Катар руу гаргах гэж байсан 20 шонхорт МХЕГ-аас хууль бус гэрчилгээ олгосон байжээ
Арабын зарим оронд 240 идлэг шонхор гаргахаар Засгийн газраас өнгөрсөн онд шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар 153 шонхрыг хил давуулаад байгаа аж. Байгаль орчны сайд асан У.Барсболдын үеэс эхлэн арабуудад Монголын шонхрыг олон тоогоор, сорчилж зөөлгөсний уршгаар тэдний эрэлт хэрэгцээг хангах шувуу ховордсоноос тогтоосон хугацаанд гаргаж амжаагүй гэнэ.
2011 оны аравдугаар сарын 19-нд Катарын армийн хошууч генерал Хамад Бин Али Аль Атияагийн албатууд бүтэн хоёр сар гаруй хөөцөлдөж байж шилж сонгон барьсан 20 шонхрыг ТЕГ-ынхан саатуулж, шонхор авахаар ирсэн тусгай рейсийн онгоцыг нь хоосон буцаасан. Катар руу гаргах гэж байсан 20 шонхорт МХЕГ-аас хууль бус гэрчилгээ олгосон байжээ.
Ингэснээр Монголын Засгийн газар 636.0 мянган ам.долларын өрөнд уналаа. Катарын генерал 1.5 тэрбум төгрөгөөр шатлаа, үүний гол буруутан нь ТЕГ гэх мэтээр хэвлэлээр шуугиж байсан билээ. Энэ дуулианы мөрөөр эргэн сурвалжилж, зарим зүйлийг тодрууллаа. Идлэг шонхор шувууг улсын хилээр гаргахад БОАЖЯ-наас экспортын үндсэн зөвшөөрөл болох CITES (Олон улсын худалдааны) гэрчилгээ авч, МХЕГ-аас мал эмнэлэг, эрүүл мэндийн гэрчилгээ олгосны үндсэн дээр гаалийн бүрдүүлэлт хийх журамтай аж. Буянт-Ухаагаар гаргах гэж байсан 20 шонхорт дээрх гэрчилгээг олгосон байсан учир Хилийн мэргэжлийн хяналтын алба, Гаалийн газрынхан бүрдүүлэлт хийж, хилээр нэвтрүүлэхэд бэлэн болоод байхад нь ТЕГ-ын ажилтнууд МХЕГ-аас олгосон гэрчилгээг нарийвчлан шалгаж хууль бус болохыг нь илрүүлэн уг 20 шувууг саатуулсан байна.
Учир нь МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн олгосон гэрчилгээ (хэлтсийн дарга Э.Мөнхөөгийн гарын үсэгтэй) хууль бус байжээ. Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолоор батласан “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспорт, импортын гэрчилгээ олгох журам”-д зааснаар МХЕГ-аас олгодог гэрчилгээ нь Үнэт цаас үйлдвэрлэх, хэвлэх тусгай эрх бүхий хэвлэх үйлдвэрт хэвлэсэн, нэгдсэн индекс, дугаар, нууцлалтай байх ёстой аж. Гэтэл дээрх 20 шонхорт олгосон гэрчилгээнд байвал зохих индекс, дугаарын зарим нь байхгүй, хэвлэх үйлдвэрээр хэвлээгүй, өнгөт каноноор хувилсан, эсвэл скайнерээр хэвлэж гаргасан, нэг ёсны жинхэнэ гэрчилгээ биш байсан нь тогтоогджээ.
Олон улсын хэмжээнд амьтан, ургамлыг халдварт өвчний шинж тэмдэггүй, нян тээгээгүй байх нь экспортын үндсэн шаардлага байдаг. Энэ шаардлагын үүднээс Мал эмнэлэг, эрүүл мэндийн гэрчилгээ олгохдоо лабораторийн шинжилгээний ямар ч дүгнэлтгүй, өөрөөр хэлбэл, эрүүл өвчтэй нь тодорхойгүй 20 шонхорт МХЕГ-аас холбогдох хууль журмыг зөрчин албан ёсны бус гэрчилгээ олгосон нь ихээхэн сэжиг төрүүлсэн байна. Энэхүү ажиллагаанд БОАЖЯ-ныхан ч туйлын хариуцлагагүй хандаж мөн л лабораторийн шинжилгээний дүгнэлтгүйгээр CITES-ийн экспортын гэрчилгээ олгосон байх юм.
Уг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А-205 дугаар тушаалаар батласан “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр идлэг шонхор барих, тээвэрлэх, арчилж маллах, экспортод гаргах үйл ажиллагаанд мөрдөх журам”-ын 8.11-д “Идлэг шонхрыг хилээр гаргахаас долоогоос доошгүй хоногийн өмнө Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораториор шинжилгээ хийлгэн, шувууны эрүүл мэндийн талаар дүгнэлт гаргуулсан байна”, 8.12-т “Гэрээний дагуу барьсан идлэг шонхор шувуунд Мал эмнэлэг, эрүүл мэндийн гэрчилгээ олгосны дараа CITES-ийн гэрчилгээг өгнө” гэж заасныг тус яамны эрх мэдэлтнүүд зөрчиж лабораторийн шинжилгээний дүгнэлт гараагүй (шинжилгээ хийлгээгүй), МХЕГ- аас мал эмнэлэг, эрүүл мэндийн гэрчилгээг олгоогүй байхад CITES-ийн экспортын гэрчилгээг өгсөн нь хачирхалтай. Ийнхүү БОАЖЯ-ныхан холбогдох бичиг баримтыг бүрдүүлээгүй байхад сайдынхаа баталсан журмын дээр дурдсан хоёр заалтыг зөрчин CITES-ийн экспортын гэрчилгээ олгосон нь нэгийг хэлээд байна бус уу…
Мөн дээрх журамд экспортод гаргах шонхрын хүйсийн харьцаа 1:1 байна гэж заасан байхад яамныхан 20 шонхрын хүйсийн харьцааг нь ч хайхралгүйгээр CITES-ийн гэрчилгээгээ олгосон байх юм. МХЕГ, БОАЖЯ-ны мэргэжилтнүүдийн буруутай үйл ажиллагааны улмаас 20 идлэг шонхрын хүйсийн харьцааг мэргэжлийн шувуу судлаачаар тодорхойлуулахад 18:2 буюу 18 нь эм, хоёр нь л эр байжээ. Нөгөө талаар Ан агнуурын хуулиар аливаа амьтны үр төлийг агнах, барих, устгахыг хориглосон байдаг ч хуулийн энэ заалтыг Катарын шувууны ангуучид зөрчиж, 2011 оны төл болох ангаахайнууд барьсан байжээ. Монголчууд аливаа ан амьтны үр төлийг агнаж, барьж ашиглахыг цээрлэдэг уламжлалтай. Гэтэл арабууд ойндоо ч хүрээгүй, дөнгөж үүрнээсээ нисч, бие даан амьдарч, хоол тэжээлээ олж ядаж буй эм ангаахайнуудыг сорчлон барих сонирхолтой байдаг нь тэдний гэм биш зан аж.
Энэ нь аливаа ан амьтныг аль болохоор нялх багад нь барьж сургах нь илүү үр дүнтэй байдагтай ч холбоотой байж болох юм. Хэрэв Катарын тал БОАЖЯ-нд төлсөн 20 шонхрын төлбөр, хураамж (235.2 мянган ам.доллар), тэдгээрийг барих, арчилж тэжээх, тээвэрлэхэд гарсан бусад зардал, Катараас Улаанбаатарт шонхор авахаар ирээд хоосон буцсан онгоцны хөлс зэргийг нэхэмжлэх юм бол хариуцагч нь БОАЖЯ, МХЕГ болох нь нэгэнт тодорхой болсон байна. Энэхүү 20 шонхортой холбогдох асуудлыг хууль хяналтын холбогдох байгууллагынхан шалгаж байгаа аж.
2010 оны аравдугаар сарын 13-нд Катарын генералын онгоцоор арабуудын олон жил тэжээсэн, тэдэнд гологдсон, Арабын цөлийн байгаль, цаг уурт дасаж зохицсон, зэрлэг шинж төрхөө нэгэнт алдсан, хэзээ хаанаас барьж, Катарт аваачсан нь тодорхойгүй, хэнд ч хэрэггүй болсон шонхор гэж хэлэхэд хэцүүхэн 25 өрөвгөр амьтныг Монголд нутагшуулна гэж авчирсан ч гурав хонолгүй нүд аньсан байна.
Мал, амьтан, ургамлын гаралтай багахан хэмжээний түүхий эд, бүтээгдэхүүнийг хөрш оронд гаргах гэсэн нутаг нэгтнүүддээ томорч, гарыг нь харж, хэрэгтэй хэрэггүй элдэв бичиг баримт шаарддаг Хилийн мэргэжлийн хяналтын газар, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын зарим ажилтан Монголын шонхрыг жил бүр хувийнхаа онгоцоор шууд Араб руугаа зөөдөг баян шейхүүдийн төлөөний хүмүүсийг харахаадаа хайлсан тугалга шиг бөмбөрч, хүсэлтийг нь нь тэр дор нь ягштал биелүүлж, төрийн жинхэнэ “экспресс” үйлчилгээ үзүүлсээр удаж байгааг хууль хяналтын холбогдох байгууллагууд анхааралдаа авах цаг болжээ.
Д.ТАВИЛАН
mongolnews
URL:













