Н.Энхбаяргүй, С.Баяргүй сонгууль

Монголд сүүлийн 12  жилд анх удаа Н.Энхбаяргүй сонгууль болох гэж байна. Дөрвөн жилийн дотор ямар их зүйл өөрчлөгдөв өө. Ерөнхийлөгч асан тэрбээр өнгөрсөн нэг сар гаруйхны хугацаанд юу эсийг үзэв. Эцэст нь эрүүл мэндийн хувьд хохироод зогсохгүй улс төрд байр сууриа дахин эзлэхээр тэсэн ядан хүлээж байсан УИХ-ын сонгуульд оролцох эрхгүй үлдлээ. Монголын улс төр түүнд хаалгаа хаасан энэ хатуу цаг мөч  Н.Энхбаярыг хүнд цохилтод оруулсан юм. Гэхдээ тэрбээр зүгээр   суухгүй нь лавтай. Түүнийгээ ч хэлсэн. Харин хуулийн талаасаа тэр чухам хэн болчихоод байгааг айсуй шүүх хурлын дүгнэлт, цаг хугацаа харуулах биз ээ.

Сонгуулийн гадна үлдсэн дараагийн сонирхолтой   фигур бол С.Баяр. Монголын төрд, тэр тусмаа МАН-ынхны хувьд заавал ашиглах ёстой улс төрийн томоохон бодлоготон Ерөнхий сайд асан С.Баяр энэ удаагийн сонгуулийг алсаас ажиглаж суухаар шийдсэн байна. Гэхдээ одоогоор УИХ-ын гишүүн хэвээрээ байгаа. Хилийн чанадад эмчлүүлж яваа түүний талаар янз  бүрийн таамаглал яриа гарсан боловч Тагнуулын ерөнхий газраас холбогдох мэдээллийг өгч цуурхлыг няцаасан.

Гүйцэтгэх засаглалын тэр­гүүнээр ажиллах нэг жил гаруйн хугацаанд улс төр, эдийн засгийн томоохон бөгөөд зоригтой шийдлүүдийг гаргаж ажилласан С.Баяр эрүүл мэн­дийн шалтгаанаар 2009 оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайдын суудлаа өөрийн хүсэлтээр зал­гамжлагчдаа шил­жүүл­сэн. Монголын улс төрийн түүхэнд энэ үйл яв­дал анхны тохиолдол байв. Улс төрийн соёлын жишгийг үзүүл­сэн гэж магтагддаг түүнийг “Ерөн­хийлөгчийн сон­гуульд нэр дэвших гэж бай­на” хүссэнээ үнэн болгон яриг­чид таамагладаг. Гэв ч С.Баяр “Би Ерөнхийлөгч бол­чихвол манай улс Тэргүүн хатагтайгүй л байх нь” хэмээн наргиантайгаар хариулсан бай­даг. Гэхдээ түүний “шалтгаан” шийдэгдэшгүй асуудал биш учраас эрүүл мэндийн байдал нь сайжирвал яагаад сонгогдож болох­гүй гэж.

Зөвхөн дээрх хоёр эрхмийн тухайд л гэхэд өнгөрсөн хугацаанд “Сант Марал”-ын судалгаанд “ТОП-10”-т тогтмол “толгой цохиж” байлаа.

Гэтэл Н.Энхбаяргүй, С.Баяргүй сон­гууль болох гэж байна. Энэ сонин биш гэж үү. Одоогоос дөрвөн жилийн өмнө Монголын хамгийн азтай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэмээн олимпын аваргуудаараа бахархан, хөтлөлцөн хашхирч зогссон тэр эрхмүүд өнөөдөр ямар байдалтай байгааг хар даа. Тэр үед хэн ч, ямар ч хүчин зүйл Н.Энхбаяр, С.Баяр нарыг их улс төрийн хаалгаар гаргаж чадахгүй, энэ талаар төсөөлөх ч аргагүй байв. Дараа нь Н.Энхбаяр С.Баяр руу “чулуу шидсэн”. Учир нь тэрбээр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа төлөө хэн нэгнийг буруутгах хэрэгтэй бай­жээ. Гэтэл С.Баяр Ерөнхий сайд, Н.Энхбаяр “хэн ч биш” болчихсон байгаа нь огтхон ч таалагдсангүй. Ин­гээд телевизийн ярилцлагуудаараа дамжуулан С.Баярыг өдөөн хатгаж эхлэв. Энэ үеэс л Н.Энхбаярын тар­хинд тусдаа нам байгуулж өөрийн вант улсыг байгуулах сэдэл төрж эхэлсэн аж. Бодлыг нь таасан мэт нам доторх нөхцөл байдал ч түүнд ашигтайгаар эргэж, МАН нэртэй болох нь тэр. Тохироо бүрдсэн тул МАХН нэрийн төлөө улайран хөөцөлдсөөр арайхийн авав. Одоо түүний намд гишүүдхэрэгтэй боллоо. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, философич С.Молор-Эрдэнэ, өөрийнх нь үнэнч фен Н.Удвал гэсхийгээд тойрон хүрээлэгчдийн цуваа “гацав”. Тэгэхээр нь “МАНАН” гэдэг нэр томьёогоор Засгийн газар, эрх баригч намынхантай тэмцэж эхэлсэн. Хэдийгээр гол “дайсан” нь С.Баяр боловч өөрийг нь бус С.Баярыг дагасан Ц.Нямдоржтой дайтахаас аргагүй байдалд хүрэв. Ингээд нэг хэсэгтээ “булайгаа дэлгэлцэж” бай­гаад зогсоход Монгол Улсын гурав­дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэдийнэ “сэжигтэн” болсон бай­лаа. Түүний нисгэсэн МАН дахь “бор шувууд” Ц.Нямдоржийг огц­руулахыг эрмэлзсэн ч амжилтад хүрсэнгүй. Харин С.Баяр эрүүл мэн­дийн шалтгаанаар эх орноосоо ч, их улс төрийн “тулаан”-аас холдов.

Үр дүнд нь хэн хохиров. Н.Энхбаяр, С.Баяр нар сонгуулийн гад­на үлдсэн. Тэгэхээр энэ хоёрыг сон­гуульд оролцохгүй байх шалтгаан зөвхөн өөрсөдтэй нь холбоотой байгаа биз. “Олигархийг олигарх л намнадаг” хэмээх шинэ үеийн афоризм ийнхүү батлагдав. Улс төр өөрөө өөрийгөө цэвэрлэж чадаж байгаа нь Монголд шинэ үе ирж явааг харуулж байна. Улс төрийн аль ч намын жагсаалт, нэр дэвшигчдийг харсан үүнийг нотолж байна. МАН-ыг С.Батболд, У.Хүрэлсүх нар тэргүүлжээ. Хэрэв Н.Энхбаяр, С.Баяр нар нэг намд хуучин байр суу­риндаа байсан бол жагсаалтын эрэмбэ ямархан байх байсан бол. Төсөөлөх аргагүй байгаа биз. Энэ бол шинэ түүх эхэлж байгаагийн илрэл. Ямартай ч энэ удаад цоо шинэ сонгууль болох нь. Цоо шинэ сонголтыг хийж, Монгол Улсын нэн шинэ түүхийг бичилцэхийн тулд сонгуульд идэвхтэйгээр оролцоц­гооё. Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг бид мэднэ.

Тоймч У.Оргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих