Хууль зөрчсөн, зөчөөгүй

Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нар өчигдөр тангаргаа өргөхөөр чуулганы танхимд эртлэн ирсэн ч тэмцэгчдийн эсэргүүцлээс болж хуралдаан цуцлагдав. Шүүхийн процесс явагдаж байхад СЕХ хууль зөрчсөн хэмээн мэдэгдэж, эсэргүүцлийн жагсаалыг Төрийн ордны гадна болон дотор зохион байгууллаа. Энэ талаар гишүүдийн байр суурийг хүргэе.

Д.Эрдэнэбат: Зарчимгүй асуудлыг  АН хэрэглэхгүй

УИХ-ын чуулганы хуралдаан үдээс өмнө болох байсан. Харамсалтай нь сая хуралдаж чадсангүй. Чуулган хуралдаж чадаагүйн шалтгаан нь УИХ-ын гишүүдийн Төрийн ордонд орох хаалгуудыг жагсагчид хаасан байна. Гишүүдийг ордонд оруулахгүй байгаагаас хуралдаан хойшиллоо. Нэр дэвшигчдийг тангараг өргүүлэх асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ дагуу шийдэх ёстой. Хуулийнхаа дагуу бүх асуудлыг шийднэ. Сум дундын маргаантай асуудлууд бий. АН Сонгуулийн ерөнхий хороонд нөлөөлсөн зүйл огт байхгүй. Хууль зөрчсөн зүйл ч байхгүй. Бүх зүйл хуулийн хүрээнд болж байгаа. СЕХ хуулийнхаа дагуу УИХ-д хоёр нэр дэвшигчийг өргөн барьсан. Тиймээс нэр дэвшигчдийн тангараг өргөх асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ дагуу шийдэх учиртай. Улс төрийн ямарваа нэг зарчимгүй асуудлыг АН хэрэглэхгүй. СЕХ-ны шийдвэр гарсан л бол УИХ хэлэлцэх ёстой. УИХ-ын үйл ажиллагаа процедураараа явна. Янз янзын маргаантай асуудал бий.

 

Ж.Батзандан: Иргэд рүүгээ бууны ам шагайсан нам

Сонгуулийн маргааны эцсийн дүнг СЕХ гаргах ёстой. Энэ байгууллагын гаргасан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэж болохгүй. УИХ-ын гишүүн тангараг өргөхдөө төрийн сүлдэндээ мөргөх ёстой. Шинээр орж ирж байгаа УИХ-ын гишүүд хуучин гишүүдийн өмнө тангараг өргөх асуудал биш. Шинээр орж ирж байгаа гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хуучин гишүүд ч мэддэг юм биш. Бусад улс орнууд сонгуулийн маргааныг долоо хоногийн дотор шийдвэрлэдэг. Манайд сонгуулийн маргаан 1-3 сарын дараа, бүр жил дамнадаг. Тэгэхлээр сонгуулийн маргаанаас болж УИХ болон иргэдийн дунд маргаан үүсээд байна. Үүнийг шүүхийн байгууллагууд авч үзээд зөв шийдэх ёстой. Ийм байдлаас болж Монгол төр цалгардаж болохгүй гэж бодож байна, Зарим улс төрийн хүчин хэт улс төржүүлээд байх шиг байна. АН ардчилалыг булшиллаа, бурингуйлал тогтоолоо ч гэх шиг. Хүний төлөө хатуу зогсдог намыг АН гэж ойлгож байгаа. Харин МАН-ын нөхдүүд ардчилалын төлөө зогсож байгаад баяртай байна. 22 жилийн турш иргэд рүүгээ бууны ам шагайсан нам.

 

Ө.Энхтүвшин: Туйлын гунигтай

Шат дарааллаад шүүхийн байгууллагаар явахад болдоггүй юм байна. Прокурор, цагдаад хандлаа. Үндсэн хуулийн Цэцэд хандавч бас л болсонгүй. Сонгуулийн ерөнхий хороо ямар юм бол гэсэн чинь үнэхээр нэг намын атганд орчихжээ. Үнэхээр хүчин мөхөсдөж байна. Тиймээс ард түмэн рүүгээ хандахаас өөр замгүй. Ард түмэнд энэ байдлыг хэлнэ. Иргэд бухимдаж, юу болоод байна гээд асуугаад байгаа. Гишүүдээ 39 болгож, Засгийн эрхийг хууль бусаар авах оролдлого болж байна. 6600 саналаар илүү гарчихсан хүнийг тангараг өргүүлэлгүй. Ийм хэмжээний саналын зөрүүтэй, бага санал авсан хүнийг УИХ-ын гишүүн болгоно гэж оруулж ирж байна. Тэгэхээр сонгогчдын шийдвэрийг яах вэ гэсэн асуудал тулгарч байгаа юм. Харамсалтай нь үүнийг юу ч биш гэж үзэж байна. Өвөрхангайн ганцхан шүүгч шийдвэр гаргаад, олон мянган сонгогчийн саналыг хүчингүй болголоо. Түүнийг нь СЕХ хууль ёсных гээд оруулаад ирж байгаа юм. СЕХ-ны даргыг яагаад ингэж хурдан сольсон юм бэ гэдэг учир нь энд л байж. Н.Лувсанжавыг шахаж байгаад өргөдлийг нь өгүүлээд, Ч.Содномцэрэнг тавьсан. Харин маргааш нь Ч.Содномцэрэн “Н.Төмөрхүүг эрүүгийн хэрэгт татаж болно” гэсэн бичиг өгөөд хэдхэн хоногийн дараа Өвөрхангайн шүүх хуралдаж шийдвэрээ гаргалаа. Ард түмний сонголт юу ч биш гэдгийг тунхаглан зарлаж байна. Үнэхээр харамсалтай, туйлын гунигтай.

 

Ж.Энхбаяр: Ардчилал энэ биш

Сонгуулиар ардын хүүхэд ялж болохоо больж. Ард түмнээсээ үнэмлэхүй ялалт авч, олон мянган сонгогчдын саналыг илт давуугаар аваад сонгогдсон. СЕХ-ноос гишүүний түр үнэмлэхээ авсан хүмүүсийг өнөөдөр УИХ-ын гишүүнээс татах асуудлыг оруулж ирлээ. АН өөрсдөө 169 сая төгрөг тараасан гэдэг нь баталгаатай, нотолгоотой Т.Хасбаатар нь гаргаж, мэдэгдэж хууль зөрчснийг нь илэрхийлсээр байтал, мөн шүүх асуудлыг шийдвэрлэж дуугүй байхад ийм бүдүүлгээр парламентын бүрэн эрхэд, ардчиллын үнэт зүйлд халдаж байгаад гайхаж байна. Бид сонгууль өгөх хэрэг алга. Сонгууль өглөө маргааш шүүх дээр шийдвэр гардаг. Эсвэл прокурор дээр шийдвэр гардаг. Ард түмэн санал өгдөг. Машинаар тоолдог. Машинаа гаднаас авчирдаг. АНУ-аас программ авчираад зоочихдог. Энэ мэтчилэн сонгуулийн учир холбогдол алдагдлаа. Херөнгө мөнгөтэй хүмүүс нь шүүхээр хүссэн захирамжаа гаргуулдаг болж. Бүр хэрээс хэтэрч, төрийн эрх барих дээд байгууллага руу хүртэл хүч түрж шийддэг болж. Хорин жилийн турш хүсч тэмүүлсэн ардчилал энэ биш.

 

Н.Энхболд: Бухимдсан ард түмэн юунд хүрэхийг бид хэлж мэдэхгүй

Манай нам болон олон нийтийн зүгээс анхааруулж, сануулж байсан. Хууль зөрчиж болохгүй. Хууль журмын дагуу явах ёстой. Зөвхөн энэ Өвөрхангайн асуудлаар ч биш. Шинэ төр Засаг бүрэлдсэнээс хойш олон арга хэмжээ, бодлого шийдвэр нь хууль ёсыг зөрчсөн, цөөнхөө илт басамжилсан. Үүний цаана байгаа ард түмнийг доромжилсон ийм үйл явдлууд болсоор ирсэн. Энэ хэмжээгээр уур амьсгал бий болж байсан. Хамгийн сүүлчийн өвс тэмээний нурууг хугална гэдэг шиг СЕХ-ноос хууль зөрчиж, улс төрийн зорилгоор гаргасан шийдвэр нь хүмүүсийн тэвчээр барагдаж байгааг харуулж байна. Бүр орон нутгаас ирж, талбай дээр жагсаж байна. Хэрэв биднийг сонгосон сонгогчдын дуу хоолой УИХ, Засгийн газар хүрдэггүй юм бол өөрсдөө хууль зөрчөлгүй, хуулийн хүрээнд ажиллаж хүргэе. Өвөрхангайн асуудлын тухайд хууль зөрчиж, яаруу сандруу улс төрийн агуулгаар шийдвэр гаргасан. Нотолгоо бий. Өвөрхангайн сум дундын нэгдүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн 142 тоот захирамж гарсан. Үүнд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас харгалзаж үзээд 2012 оны аравдугаар сарын 10-ны өдөр гаргасан шүүхийн тогтоолыг дахин хянуулах тухай тогтоолыг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна. Ижил төрлийнхөө шүүх рүү. Өөрөөр хэлбэл, бидний ярьж буй шүүх хяналтын байгууллагаар үнэн мөн нь тогтоогдоогүй байхад сонгогчдын эрхэнд халдаж, шийдвэр гаргаж болохгүй гэж шаардсаар байтал зөрчсөн эсэх асуудлын дүнг яаран сандран гаргаж, УИХ-д өргөн барьж, өнөөдөр тангараг өргүүлэх гэж байна. Энэ бол хууль бус. Ард түмэн хууль ёсны эрхээ эдлэхэд нь саад болж байна. Үүнийг баримттайгаар харуулж байна. Хэрэв үүнийг авч хэлэлцэхгүйгээр хоёр гишүүний тангараг өргүүлэх асуудал цааш явбал үүнээс үүдэн бухимдсан ард түмэн юунд хүрэхийг бид хэлж мэдэхгүй.

Л.Нинж
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.