Шинийн нэгний наранд Тавантолгойгоо авч үлдэх хүслээ шивнээрэй, Монголчууд аа!

Сар шинэдээ сайхан шинэлэх гэж байна уу, Монголчууд аа. Та биднийг цагаан сарын ууц таллан, найрлаж суух араар Засгийн газар Монголын коксжих нүүрсний бүх ордыг эзэмшилдээ авчихсан Австрали ноёдтой ашгаа хуваахаар зэхэж байна. Монголын 2.7 сая хүн амыг 300-400 жил тэжээх нөөцтэй Тавантолгойг өнөөдөр улсын төсөвт дутагдаж буй 400-хан сая ам.доллараар арилжихаар
яарч байгаа юм тэд.

Тиймээс Тавантолгойгоо Австрали толгой болгочихгүйн тулд шинийн нэгний нарнаас гуйж залбирах юм бидэнд байна. Тавантолгойг хэд хэд хуваах, ингэхдээ 30 хувийг гадаадын компанид, арван хувийг иргэдэд, арван хувийг аж ахуй нэгжүүдэд ашиглуулахаар Засгийн газар төсөл оруулж ирсэн. Үүнийгээ том ордыг ашиглахад хөрөнгө, мөнгө байхгүй. Заавал гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтрахаас аргагүй хэмээн тайлбарлаж байгаа. Энэ зорилгынхоо үүднээс Тавантолгойг хэдэн хэсэгт хувааж, хэсэг тус бүрийг гадаадын аль нэг консорциумд хариуцуулахаар ярьж байгаа юм.

Монголын геологичид, уул уурхайн мэргэжлийн инженер, аж ахуй нэгжүүд Тавантолгойн үнэ цэнэ том орд гэдэгтээ байгааг онцолдог. Бүтэл хазгай, бүгдэд хүртэхгүй зүйлийг Монголчууд “Аманд ч үгүй, хамарт ч үгүй” гэлцдэг. Өнөөдөр улс төрийн ашиг хонжоо харж буй цөөн хэдэн хүн Тавантолгойг талын нэг тараачихаад дундаас нь сонгуулийн амлалтаа нөхөх, эргээд 2012 онд нэр дэвших зардлаа олох гэж байгаа нь хэнд ч ойлгомжтой байгаа. 2.7 сая иргэндээ сар бүр олгох 21 мянган төгрөгт Засгийн газар 804 тэрбум төгрөг гаргах болсон.

Энэ мөнгөний тал нь бий. Үлдсэнийг Тавантолгойгоос олох юм гэсэн. Иргэн бүрт, айл болгонд очих энэ мөнгө түрүүн өгүүлсэнчлэн “Аманд ч үгүй, хамарт ч үгүй “. Улс орныхоо хөгжлийн төлөө 21 мянган төгрөгийг алган дээрээ авахаас татгалзаж чадвал 804 тэрбум төгрөгөөр Оюутолгой, Тавантолгойн дайны орд газар хэдийг ч эдийн засгийн эргэлтэд оруулж болно. Хөгжлийн ийм гарцыг Засгийн газар олж харахгүй байна гэвэл эндүүрэл болох биз. Харин олж харахыг зориуд хүсэхгүй байгаад л учир байна. 2012 оны сонгууль ойртож, амлалтаа нөхөх, намууд нэр дэвшигчдээ гаргаж ирэх зардлаа олох асуудал л юуны түрүүнд тавигдаад байна.

Нэг үгээр хэлбэл, ард түмнээ, улс орноо гэх сэтгэл алга. Тэгвэл ард түмэн улс орноо хөгжүүлэхийн төлөө нэгдэж яагаад болохгүй гэж. Шинийн нэгэнд гэр бүл, айл хот, ахан дүүсээрээ учран золгож, өнгөрсөн жилийн ажил үйлсээ цэгнэн, ирэх жилийнхээ өнгийг хэлөлцэхдээ Тавантолгойнхоо хувь заяаг дэнслээд үз л дээ. 21 мянган төгрөгийг юунд зарцуулах вэ. 804 тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ гээд харьцуулахад аль нь таны сонголт байх нь вэ.

“Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр” гэлцдэг нь оргүй биш байгаа биз. Дайны дараа өлсгөлөнгийн хүнд жилүүдэд Солонгосын ард түмний дунд эхнэр, хүүхнүүд алтан бөгж, ээмгээ улсдаа хандивлаж байгаад их бүтээн босголтыг эхлүүлсэн бол хөгжил ирэхэд хүн болгон тэр хэрээр хувь хүртэж, аж амьдралаа дээшлүүлсэн түүхтэй. Алтан дээр сандайлсан Монголчуудын өмнө аз болоход тийм хүнд цаг ирээгүй ч хөгжлийн гарцын хувьд ижил төстэй нөхцөл байдал тулгараад байна.

Үүний зэрэгцээ ард түмнийг ингэж бодож, сэтгэх вий хэмээн болгоомжилсон, тархийг нь угаасан нөхцөл байдлыг Тавантолгой компани, Австралийн хөрөнгө оруулагчдын зүгээс гаргаж байна гэсэн хардлага бий. Тухайлбал, өнөөдөр Тавантолгойн хувьцааны ханш өсч 875 мянган төгрөг боллоо. Монголчууд удахгүй баяжна гэсэн мэдээллийг баруун, солгойгүй цацаж байгаа. Энэ баярламаар мэдээлэл гэж үү.

Тавантолгойд монгол хүн, Монголын аж ахуй нэгжүүдийг оролцуулахгүй. Тэгсэн мөртлөө “Та нар зүгээр сууж байгаад хувь ав” гэж байгааг юу гэж ойлгох вэ. Яагаад Монголын иргэн, аж ахуйн нэгж оролцож болохгүй. Аж ахуйн нэгжүүд нь нийлж хөрөнгө босгоод Тавантолгойг дангаар нь эзэмших бололцоогүй. Тэгсэн мөртлөө гадаадын аль нэг компани консорциум байгуулан ашиглах боломжтой. Засгийн газар тэдэнд илүү боломж олгож, тал тохой татах ёстой юм бэ. Шулуухан хэлэхэд хэн нэгэн Австрали нөхөр Засгийн газарт мөнгө өгсөн, тэрийг нь авчхаад өчүүхэн хэсгээр нь ард түмнийг хуурах гэж байгаа асуудал мөн биз. Тэр Австрали Монголчууд шиг архи уухгүй, онгирч цээжээ дэлдэхгүй, нэгийгээ муу хэлэхгүй. Тиймээс хулгай баригдахгүй.

Өөр нэг асуудал бол хөрөнгө босгох асуудал. Гадаадын компани гэхээр л мөнгө нь бэлэн байдаг гэвэл эндүүрэл. Тавантолгойд гадаадын компани орж ирсэн ч, дотоодын аж ахуйн нэгж орсон ч ямар нэгэн байдлаар хөрөнгө босгож л таарна. Хөрөнгийн зах зээл эдийн засгаас шууд хамааралтай. Өсвөл дагаад өснө, буурвал буурна мөн үү. Үүнийг захын хүн мэддэг болсон, өнгөрсөн 20 жилийн хугацаанд, Монголчууд нэг үеэ бодвол боломжтой болсон. Аль ч банкны хувьд аваад гарах л асуудал. Үндсэндээ Тавантолгой дахь гадаад сонирхолд Засгийн газар “Арван лангийн ембүүнд алгаа тосдог аав”-ын үлгэрийг л давтах гэж байгаа хэрэг юм.

Ерөнхий сайд асан С.Баяр “Оюутолгойг та бүхэнд өгөхийн тулд стандарт бус шийдвэр гаргаж байна” гэснээр хөрөнгө оруулалтын гэрээг ч мөн адил стандарт бусаар баталж байсан бол өнөөдөр тэндээс ашиг олох боломжгүй болсныг олон хүн хэлж байгаа. Засгийн газар нь ч, Оюутолгойн гэрээ нь ч, гэрээ баталсан үйл явц нь ч бүгд стандарт бус. Өнөөдөр Тавантолгойг ч гэсэн стандарт бус нөхцөл байдалд, стандарт бус журмаар явуулах бүхий л тохироо бүрдсэн. Тэр чигээр нь тавиад туучих уу. Эсвэл…

Тавантолгойн ордыг хаалттай бүс болгох санаархал ард түмнийхээ эрх ашгийг огоорсон улстөрчдөд бий. Тэгвэл ард түмний эрх ашгийн төлөө үзгээ хурцалдаг сэтгүүлчдэд Тавантолгой хаалттай сэдэв биш ээ.

Ч.Үл-Олдох


URL:

Сэтгэгдэл бичих