“Мантууш”-ийн маапаан-2

Зайсангийн аман дахь хэл ам татлаад буй дулааны шугам сүлжээний тухай тодруулахаар “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийг зорив. Ингээд тус газрын дэд дарга, инженер Д.Баярсайхантай уулзаж цөөн асуултад хариу авлаа.

Д.Баярсайхан: ШИНЭ ХОРООЛЛУУДЫГ ШУГАМД ХОЛБОХ БОЛОМЖГҮЙ

-Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсангийн хорих 401 дүгээр ангийн орчим Богд уул руу барилгын компаниуд дулааны шугам татсан байдаг юм байна. Хариуцсан байгууллагын хувьд танайд ямар мэдээлэл байна?

-Зайсангийн орчмын мод, бут, сөөг устаж оронд нь зүс буруу олон хорооллоор дүүрлээ. Гэхдээ тэнд Нийслэлийн хот төлөвлөлтийн газраас албан ёсны төлөвл өлт батлагдаагүй. Харин Байгаль орчны яамны зөвш өөрлөөр газар олгогдоод барилга баригдаад байгаа.

Хот төлөвлөлт хийнэ ямар нэгэн төлөвлөлт хийгдээгүй байхад барилга барихыг зогсооно гэж Нийслэлийн хот төлөвлөлтийн газраас өнгөрсөн жил бидэнд албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл тэнд газар ухаад, барилга бариад байна. Гэхдээ нэгэнт тэнд барьчихсан байгаа барилгууд, тухайлбал томоохон орон сууцны хорооллууд учраас Эрчим хүчний яамнаас нөхцөл нь өгөгдөж, дулааны шугамд холбосон.

ХААИС-ийн орчим хуучин уурын зуухаар халдаг байсан учраас МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хавьд нийтдээ зургаан ккаль хүчин чадалтай ДЦП барьсан байгаа. Түүний наад талд Туул голын эргээр бие даасан компаниуд орон сууцнууд барьсан. “Ногоон төгөл”, Хан-Уул дүүргийн хороо, цагдаа нэртэй баригдсан “Модунь хотхон”, ХААИС-ийн оюутны байр, багш ажилчдын байр байдаг. Бурхантай болон танктай хөшөөний орчим мөн хоёр талдаа арав арван ккалийн хүчин чадалтай ДЦП баригдсан. Түүний нэгээс нь “Анамо”, “Модунь”, “Жигүүр Гранд” “Мантууш”- ийн орон сууцны хорооллууд дулаанаар хангагдаад байгаа. Нөгөө талд нь байгаа, тухайлбал Танктай хөшөөний урдуур “Импекс капитал”, “Номин”-ийн орон сууцнууд байдаг.

Сүүлийн үед иргэн Л.Гүндалайгийн авсан газарт “АПУ” компанийнхан орон сууцны хороолол барьж байна. Эдгээр барилгууд дулааны шугам сүлжээнд холбогдохоор ачаалалд нь багтсан байгаа. Харин одоогоор ямар нэгэн том хороолол нэмж дулааны сүлжээнд холбох бололцоог үй.

-Өндөрлөг газрууд руу шугам татахаар усны даралт буурч эвдрэл гарна гэж байна. Зарим хүн өөр тайлбар хэлэх юм ?
-Хорих 401 дүгээр анги болон түүний урд талд, мөн уул руу гарсан хамгийн өндөр цэгүүдэд амины сууцны хотхонууд барихаар газар шорооны ажил эхлээд байна. Зарим нь ч баригдаад эхнээсээ дулааны шугам татъя гээд байгаа. Хоёр жилийн өмнө зөвшөөрөлгүйгээр дулааны шугам татсан компани ч байгаа, Тухайлбал, “Мантууш”. Бид тэр асуудлаар Нийслэлийн хот газрын алба, хот төлөвл өлтийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүргийн цагдаа гээд олон газар тухайн үед хандсан. Хэрэв тийш нь дулааны шугам татах юм бол хүчин чадал нь хүрэлцэхгүй. Ачааллаа дийлэхгүй. Шугам хүрэлцэхгүй, усны даралт буурах учраас өндөр газруудад байгаа байруудаа хангаж чадахгүй болно. Яагаад даралт буурч байгаа вэ гэвэл, ДЦП нь өөрөө 1335 гэсэн хамгийн бололцоотой цэг дээр байрлаж байгаа.

Шугам дотор явж буй ус өөрөө өндөр даралттай байдаг учраас цаашаа хол явах юм бол температур нь хөрч, тараалт нь доголдож, улмаар өндөрлөг газруудад байгаа байруудаа хангаж чадахгүй болдог. Өөрөөр хэлбэл, даралт буурах юм бол ус нь уур болж хувираад тараалт нь доголдож хөлдөх аюултай. Энэ жил хотын дарга захирамж гаргаж, зөвшөөрөлгүй барилгуудыг дулаан хангамжид холбож болохгүй гэж үүрэг өгсөн. Тэр асуудлаар комисс ажиллаж байгаа. Үүний дараа бид “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн Техник, хяналтын хэлтсийн дарга Э.Батмөнхтэй уулзсан юм. Түүнээс хяналт, шалгалтын ажил ямар байдлаар явагдаж байгааг тодрууллаа. Тэрээр тэнд баригдсан барилгууд зөвшөөрөлгүй баригдсан, тэгээд ч зөвшөөрөлгүй барилгууд руу дулааны шугам татаж болохгүй хэмээн ярьж байна.

Э.Батмөнх: ДУЛААНЫ ШУГАМ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ЮМ БИЛЭЭ

-Зайсанд зөвшөөрөлгүй татсан дулааны шугам аль компанийнх гэдэг нь тодорхой юм уу. Тэнд олон компани байгаа ч зөвхөн “Мантууш”-ийнх гэж яриад байна?
-Ерөөсөө л зөвшөөрөлгүй шугам баригдсан юм билээ. ”Мантууш”-ийн нэр дээр ч зөвшөөрөл байхгүй. Бариад газар доор булчихсан юм байна лээ. Бид тэдний хүмүүсийг барьсан байх гэж ойлгож байгаа.

-Тэнд байгаа компаниудын аль нь тэдний харъяанд байдаг юм бол?
-Тэрийг мэдэхгүй. Компанийн харъяаллыг нарийн мэдэхгүй юм байна.

-Зайсанд 3-4 жилийн өмнөхийг бодвол олон хороолол баригдсан. Тэр хорооллуудыг өнөөдөр дулаанаар хэвийн хангаж чадаж байна уу?
-Хэвийн байгаа. Гол нь хорих ангийн баруун, зүүн энгэр рүү баригдаж байна. Xувийн хаус хорооллуудыг өнөөдрийн нөхцөлд дулаанаар хангах бололцоогүй. Тэнд “Карказ” компани 40 гаруй жижиг таун хаус барьж байгаа. Хажууд нь “Могул таун” гээд хороолол баригдаж байна. “Могул таун” өөрийн эх үүсвэрээр дулаанаа хангаж байгаа. Гэтэл бид тэдэн рүү дулаан хангамж хүргэж чадахгүй байгаа. Бусдыг нь боломжоороо дулаанаар хангаж байна. Гол нь боломжтойг нь хангаж, боломжгүйг нь чадахгүй гээд байгаа юм. Зайсан толгойг тойроод дулаанд холбосон болон одоо ч холбох байрууд бий.

-Хорих ангийн баруун урд руу хятадууд барилга барьж байна. Компанийнхаа нэрийг нуугаад, өөр компанийн нэр хэлж төөрөлдүүлээд байх юм. Тэнд ямар компани барилга барьж байгаа юм бол. Дулааны асуудал яригдаж байгаа учраас та бүхэн мэдэх байх?
-Мэдэхгүй. Ямар ч байсан тэнд олон жижиг таун хаусны суурь ухаж байгаа харагдсан.

Д.Шинэхүү: БИДНИЙ МЭДЭЛ ХҮРДЭГГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ

Зайсанд баригдсан барилгууд бүгд газрын зөвш өөрөлгүй. Хот төлөвлөлт хийгдээгүй газар компаниуд барилга барьсаны гол буруутан нь Байгаль орчны үе үеийн сайд нар гэдэг. Энэ талаар хэвлэл үүд тухайн үед их ч бичсэн. Бүр хэн, хэнд хэчнээн хэмжээний газар хаана өгснийг хүртэл жагсаалтаар гаргасан нь цөөнгүй.

Энэ тухай нэхэн тодруулахад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газрын дарга Д.Шинэхүү “Бидний мэдэл хүрдэггүй юм шүү дээ. дээрээс дарамт шахалт ихтэй. Байгаль орчны сайд нар 2003-2008 оны хооронд газрын зөвшөөрлүүд өгсөн байдаг. Тэдний л хийсэн ажил. Түүнийг нь сүүлийн үеийн Байгаль орчны яам ч цэгцлэх гээд дийлээгүй” хэмээсэн.

Түүнээс улбаалан нэг зүйлийг санаж байна. Тухайлбал, Тус газрын даргаар Д.Төмөрхүүг ажиллаж байхад БОЯ-ны дархан цаазат газрыг хамгаалах удирдлагын газрын дарга А.Намхай “Битгий энд тэнд ярилцлага өгч, элдэв юм яриад бай” гэж дарамталж байж. Ер нь газрын наймаатай холбоотой их хутгуушийн нэг нь тэрхүү А.Намхайг гэлцдэг. Одоо тус газрын дарга өөрчлөгдөж н.Эрдэнэчимэг гэдэг хүн болсон юм билээ. Цаашид түүний болоод Шинэчлэлийн Засгийн газрын шинэтгэлийн үр дүн харагдах болоогүй болохоор хэлэх юм алга. Д.Шинэхүү даргаас та миний сонирхсон асуудлаар ярилцлага өгч болох уу гэхэд “ Би өөрийн хийсэн гэгээтэй юмаа л ярина. Өөр бусдын тухайд ерөөс ярихгүй” гэв.

Дархан газар хариуцсан шат шатны олон байгууллага байх хэрэг байна уу. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын газар гэж сүрхий том нэртэй газар уг нь байх л ёстой. Гэтэл тэдэнд үүргээ биелүүлэх эрх мэдэл даанч алга. Дархан газрын асуудлыг галт уул юм гэж бодвол тэнд буцлаад байгаа асуудал нь дээр дурдсан баримтууд мөн. Тэрхүү галт уул хэзээ нэгэн цагт дэлбэрвэл мөн ч олон хүний эрх ашиг хөндөгдөх нь мэдээж.

Харин мэргэжлийн хяналтынхан Зайсанд хот босгож байгаа тухай ярих болохоор үгнийх нь өнгө өөрчлөгдөөд тэр мэднэ, энэ мэднэ гэж мухардуулахыг оролдож байна. Яагаад гэхээр, тэд дээрээс бүүр дээрээс даалгавартай бололтой. Барилга, техникийн хяналтын байцаагч нарын хэнтэй ч уулзсан “Бид зөвхөн барилгын чанарыг л шалгадаг” гэх юм.

Харин дархан газрын бүс хариуцсан улсын ахлах байцаагч Ш.Бадамхандтай уулзахад “Би мэдэж байвч юм хэлэхгүй. Манай хэлтсийн даргатай уулз. Тэр хүн танд юм хэлж өгнө” гэв. “Та нараас Зайсан дахь барилгын компаниудад удаа дараа шаардах хуудас өгч байсан бол аль нэгийг нь үзүүлж болох уу” гэхэд “Албан бичгээр хүсэлт гаргаж байж үзэж болно” хэмээн цааргалав. Энэ бүхнээс харахад, мэргэжлийн хяналтынхан эртнээс бүр дээрээсээ даалгавартай ажиллаж ирсэн бололтой. Үүнийг салбарын шинэхэн сайд нь анхаарч, одооноос эмх цэгцэнд нь оруулах хэрэгтэй гэдгийг дуулгая.

Эцэст тэмдэглэхэд, бид өмнөх сурвалжлагаа Зайсанг барилгаар дүүргэсэн “Мантууш” хэмээн эхлүүлсэн. Мөн зарим компани нэрээ нууж, өөр компанийн нэр хэлж биднийг төөрөлдүүлж байсныг ч дурдсан. “Бодь’’ групп, ‘’М-Си-Эс’’, ‘’Чоно’’, ‘’Фортуна’’ групп, Солонгосын хөрөнгө оруулалттай “G.SS.M” компани, “Мапекс”, “Эфмакс”, “Сипоко”, “Мфикс” “Дабу”, “Сарнайх”, “Анома” гээд 20 гаруй компани Зайсанд барилга барьсан, зарим нь одоо ч үргэлжлүүлэн барьж байна.

Тухайлбал, “Сарнайх” гэхэд л уулын ус буух урсац буюу нэг үгээр хэлбэл гольдрилыг нь юу ч үгүй өөрчилж, нүхэн гарц маягийн арк гаргаж, барилга барьсан харагдана лээ.”Жигүүр гранд” гэхэд л хууль зөрчсөн маш ноцтой зүйлүүд анзаарагдсан. “Могул таун” ч түүнтэй адил. “Бөх бат” гэдэг компани Богд уулын арын байгаль орчныг сүйдэлсэн нь нүд хальтирмаар. Хайрганы карьер ч тэнд цөөнгүй. Тэр дотроос “Мантууш”- ийн барилгууд солонгос материал буюу шахмал хуванцараар барилгын тулгуур хийснээрээ сондгойрч байсан бол Зайсангийн барилгын компаниудын олонх нь уулын залуу моддыг булга татаж авчраад барилгын тулгуур хийсэн нь халагламаар.

Тэндхийн компаниуд бүгд л хууль зөрчиж, зөвшөөрөлгүй газарт барилга барьсан. Зайсан хэмээх дархан уулын нэгэн ам экологийн сүйрэлд бүрэн автжээ. Тэд олон нэр бүхий хуулийн заалт дээгүүр алхсан юм билээ. Гэвч тэр бүхнийг уудлахаар тэнд очсон хяналт шалгалтынхан жижигддэг аж. Бидний уулзсан хүмүүсийн ярианаас үзвэл холбогдох газрууд түүний албан тушаалтны эрх мэдэл, дархан газар дураараа авирлагчдын эрх дархын дэргэд үнэндээ л юу ч биш байдаг нь нотлогдож байна. Шамбааралдсан барилгуудын дундуур аль нэгийг нь зориод очихоор нэрээ өөрчилж, зүсээ буруулах нь хачирхалтай. Өөрөөр хэлбэл, бүгд л “Мантууш”- ийн нэрийг барих юм. Ямар сайндаа “Такси цоохор машин” шог дуунд “Энэ олон замын хаагуур нь явах вэ та минь ээ” гэдэг шиг манай сурвалжлах багийнхан буцах замдаа “Зайсангийн олон Мантууш” гэж хошигнож байх вэ дээ.

Үргэлжлэл бий.

Ч.Үл-Олдох, Д.Надмид

zuunii medee


URL:

Сэтгэгдэл бичих