mn/news/87/single/43205


URL: