ДОРИ ИДЭР ЗАЛУУХАН ДҮҮДЭЭ ЗАХИХ НЬ (БААБАР БИШ) дахиж найруулсан хувилбар

2011 оны 3-р сарын 7-ны өдөр иргэн Ө.Пүрэвсүрэнгийн бичиж интернэтэд нийтлүүлснийг 2011 оны 3-р сарын 15-ны өдөр уншиж дахин найруулж сайжруулан зассан:
УТААНБААТАР хотын Сүх биш ДАНЗАН-БОДОО БААТАР дүүргийн …… дугаар хорооны иргэн фельетон-лувсан-жалцан-балдан-гомбо-дагдан-готов-жалбуу-сүрэн-магсар-жалам

Хөөрхөн дүү минь ингээд 20 насны босгыг даваад алхаад ороод ирдэг юм байж. Арван жилдээ өөрийнхөө биш боловсролын яамныхны ачаар алгасаж харайн байж хэмнэсэн ганц хоёр жилийнхээ буянаар их сургууль гэгчийг төгсөөд хөөрхөн дипломтой болоод авч. Болж дээ. Энэ чинь дээд боловсролтой, хүнд харуулах юмтай болсон гэсэн үг шүү дээ. Овоо доо. Хашир дүү үүнтэй төстэй нэртэй Баабар ахынхаа бичсэн номыг уншиж бөндгөрөө цэнэглээд авсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Тийм учраас ах нь мэдлэг, боловсрол энэ тэр гэж дахин давтаж улиглахгүй.
Үнэндээ гэхэд дүүгийн мөрөн дээр байгаа наад бөндгөрт чинь тархи байна уу, тараг байна уу гэдэг нь надад нэг их хамаагүй ээ. Зах зээлийн ороо бусгаа хэмээн зарим нэг их мэдэгч хэрнээ хоосон толгойтой сэтгүүлчдийн нэрлэсэн энэхүү зэрлэг балмад нийгэмд өөрийнхөө утсан чинээ улаан амийг аятайхан аваад явчихад чинь нэмэр тус болуужин хэмээн эдгээр мөрүүдийг бичиж билэг оюунаа чилээн унтах нойроо хасаж суугаа минь энэ. Гэхдээ дүү чамаас мөнгө нэхэхгүй ээ… энэ бол хариу нэхээгүй тус.
Миний хөөрхөн дүүгийн бөндгөр толгой дотор нэг бодол байдаг л биз дээ. Яавал богинохон хугацаанд их мөнгөтэй болох вэ? Яавал энэ хорвоог босс ах нар шигээ халгиж цалгиж туулах вэ? Яавал энэ олон болсон болоогүй гялгар сэтгүүлүүдийн хавтасны чимэг болсон богино банзалтай гоё сайхан охидтой гэрлэхгүй юм аа гэхэд ядаж унтчих вэ? – гэх мэт, гэх мэт…
Аргагүй ээ, аргагүй. Үнэн. Үүнээс илүү мөрөөдөл гэж үгүй. Зөв явсан хүний өмнө биш мөнгөтэй хүний өмнө л өвөр бүхэн нээгддэг, толгой бүхэн бөхийдөг болсон цаг.
Зиак. Тэгэхээр ах нь олныг нуршиж дүүгээ чилээлгүй шуудхан практик зөвлөмждөө одоо оръё.
Эхлээд миний дүү яаж ийж байгаад төрийн албанд ажилд орно оо хө. ГАЗРЫН АЛБА, ГААЛЬ бол мэдээж оргил нь. ОЛДОХГҮЙ БОЛ ЯДАЖ ЭРДЭНЭТ, ТӨМӨР ЗАМ, МИАТ… болон ижил төстэй бусад компанид ажилд орохыг хичээ. Альтернатив Отгоо гэдэг шиг өмнө чинь олон альтернатив бий. Нүдээ нээгээд сайн хар, чихээ сортойлго…
Хамгийн гол нь ажлаа бүтээхийн тулд чамайг царайчилдаг тийм л “ТҮШМЭЛ” местэн дээр очих хэрэгтэй шүү. Үүний төлөө өөрт байгаа хэд гурван цаасаа харамгүй зориул. Хүнээс хуссаныг нь хулгайч гэдэг, ганц худагт очсоноор ажил нь түр зогсдог. Харин төрөөс хуссаныг нь бол эрхэм төрийн түшээ, төрийн хүндэт албан хаагч /чөмгөө дундартал зүтгэгч, гараа чилтэл гарын үсэг таталгагч, хөлөө сайрттал таваргагч… энэ тэр гээд янз бүрээр л нэрлэдэг/ гэж нэрийддэг бөгөөд ийм хүний ажил үйлс нь хэзээ ч зогсон саатахгүй, хөрөнгө мөнгө нь хэзээ ч дундардаггүй үргэлж лусын хааны сангийн авдар шиг халгин цалгиж байдаг нигууртай.
ИНГЭЭД ХҮЛЭЭ. Дүүг нэг их удаан хүлээлгэлгүй үр дүн нь харагдана. Баланс нь нэмэхтэй гараад ирэх тэр цагт чи харин ахынхаа зөвлөснөөр явсандаа маш их баярлах болно.
Улс төрийг чамаар оролдохыг нь битгий хүлээ. Шууд л өөрөө эхлээд улс төрийг оролд. Өд, сээтэгнэ, гижигд, сэрэл дурыг нь хөдөлгө, умдгийг нь атга.
Монголд засгийн эрхийг ээлжлэн барьдаг хоёрхон нам л байдаг тул сонголт хийх гэж тархиа гашиглах хэрэг дүүд гарахгүй. Хүссэнээ л сонго. Алийг нь ч сонгосон адилдаа адил, годилдоо годил байх болно. Тийм болохоор энэ шалихгүй нэг муу сонголт дээр цаг битгий алд. Шууд л зоос шидээд шодчих, сүлдээрээ буувал тэр нам, эсрэгээрээ буувал тэр нам гээд л сонгочих. САНАА АМАР, ГЭДЭС ЦАТГАЛАН. Сонгосон намынхаа залуучуудын байгууллагаас л хойчийн их үйлсийнхээ гарааг эхэлнэ шүү дээ. Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Сайханбилэг, Баярцогт гээд олон сайхан ах нар чинь улс төрийн их марафоныхоо гарааг ингэж л эхэлсэн байдаг юм. Ер нь ч тэгээд ахмад үеийнхээ хувьсгалч, дайчин (хахуульч, завшигч) уламжлалаас суралцана гэдэг хүн жигшээд байхаар зүйл биш шүү дээ.
Том, бүдүүн дарга нарынхаа өмнө сайн бөхөлзөж нахилзаж гар хөлийнх нь үзүүрт гүйж далдаганаж бай. Сонгуулийн үед элдэв төрлийн хар бор ажилд нь их санаачлагатай хандаж оноог их, бага гэж чамлалгүй цуглуул. Ялангуяа хар Пи-Ар гэж өөрсдөө их өхөөрдөн нэрлээд байдаг ажилд нь шууд л тусал. Сонгуулийн маргааш өглөө чиний дэмжиж далдаганасан бүдүүн даргыг эсвэл энхрий хайрт намыг чинь санал луйвардлаа гэж хэн нэг нь хэлэх юм бол шууд шаагаад аваарай. Энэ бол чиний хувьд маш том оноо болж эргэж ирдэг зүйл тул зориуд санууллаа шүү. Тэр муу новшийг шаагаад авлаа гэхэд чамайг хэн ч эрүүгийн хариуцлагад татаж чадахгүй. Ёстой хоншоор нь 20 метр дутах байлгүй. Учир нь чиний ард маш том хамгаалалт өмөг түшиг бий. Энэ өмөг түшигт ард түмэн гэсэн ойлголт байхгүй, харин өөрийнх нь намын гишүүн гэсэн үнэт зүйл бол бий. Энэ өмөг түшгийн хамгийн үнэт зүйл нь хүний амь биш – шатсан байшин л байдаг юм. Энэ бол өөрт нь өгөөгүй саналыг ч мэдэн будлиад өөрт нь өгсөн саналтайгаа нийлүүлж тоолсоор шөнийн 3 цагаас хойш засгийн эрхийг хууль ёсоор ч юм шиг, хууль бусаар ч юм шиг өөртөө авчихдаг ихээхэн ид шидтэй нам. Монголын ард түмнийг 90 жил хундага тавиулалгүй архи уулгаж, хутга тавиулалгүй мах идүүлсэн хорвоод хосгүй нам. Түүний хэдэн зуун мянган гишүүд дэмжигчид нь Сараа, Ариунаа, Жагаа, Цэрэндагватайгаа ард чинь байгаа. Гадаадад байгаа иргэдийн нэрсийн жагсаалтыг энхрий хайртдаа харамгүй өгчихдөг даргатай Хил хамгаалах ерөнхий газар нь Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвтэйгээ, Дотоодын цэрэг, Цагдаагийн газар нь сонгууль луйвардах аргаар гаршин мэргэжсэн орос сургагчтайгаа ХҮН ШААСАН чамайг хамгаалахад бэлэн ард чинь зогсож байгаа. Жалга дов, нутгархах үзэл, “НУТГИЙН ЗӨВЛӨЛ” гэж шат ахихад хөөрхөн тусалчихдаг гялгар сайхан гишгүүрүүд байдгийг бас бүү март. Үүнийг хэлэхгүй өнгөрвөл миний хувьд ч том алдас болох байсан тул энд дурдлаа.
Увс гаралтай бол Нямдорж, Дорлигжав ах нар чинь тусална. Зүүн зүгийн аймгуудаас гаралтай бол Улаан, Буд, Бат-Эрдэнэ, Одбаяр, Арвин (эгч шүү) гээд ах нар чинь залуу чамайг л халамжилж хүмүүжүүлэхийн хүслэн болчихсон сууж байдаг юм шүү.
УДИРДЛАГЫН АКАДЕМИ гэж нэртэй, түшмэл хүний заавал дүүргэх ёстой нэг хөөрхөн дамжаа бас бий. Харласан толгой чинь золтой л мартчих шахлаа. Төгсөгчдийнхөө амьдардаг хауснуудтай бараг зэрэгцээ шахам, замын нөгөө талд ертөнцийн зүгээр бол зүүн тал буюу нар мандах зүгт нь оршин байдаг юм шүү. Яахаараа ч ингэж захиалсан юм шиг зэргэлдээ таарчихдаг юм бэ, бүү мэд. Заяаны хосууд гэж ийм л юм байдаг байх даа гэж хэлмээр. Худлаа үнэн ч гэсэн үүнд заавал элсэн ороорой. Халаасаа сэгсрээд, хахууль цутгаад ч болтугай төгсөөрэй… Төрийн албаны зөвлөл – гээд энэ дамжааг төгссөн гэсэн үнэмлэхтэй хүнийг л хүн гэж үзэж ЧИГИЙГ ЗААГЧ АЛТАН ГАДАС гэдэг шиг залбиран хүлээн авах гээд байдаг өөрийнх нь дур хүсэл хэт их давамгайлсан нэг байгууллага байдаг юм. Өөр дипломыг бол нэг их тоохгүй шүү, цаадуул чинь. Энэ дамжааны үнэмлэх байхад юун тэр Харвард, Оксфордын диплом…
За яав? Миний хэлснээр явж байна уу? Тийм үү? Мөн үү? Сайн байна.
Хөөрхөн албан тушаалтай, намын сонгуультай, тодорхой хэмжээний баялагтай болоод ирж байгаа биз? Тэгнэ. Тэгэх ёстой юм. Ах нь яалаа гэж дүүдээ болж бүтэхгүй юм зааж өгөх вэ дээ?
Гэхдээ дуусаагүй. Ханаж цадлаа гээд зогсож болохгүй шүү. Одоо л жинхэнэ кино эхэлнэ шүү дээ. Чиний саяны туулдаг зам бол зүгээр л киноны өмнөх журнал юм. Спортоор бол том тэмцээний өмнөх бие халаалт төдий зүйл гэсэн үг шүү дээ.
Одоо наад албан тушаалаараа дамжаад арай илүү том зүсэм бялууг чамд зүгээр л амтлуулан хүртээж орхих дараагийн шатны томоохон албан тушаал руу мацна шүү дээ. Жаахан авир… гэсэн үг юм даа. Монголоор бол. Уулчин хүн бол авирч яваад эвгүй гишгэвэл тэр чигээрээ бурхны орон руу одно. Түүнд юуных нь маргааш байх вэ, эрсдэлтэй мэргэжил.
Харин дүү хүүгийн авиралт мацалт бол ямар ч аюулгүй. Хамгийн эрсдэлгүй менежментийн бодит жишээ юм шүү. Айх юмгүй, авир, өгс, мац…
Хүссэндээ хүрсэн бол эхлээд Лексус 470 эсвэл 570 авч уна. Заавал гоё гялгар хар эсвэл илүү содон өнгөтэйг нь сонгоорой. Цэргийн зориулалттай гэгддэг ч манай монголын баячуудын бол чамирхал нь болсон Хаммер жийпийг авсан ч болно. Тэгж ярих юм бол албан тушаалын замаар авирна гэдэг чинь бас л нэг төрлийн дайн шүү дээ, хэмээн өөрийгөө жаахан дөгөөгөөд авсан ч яадаг юм бэ. Авч унах машины чинь улсын дугаар, утасны чинь 9911-хххх дугаарын сүүлийн 4 оронтой адилхан тоотой байх ёстойг хашир дүү мэдэх байлгүй дээ. Энэ бүхэн бол нэр төр, сэтгэл ханамжийн баталгаа гэх юм уу даа.
Хүнд сонирхогдох, сэтгэгдэл төрүүлэх гэдэг чинь өнөө үед их том капитал, маш чухал Пи-Ар болоод байгаа зүйл шүү дээ. Эхнэрийнхээ юм уу ойр дотны ах дүүсийнхээ аль нэгний нэр дээр компани байгуулж олсон мөнгөө эргэлдүүл. Ашигт малтмалын лицензийг баруун зүүнгүй цуглуул. Газрыг га га-гаар нь өөрийн болго. Зайсанд заавал нэг хаустай бол. Томоохон тендерүүдийг будлиантуулж дотроос нь мөнгө цохь. Арай хэтрэх биш үү? Авилга авлаа гэж шалгуулж гайтах юм биш байгаа?! УГ НЬ БОЛ БИ ГЭМГҮЙ НОМХОН ХҮН ШҮҮ ДЭЭ, – ГЭЖ БОДНО УУ? МУУ САНААТАЙ ЗОЛИГ ШҮҮ. ТИЙМ ХАРЛАСАН ЮМ ОГТ БОЛОХГҮЙ. Ахдаа итгэ. Тунгалаг тамир киноны Хонгор юу гэж хэлдэг билээ? Ах аа, намайг бодоорой, – гэдэг. Яг түүн шиг намын дарга дээрээ яваад орно шүү дээ. Бэлээхэн сайхан амьдаас амьд гал хамгаалагч намын байрны чинь хойморт ханхайгаад сууж байхад. Хардаггүй юм уу, дамшиг чинь?
Авилгатай тэнцэх (тэмцэх биш шүү) газар гэж марзан байгууллага, өөрийнхөө хөгийн дарганцартай хамт чиний эгнээнд нь багтдаг, чамд энэ их өгөөжтэй албан тушаалыг өгсөн намын даргын бандаашны зүүн бөгсний харалдаах DUREX КОНДОМ хийдэг нимгэн халаасанд 30-40 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ЗАГАСНЫ УУРГА, ДЭГЭЭ ЗЭРГИЙГ ТӨРИЙН МӨНГӨӨР ӨӨРТӨӨ АВЧ БИЕЭ ЭРХЛҮҮЛСЭН ШИГ ХЭВТЭЖ БАЙДАГ тул ийм дэмий зүйлээр өөрийгөө битгий айлгаж борхон зүрхээ үхүүл. Намын дарга чинь өмдөө шувтлахаас нааш тэр гарч ирээд чамайг шалгана гэж түүхэнд байхгүй. Хэрэв тэгж тэнэгтдэг юм гэхэд намын дарга чинь бандааштайгаа суудалдаа суулаа, жаахан хайвагналаа, авилгын Даргавч гамбир боллоо, конец фильма… гэж төгсдөг реалити шоу л болно. Өөр юу ч болохгүй. Өнхрүүш машинд дайруулвал гамбир болно оо гэдэг онигоо шиг. Тийм учраас төгсгөл нь илэрхий ойлгомжтой ийм дэмий зүйл бодож өөрийнхөө аз жаргалыг өөрөө битгий арилган баллуурдах гээд бай. Залуу байхад аль болчимгүй санаа толгойны буланд орж ирэхийг тэр гэх вэ. Тиймээс ах нь саяны тэнэг болчимгүй бодлыг чинь энэ удаад уучлан өнгөрөөе. Хүлээж бай, хөгшин арслан өөрөө заагаад өгнө өө гэж бөхийн тухай нэг кинонд гардаг даа. Яг түүн шиг цааш яахыг амьдрал өөрөө чамд заагаад өгөх болно.
Дүү зүгээр л ажлаа хийсэн нэр зүүж цагаа бүртгүүлээд төр барьж байгаа гэгдэх намынхаа ивээл доор ашгаа хүртээд хэвтэж бай. Англи хэлний цагаан толгойн 26 үсгийн ядаж хагасыг нь мэдэх байлгүй дээ. Тэгвэл үүнийг унш. Болохгүй бол толь бичиг харж байгаад ч болтугай ойлгоод аваарай. ENJOY YOURSELF, BABY. Мэдээж, дүү төрийн албанд ажилд орохдоо -англи хэл- гэдэг нүдийг нь шууд л –мэднэ- гэж бөглөсөн байж таарна. Тэд ямар үнэхээр мэддэг эсэхийг нь шалгах юм биш. Учир нь монголын төрийн албанд байдаг анкет чинь бөглөхийн тулд л байдаг цагаан нүх шүү дээ. Бусдыг нь учиргүй их олон зуун мянган гишүүнтэй нам, тэр намын хамт олон, тэр намын дарга мэднэ ээ, гэж… Төрийн албаны зөвлөл гэж ажилгүй чавганцын гашилгаж орхисон сүү шиг нэг байгууллага нь Харвард төгсөөд ирсэн залууг ганцхан асуултаар нам дардаг юм. “МОНГОЛД ХЭДЭН ХУДАГ БАЙДАГ ВЭ?” – гүйцээ. Ийм байхад очиж очиж миний муу дүү англи хэл сурах гэж биеэ зовоогоод яах юм бэ, тийм ээ? Хэдэн худгийн тоо цээжилчихсэн байхад чи цааш их хол явах болно оо.
Харин миний дүү албан тушаалынхаа энэ шатанд явах үедээ ХАНАНА, ЦАДНА гэдэг үгийг тархинаасаа аваад хаячих хэрэгтэй шүү. Компьютерээр бол делет хийсэн нь дээр. SHIFT+DELETE хийвэл бүр онцсайн.
Улс төрч хүн, улсын нөөцийн будаанд орсон хулгана хоёрт ханана, цадна, одоо нэг боллоо доо гэх мэтийн хамгийн тэнэг ойлголт хэрхэвч байж таарахгүй. Мөн үүний зэрэгцээ айж ичих, эмээж сүрдэх гэдэг үгсийг хууль, тогтоомжтой нь цуг мартаж орхих хэрэгтэй. Ариун цэврийн зөөлхөн цаас шиг усанд хийгээд урсгаж орхи.
Ахынхаа заасан замаар явсаар төрийн өндөр дээд албан тушаалд очсон дүү минь одоо хурдан морьдыг үнэ цохин худалдаж ав. Гүү, азарга хоёроо ялгахгүй гэж үү? Тэр хамаагүй. Дүүгийн үнэ цохиж авсан араб адуунд сэргээш шахаж байгаад айраг, түрүү, залаатай малгай тэргүүтнийг нь аваад өгөх адуу тэжээдэг “ҮХЭР МОНГОЛ” захаас аваад олдоно. Наадмаар туг, хиур дэрвүүлсэн улаан халзтай майхан ч юм шиг, өргөө ч юм шиг түр оромжиндоо өнөө цагт бэлтэйхэн эрсийн халаас бүрт түнтийж ёрдойн байх болсон олон телевизүүдийн дурангийн өмнө бизнес-улс төрийн гэгдэх томчуудыг цуглуулчихаад их гарын хаш хөөрөг зөрүүлэнхэн сууж байх ч, ээ дээ бас эр хүний олон жаргалын нэг юм шүү дээ.
Хээр гарч яргуй идсэн гөрөөсний халуун цус уух, тул загасны толгойны шөл оочих, чоно авлаад ид хав, ёндоогоо гайхуулан дэргэд нь зогсож зургаа татуулсны дараа жийпэндээ ачин давхих, залуухан сэвгэрүүдийг ээлжлэн өвөртөлж кама сутрагийн байрлал бүрээр үүл борооны ажлыг цэнгэлтэйхэн хийсэн шиг хэвтэх ч, ээ дээ хүн хэмээх ерөнхий нэртэй хоёр хөлтэй, хохимой толгойтой бүхэнд олддог хувь заяа биш юм шүү. Яг л бод идсэн боохой шиг гэдэг дээ.
Өвөл хаврын хатуу ширүүн цагт бол өөрийнхөө биш төрийн мөнгөөр Америк, Солонгос, Швейцари, Сингапурт очиж амарч бай. Төрийн ажилд зүтгэсээр байгаад машины тахир гол шиг болсон хөөрхий муу биеэ асруул, сувилуул, тэнхрүүл. Чамайг ямар гудманд яваа ард түмэн өрөвдөх биш. Лас-Вегас, Макао-д очиж казино тоглож кайфтай амьдар. Мөнгө алдсан ч яадаг юм бэ? Гарзтай юм биш. Татвар төлөгчдийн мөнгө, түүнийг алдлаа гэж чамайг хэн ч зэмлэхгүй. Ингэж явахдаа загварын ЗАЛУУХАН охидоос нэгийг дагуулахаа битгий мартаарай. Чалх чинь хүрч байвал хоёрыг дагуулсан ч болно. Пожалуйста. Ингэхэд, охид гэснээс – орчин үеийн охид их адтай шүү. Дэлхийн суутнуудаас талийгаач Бенжамин Франклины зургийг өөрийнхөө ах дүү, хамаатан садны зургаас илүү сайн таньдаг юм. Мянган хонины дундаас би хармагц танина, – гэдэг Их Нацагдоржийн шүлгийн мөр шиг. Тэдэнд ямар сатаан нь тэгж сайн заагаад өгчихсөн байдаг юм бэ, бүү мэд. Англи хэл сураагүй хэрнээ federal reserve note – the united states of … one hundred… гэх мэт англи үгс тэдний хувьд эхийн хайраас ч илүү дотно зүйл нь. Худлаа гэвэл халаасан дахь ногооноо жаахан цухуйлгаад хүссэн охиндоо дээрх англи үгсийг уншуулаарай. Чухам зүгээр өөрөө л хөнжилд чинь гүйгээд ороод ирнэ. Авааль эхнэртээ бол төрийн чухал ажлаар томилолт аваад гадаад явах боллоо, ард түмний төлөө нойр хоолгүй зүтгэж байна шүү, төрийн энэ их цаг завгүй ажил албаа өгөхөөрөө чамтайгаа хамт нэг сайхан амрах юмсан… гэх мэтийн манж үгсийг харамгүй хэл. Эхнэр чинь олон юм ярьж дургүйцэх эсвэл үл итгэсэн хандлага гаргаад цод цод гэх гээд байвал “Зайлчихсан хөгшин авгай чинь, дуугүй олж өгснийг идээд, брэндийн орон дээр минь баян айлын тарган муур шиг цагираглаж цатгалдаад хэвтэж байхад яадаг байна аа, ихээхэн дургүй хүргээд байвал 17-той мисс охиноор сольчих юм хуна” хэмээх тарнийг яг гадаад руу амралт сувилалд явах өдрийнхөө өглөө гэрээс гарахын өмнө 3 дахин амандаа бувтнан уншаарай. Ингэхэд ямар ч эхнэрийн ханд хага дарагдаж хагас жилийн туршид номондоо ордог юм. Ёстой нэг нугастай мэт нугарч, пүрштэй мэт нахилздаг юм шүү дээ. Залуу хүний заавал сурах 9 бүжиг гэдэг шиг босс хүний хийх ёстой хэдэн ажилд дээр дурдсан зүйлс багтдаг юм даа.
Эд хөрөнгө арвижиж, зэрэг зиндаа өсөөд амьдрал чинь ингээд ид сайхан жигдрээд ирэх үед “ХҮН ЧАНАР” гэж НЭГ ТЭНЭГ ЮМ зөрөөд уруудах вий. Түүнийг тоох хэрэггүй, араас нь өшиглөөд өнхрүүл. Хэнд хэрэгтэй юм бэ, тэр бид хоёр. Гоё сайхан ч юм шиг. Ёстой яршиг л байна, зүгээр.
Албан тушаал, эрх мэдэл, хөрөнгө мөнгө байхад хүнд өөр юу хэрэгтэй юм бэ? Тэгээд ч ялихгүй зусар баяжихад саад гэж Монголын АДАМ СМИТ Итгэлт баян сургасан байдаг юм. Ер нь “Албан тушаал, эрх мэдэл, хөрөнгө мөнгө байхад ээжээс бусдыг нь худалдаж авч болдог юм” – гэдэг тарнийг дүү хүү өөрийнхөө зүрхэн тарни болгоорой. Ахынх нь зүгээс залуу найздаа захих зүйл энэ.
Жич:
Эрх мэдэл, хөрөнгө мөнгө чинь ихдээд багтаж ядаад ирвэл урвуу пропорционалаар эх орон чинь гологдоод, давчдаад байгаа юм шиг санагдаад ирдэг юм шүү. Ийм цаг ирвээс гадагшаа гарна аа гэж нэг сайхан ГАРЦ байдгийг эрхэм дүүдээ сануулах байна. Яг л ногоон гэрэл, цагаан шугам гэдэг шиг ГАРЦ шүү дээ. Иймээс одооноос давхар иргэншлийн асуудлыг анхааралдаа авч судлан үзэж үүнд зориулсан багашигхан хэмжээний мөнгийг ӨӨРИЙНХӨӨ ХҮЧ ХӨДӨЛМӨРӨӨР!? олж хуримтлуулсан далай их хөрөнгөнөөсөө гарган дотоодын аль нэг банкинд байршуулж бэлд. Хашир дүү мэдээж, гол хөрөнгөө Швейцарийн банкинд байршуулахаа ахаараа заалгахгүй нэг муухан мэдэх байлгүй дээ.
Ингээд Монголдоо сайхан амьдраарай, дүү минь. Монголдоо сайхан амьдаръя – гэж нэг уриа байдаг байх аа?
Чамтай адилхан улс төрийг өдөн оролдож илэн таалж сэрэл дурыг нь хөдөлгөөгүй бусад нь гадаадад гарч гахай, тахиа, цагаан шар будаагаар хооллож тэрэгний морь, илжиг луус шиг зүтгэж л байг. Зовж олсон жаахан мөнгөөн Хадгаламж зээлийн хоршоонд хийж “ТҮМЭН”-ийг ядуурлаас гаргагч төрөлх намын чинь санхүүжилт болгоод алдаж л байг. Сар бүр хялайлгадаг 21.000 төгрөгөө авах гээд өвлийн шөнө, үүрийн таван жингээр банкны байшингийн төмөр хаалганы өмнө даарч бээрэн хамгаалагч царайчлаад оочирлож л зогсог. Нарантуул, Хар хорин, Их Хүчтэй Шонхор зах дээр тэрэг түрээд махийцгааж л байг. Тэд хэнд хамаатай юм бэ?
Аз хийморь, ашиг орлого, албан тушаал бүхний дээдийг хүсэн ерөөсөн – Ах чинь.
Good luck, baby.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.