УИХ-ын гишүүн Л.Гүндалай: Ц.Нямдорж “MCS”-ийн байрыг түрээслэдэг нь “Но”-той байхгүй юү

УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай ярилцлаа.

-УИХ-ын гишүүн Х.Баттулгын ЗТБХБ-ын сайд байхдаа хийсэн хууль бус нууц гэрээ гэж яригдаад байна. Энэ талаар ямар бодолтой байгаа бол.

-Тийм нууц гэрээ гэж байдаггүй юм байна. Сая бүлгийн хүрал дээр Х.Батулга өөрөө хэлж байна. Тэр нууц гэрээ гээд байгаа зүйл нь “Монголын төмөр зам” гэдэг төрийн өмчит компани Солонгосын төмөр замын компанитай харилцан ойлголцлын “MOU” гэсэн бичиг дээр ЗТБХБ-ын сайд байхдаа гарын үсэг зурчихсан юм байна. Өөрөөр хэлбэл энэ бол гэрээ биш юм. Гэрээ хийхээс өмнө ямар ч санамж бичигт гарын үсэг зурж болдог шүү дээ. Тухайн үед төмөр замын компанийн дарга байсан Батзаяа гэдэг хүн гэрээнд гарын үсэг зурсан байна лээ. Тэгээд тэрхүү гэрээтэй Х.Баттулга танилцаж гарын үсэг зурсан. Тэгэхээр энэ бол нууц гэрээ биш. Аливаа нэг компани ямар нэгэн компанитай гэрээ хэлэлцээр хийхээсээ өмнө ийм санамж бичиг дээр гарын үсэг зурдаг гэдгийг мэднэ. Энэ нь хоёр талын мэдээ, мэдээллийг өгч байгаа хэрэг. Түүнээс биш нууцлаад байдаг гэрээ биш гэдгийг хэлмээр байна. Мөн гэрээг бусдад үзүүлж болохгүй гээд байна лээ. Би өөрөө бизнесийн салбарт олон жил ажилласан хүн учраас үүнийг сайн мэднэ. Компани хоорондын хийсэн гэрээг гуравдагч этгээдэд үзүүлэх боломжгүй гэсэн утгатай зүйл. Яагаад гэхээр гэрээг хийхийн тулд тухайн компани өөрийнхөө компаний дотоод үйл ажиллагаа болон хийх гэж байгаа ажлаа танилцуулсан байдаг. Мэдээж зах зээл дээр байгаа олон өрсөлдөгч компаниудад мэдэгдэхгүйн тулд гэрээнд заавал тийм гуравдагч этгээдэд үзүүлж болохгүй гэсэн заалт ордог байхгүй юу.

-Засгийн газраас нууцаар гэрээ хийгээгүй гэдэгт итгэлтэй байна уу?

-Х.Баттулга яасан ч том гэрээг нууцаар хийх боломжгүй. Аль ч орны том компани Монгол Улсад төмөр зам тавина гэдэг бол их чухал асуудал. Засгийн газар гэрээг хийх учиртай. Засгийн газар нь Ерөнхий сайдтай гэрээг хийнэ. Сайд нь баталсан гэрээ хийнэ үү гэхээс аль нэг яамны сайд нь дураараа хийчихдэг тийм хэмжээний гэрээ биш шүү дээ.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг хууль бус нууц гэрээ хийсэн гэж мэдэгдэл хийсэн шүү дээ?

Ц.Нямдоржийн хувьд бодит байдлыг илэрхий гуйвуулж ярьж байна лээ. Яг гуйвуулаад байгааг нь хэлье л дээ. Нэгдүгээрт тэр хүн “MCS”-ийн байранд амьдарч байгаа. Тэндээ түрээс төлж амьдардаг гээд байгаа. Түрээс нь их өндөр ш дээ. Миний амьдарч байгаа байр тэр байрыг бодвол хямдхан. Манай байрны сарын түрээс нь доод тал нь дөрвөн сая төгрөг байдаг гэсэн. Тэгэхээр тэрний хөлсөлж байгаа байр дөрвөн саяаас илүү өртөгтэй гэхээс хямдхан биш. “MCS” группээс байр түрээслэж амьдарч байгаа нь их “но”-той асуудал байхгүй юу. “MCS” байраа түрээслүүлж бүх зүйлийг аргандаа оруулж байгаа. Ц.Нямдорж тэр арганд нь орчихсон л явж байгаа. Түрээслэж байгаа гэдэг нь худлаа зүйл худалдаж авсан. Тэгээд л худлаа яриад 200, 300 мянгаар түрээслэдэг ч гэх шиг хэн ч үнэмшмээргүй. Одоо доод талын түрээсийн байр ямар үнэтэй байна. Зүйд нийцэхгүй улаан цайм худлаа ярьж болохгүй. Түрээсийн байрны ханш нь доод тал нь дөрвөн сая төгрөг байгаа. Би үнэн юм л хэлдэг. Хоёрдугаарт Ц.Нямдорж долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой цагдаа нарыг яллахад хэрэглэсэн хуулийн заалтыг УИХ хүчингүй болгоод өөрчилсөн гэж ярьсан. Тэр талаар Улсын Ерөнхий прокуор Д.Дорлигжав мэдээлэл хийсэн. Ц.Нямдорж өөрөө тэр талаар буцаан тэр хуулиа оруулж батлуулсан. Тухайн үеийн УИХ-ын бүх бичлэг байгаа. Өөрөө энэ хууль алга болчих вий гэж гүйж явсаи байна лээ. Хуулийн энэ заалт байх ёстой шүү. Тэгэхгүй бол хүмүүс энэ хэргээс мултрах гээд байна гээд явж байсан. Тэгэхээр Ц.Нямдорж худлаа яриад байгаа юм. Бүх хэвлэл мэдээллийг ашиглаад баахан сенсаци тараагаад. Аливаа зүйлийг зориуд мушгиж гуйвуулдаг. Х.Баттулга хууль бус нууц гэрээ хийчихсэн ч гэх шиг. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд ийм хачин зүйл ярьж баймааргүй юм. Бүхэл бүтэн таван хүний амь эрсдсэн байхад энэ бүхний үнэн зөвийг олох л үүрэгтэй. Хүний амь настай холбоотой асуудал үүсээд байхад хэргийн буруутныг олж шүүх хэрэгтэй. Хариуцлага хүлээлгэх ёстой. Гэтэл энэ хүмүүс өршөөлд хамрагдах ёстой гэж ярьж ерөөсөө болохгүй. Санаатай хүн буудсан байхад өршөөл үзүүлнэ гэдэг бол яаж ч бодсон байж боломгүй зүйл. Хуулиа мэдэхгүй дээ тэгээд байдаг юм уу ойлгохгүй байна. Санамсаргүй байсан бол бас яая гэхсэн. Гэтэл зориудаар санаатай хүн буудчихаад байхад эзэн биегүй хэн буудсан нь тогтоогдоогүй, эзэнгүй хэрэг гээд бүхэл бүтэн дөрвөн жил аргацааж өнгөрөөсөн. Одоо бүр түүнийгээ дуусгах гээд улайрчихсан ийм Хууль зүйн сайд гэж байж болохгүй. Шудрага ёс гэж хаана байгаа юм. Буудуулсан иргэдийн ар гэрийнхэн нь шар махтайгаа хатаж л суугаа ш дээ. Тэд нарт 50 сая төгрөг өгсөн гээд амыг нь таглачихлаа. Хүний амь насыг 50 сая төгрөгөөр үнэлж болдог юм уу. Мөн үүнийг далимдуулаад өөрийнхөө “Тусгаар тогтнолын ордон”-ыг барихдаа улсын төсвөөс 9 тэрбум төгрөгийг завшсан ш дээ. Тэр үед ганц үнэнийг хэлсэн хүн би байсан. Бусад нь таг дуугүй сонсож суусан. Үнэнийг хэлснээрээ сүүлд нь би л ад болдог байхгүй юу.

-Тэр санамж бичгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хаанаас авсан юм бол?

-Тэр гэрээний хуулбарыг л авсан юм байна лээ. Тэрийгээ ард түмэнд үзүүлэхгүй нууцын зэрэглэлтэй гэж худлаа яриад. Нууцын зэрэглэл гэдэг зүйл чинь хуулиараа зохицуулагддаг. Харилцан ойлголцлын санамж бичгийг нууцын зэрэглэлтэй хийдэггүй . Би Эрүүл мэндийн сайд байхдаа нууцын зэрэглэлтэй гэрээ гэж мэддэггүй байсан. Хийж ч чадахгүй шүү дээ. Сайд хүнд нууцын зэрэглэлтэй гэрээ хийх эрх мэдэл ч байхгүй. Нууц гэдэг тамга ч байхгүй. Олон гэрээ хэлэлцээр орж ирдэг тэр дундаас тэр нь нууц, энэ нь нууц биш гэж заасан гэрээ байдаггүй л байсан. Харин УИХ-д нууц гэсэн тамга байдаг. Гуравдагч хүнд үзүүлж болохгүй гээд байгаа нь тухайн компани патенттай л алдахгүй гэсэн үүднээс хийдэг. Манайхан тийм том гэрээ хийж үзээгүй болохоор мэдэхгүй л дээ.

-УИХ-ын гишүүн Х.Баттулга АТГ-т Ерөнхий сайдын фракцынхыг өгсөн байгаа.

-Х.Баттулга зөв зүйл хийсэн. Тавантолгой чинь стратегийн орд газар шүү дээ. УИХ-ын тогтоол гараад тэр тогтоолд юу гэж заасан гэхээр Тавантолгой, Дайцуки, Ухаа худаг буюу Энержи ресурс энэ бүгд нийлээд стратегийн орд газар мөн гэсэн УИХ-ын тогтоол байдаг. УИХ-ын дагуу стратегийн орд газрын 51 хувийг төр эзэмших ёстой. Гэтэл эдгээр орд газруудын 51 хувийг яагаад төр эзэмшихгүй байгаа юм бэ. Үүнийг юу гэж ойлгох уу. УИХ-ынхаа тогтоолын биелүүлэхгүй яваад байна гэдэг чинь зүйд нийцэхгүй асуудал. Тогтоолоо зөрчөөд байгаа нь хуйвалдаан гэж үзэхээс аргагүй. Өөрсдөө дур мэдээд 20 хувийг нь зарчихсан. 700 сая ам.доллараар. Зарсныг нь манай Засгийн газар болон холбогдох байгуулагууд нь хараад инээд нь хүрч байгаа. Тавантолгой болон бусад орд газруудын томчууд нь МАН-ыхан. Улсын төсвөөс нөөцийг нь тогтоосон орд газар шүү дээ. Монгол Улсаа хөгжүүлнэ гэсэн мөртлөө Ерөнхий сайд нь өг гээд хураагаад авчихаж чадахгүй л байгаа биз дээ. Өнөөдөр байдал ийм л байна. Хөвсгөл аймагт “MCS”-ийн Энх-Амгалан гэдэг нөхөр бүх хуулийг зөрчөөд бэлэн мөнгө тараагаад яваад байгаа сурагтай. Тавантолгойгоос авсан мөнгөөрөө сонгууль хийгээд л явж байгаа ш дээ.

-Санамж бичигт хэзээ гарын үсэг зурсан юм бэ?

-Энэ харилцан ойлголцлын гэрээг нэлээн хэдэн сарын өмнө хийсэн байх. Зүгээр харилцан ойлголцын гэрээг л нууц гэрээ болгоод байх юм. Би ч гэсэн сайд байхдаа харилцан ойлголцлын гэрээ хийж л байсан. “Сонгдо” эмнэлэг байгаа ш дээ. Хуучин тэр барилгыг Монгол хүн барьчихсан байсан. Эмнэлэг хийх гэснээ тухайн үед маргаан гараад чадаагүй юм байх. Тэр үед одоогийн “Сонгдо” эмнэлгийн захирал солонгос иргэн надтай уулзаад би энд эмнэлэг хиймээр байна. Танайд хууль эрхзүйн орчин нь ямар байдаг юм. Монгол Улсад хөрөнгө оруулалт хиймээр байна гэсэн. Тэрээр Солонгостоо зургаан хувийн эмнэлэгтэй. Би тэнд байдаг зургаан эмнэлэгтэй нь очиж танилцаад харилцан ойлголцлын гэрээнд гарын үсэг зурж байсан. Гэрээ нь ямар утгатай байсан гэхээр манай оронд хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрч байна л гэсэн утгатай. Тэрнээс би газар өгнө та барь гэсэн зүйл байгаагүй.

Э.Оюунцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.