Н.Ганибал малчдад зулгуйдав

ganibal-1-810x500Дөрвөн жил таг чиг байснаас гэнэт сонгуулийн сургаар зарим улстөрчид малчдад хайр зарлаад эхэлжээ. Тэдний нэг бол АН-ын бүлгийн гишүүн Н.Ганибал. Зуд болохоор нохой зоолдог бол энэ жилийн зуднаар улстөрчид илүү “зоолж” байгаа нь энэ мэтээр илэрч буй юм.

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2024.04.03/ Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Ганибал уг төслийг “гөлгөр, ямар ч асуудал шийдэхгүй, PR-ын шинжтэй” гэж шүүмжлэв. Энэ тухай тэрбээр “Малчид 20, 20-иороо хөдөлмөрөө хорших нь битгий хэл хот айлаараа амьдарч чадахгүй болчихоод байна. Ах дүү нар мууддаг болсон. Бодит амьдрал дээр ийм байгаа юмыг хүчээр 20, 20-иор нь хоршино гэх. Түүхий эдийн үнийг өсгөнө гэж бүх намууд 2020 оны УИХ-ын сонгуулиар амлалт өгсөн. Хэрэгжсэн нь хаа байна.

2024 оны долдугаар сарын 1-нээс зөвхөн угаагаад самнасан ноолуур экспортолно гэсэн. Энэ жил ямааны арьс 40-50 мянгаас илүү гарахгүй байна. Ирэх жил хэд рүү унахыг хэлж мэдэхгүй нь. Нэг кг ноолууртай эр ямааны арьс 50 мянган төгрөг гэдэг чинь ямар зах зээл юм бэ. Эр ямааны арьс 160 мянган төгрөгт хүрэх ёстой.

Хориглосон учраас малын түүхий эдийн үнэ үнэ доошоо орсон. Малчдад таарсан урт хугацааны бодлогыг хуульчилж өгмөөр байна. Тэгвэл үйлдвэр хөгжинө, малчид тогтвортой бүтээгдэхүүний үнэтэй болно. Нэг нөхөр гарч ирэнгүүтээ нэг шийдвэр гаргаад бүх юмных нь үнийг тасдаад хаяихдаг, түүнийгээ буцаагаад сэргээж чаддаггүй. Ийм л 30 жилийг өнгөрөөсөн. Яагаад мал өсөөд байгаа юм, мал нь үнэ цэнэгүй байгаа учраас өөрийнхөө амьжиргаанд хүргэх гээд тэмцээд байгаа юм. Монголчууд бид орлогоо нэмэгдүүлэхийн төлөө өнөөдрийн нийгмийг бүтээсэн. Гэтэл та бүхэн байгуулсан нийгмийнхээ эсрэг хуулийн төсөл өргөн барьчихсан хэлэлцээд сууж байна” гэж шүүмжлэв.

Малын түүхий эдийн үнэ бага байгаа нь үнэн ч эр ямааны арьс нэг ширхэг нь 160 мянган төгрөгийн үнэ хүрэх ёстой гэх яриа бол тухайн улстөрч хэр поп вэ гэдгийг л харуулж буйн нэг жишээ. УИХ-ын сонгууль дөхсөн ч гэлээ асуудалд бодитой хандахгүй бол юу дуртайгаа амны зоргоор бурсаар байвал сонгогчдын дургүйг л хүргэх байх шүү, Н.Ганибал гишүүн ээ.

Г.ХОРОЛ

https://news.mn/r/2712574/


URL: