Дарангуйлагчийн сүүдэр Монголыг дайрлаа

“З”-д зуугдсан л бол” гэдэг хэлц Монголын улстөрчдийг айлгаж, дарамталж, шантаалжилж чаддаг гэх мэдээлэл өнгөрсөн 20 жилийн улс төрийн түүхийн тэмдэглэлд том орон зай эзлэх нь бий.

Харамсалтай нь 20 жилийн дараагаас энэ дарамт Монголыг бүрхэх учиртай байсан бололтой юм-

Ардчиллаас дарангуйлагч төрдөггүй гэх яриа бий. Зөвхөн дэл сул яриа ч бус ийм итгэл үнэмшил ч бий. Харамсалтай нь өнөөдөр монголчууд та бид “Ардчиллаас дарангуйлал төрдөг” гэдгийг бэлхнээ харж байна. Дарангуйлагчид ардчиллаас, Ардчилсан намаас төрдөг юм байна. Учир нь, тэд арайхийн олж авсан УИХ-ын сонгуулийн ялалтаа Монголыг захирах эрх мэдлийн хэтрүүлэг болгон ашиглаж байна. Үүнийг батлах анхны нотолгоо нь УИХ-ын даргын томилгоо. Өнөөдөр Монгол Улс олон улсад хууль бус УИХ-ын даргатай гэдгээрээ алдаршиж, хуулийг хууль болгох сэтгэхүйн дайралтад булт олноороо дарангуйлуулж байна. Харамсалтай нь энэ дарангуйлал зөвхөн өнөөдрөөр дуусахгүй нь. Цаашид улам бүр үргэлжилж, та бид “Дарангуйлагчдын сүүдэр Монголыг дайрлаа” гэсэн эмгэнэлт үнэний гунигт боолууд болох цаг ойрхон байна. Шалтгаан нь одоо л зөвхөн эхэлж байна.

Тодруулбал, УИХ-ын даргын томилгооноос. Одоогийн УИХ-ын дарга гэгдээд байгаа З.Энхболдыг томилохын тулд Ардчилсан нам “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг-Ногоон нам болон бие даагч гишүүдийн хамтаар эр зоригтойгоор Үндсэн хууль зөрчсөн. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д суудалтай намын удирдлагуудтай зөвшилцөж, долдугаар сарын сарын 25-ны өдөр анхдугаар чуулганыг хуралдуулах товыг олон нийтэд зарласан. Гэтэл Ардчилсан намын удирдлагууд тэрхүү зөвшилцлийг үл ойшоож, долдугаар сарын 24-ний өдөр хуралдуулан Л.Цог гишүүнээр даргалуулсан байдаг. Тэр даруйдаа З.Энхболдыг УИХ-ын даргад томилуулсан нь хэн ч харсан Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон. Гэсэн ч энэ талаар нь “Үндсэн хуулийн цэц хэлэлцэх шаардлагагүй” гэх шийдвэр гаргаснаараа “Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр бус Ардчилсан нам байдаг болжээ” гэдгийг олон нийтэд ойлгуулж өгсөн.

Тэгвэл хууль бусаар УИХ-ын дарга болж, Монголын хууль тогтоох засаглалыг хямралд хүргэчихээд байгаа З.Энхболд гэгч нь хэн бэ. Тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг олон нийтэд хэн ч биш болохыг хангалттай нотолж өгсөн нэгэн. “Н.Алтанхуяг шиг хүн Ардчилсан намын дарга байх учиргүй. Би л түүний оронд байх ёстой” гэсэн хату ширүүн мэдэгдлээрээ намынхаа хувь заяагаар жинхэнэ утгаар нь тоглож байлаа. Үүнийхээ нь балгаар Ардчилсан намыг иргэдийн зүгээс 15 толгойтой мэтээр харж, намынхаа эв нэгдлээр жинхэнэ утгаар нь тоглосон. Үүндээ С.Эрдэнэ, Н.Батбаяр тэргүүтнийг урвуулснаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өөрийнхөө пиарыг боломжийн хийж чадсан нэгэн. Угийн л “Хамгийн эвгүй” гэсэн тодотгол дор

Монголын улс төрд 20 жил амьдарч яваа түүнд дутсан эрх мэдэл, дутсан албан тушаал гэж үгүй.

“Ардчилсан холбоо эвсэл”-ийн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллах хугацаандаа намынхаа нөхдөд жинхэнэ утгаар нь төрийн өмчөөр гараа угааж, хөрөнгөжих эх үүсвэрийг нь тавьж өгч чадсан нэгэн.

Түүний үед л Үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “Талх чихэр”, “Мах импекс”, “Баянгол” зочид буудал тэргүүтнийг хувьдаа авч, намынх нь санхүүжүүлэгч П.Цэнгүүн нь “Алтан тариа”-г хэлтэй амтайхан өмчилсөн байдаг. Цаашлаад яг энэ дөрвөн жилийн хугацаанд улсын үнэ цэнэтэй тэргүүтэй 684 аж ахуйн нэгж, 243 үл хөдлөх хөрөнгийг хувьчлахад З.Энхболдын хэрэг Ардчилсан намынханд гарахын дээдээр гарсан гэж болно.

Тийм ч учраас З.Энхболд гэдэг хувь хүнд төлөх Ардчилсан намынхны өр өнөөдрийг хүртэл дуусаагүй бөгөөд төлбөрт нь УИХ-ын даргын суудлыг хүртэл хууль бусаар өгч байна гээд бод л доо.

Энэ бол З.Энхболд гэдэг хувь хүний өөртөө завшсан гэгддэг Геологийн төв лабораторын барилгын тухай асуудал биш юм. Энэ бол Монголын ардчилал намынхаа айлгаж, дарамтлах замаар эрх мэдэлд хүрч буй З.Энхболд гэгч хувь хүний дарангуйлал нэг улсыг нөмөрч буйн илэрхийлэл юм.

Наад зах нь Ардчилсан нам УИХ-ын сонгуульд арайхийн олонхийн суудал авснаар Х.Тэмүүжин гишүүн Хууль зүйн сайд болсон. Түүний ажлаас нь халж чадаагүй, албанаас нь буулгаж чадаагүй цорын ганц албан тушаалтан нь З.Энхболдын эхнэр. Бусдыг нь Х.Тэмүүжин гэдэг бүх өөрийнхөө дураар өөрчилж, сольж чадсан. Харин З.Энхболдын эхнэрийг бол чадаагүй. Гэхдээ үүнээс ч аймшигтай хамгийн хүнд хатуу дарангуйлал нь Өвөрхангай аймгийн тойргийн маргаан.

УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт Ардын намаас нэр дэвшиж өрсөлдсөн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгээс даруй 3555 болон 1382 хүний санал илүү авсан. Гэтэл Г.Батхүү гэгч Монголын хамгийн том олигархи, монголчуудыг архи, пивоор хордуулж, олон ч үрсийг өнчрөлд, олон ч айлын хагацалд хүргэж яваа энэ эрийн хүсэл Өвөрхангай аймгийн сонгогчдын саналыг давж гарах учиртай гэнэ. Тэрбээр үүнийхээ төлөө С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг иргэдэд архи, мөнгө тараасан гэж гөрдсөн. Гөрдсөн гэхийн учир нь тэрхүү хүмүүс нь өөрсдийн биеэр хэвлэлд хандаж, “Энэ архийг бариад ингээд хэлчих” гэхээр нь л хэлчихсэн шүү дээ гэсэн.

Дараа нь насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаандаа ашигласан болгож гүтгэсэн. Гүтгэлгийн бай болоод байгаа хоёр охин нь мөн л хэвлэлийн бага хурлын үеэр “Тийм юм байхгүй. Томчууд их муухай байдаг юм байна” гэж мэдэгдсэн.

Харамсалтай нь, хоёр ч удаагийн УИХ-ын сонгуульд З.Энхболдын хэтэвчний үүрэг гүйцэтгэх маягаар хамтдаа оролцсон Г.Батхүүгээ тэр зүтгүүлсээр байна. Дээр нь “Монголшуудан” банкны ерөнхийлөгч асан Д.Зоригт гэгчийн хүсэл мөн л З.Энхболдод хууль гэсэн үг. УИХ-ын даргыг хууль бусаар авч чаддаг, хууль бусаар Г.Батхүү, Д.Зоригт нарыг гишүүн болгохын төлөө зүтгэж чаддаг түүний хувьд сонгогчийн санал бол хууль бус гууль болох нь энэ. З.Энхболд гэдэг хүний улс төрийн тоглолт тун удахгүй “Монголын ардчилал устчихлаа” гэсэн мэдээлэл дэлхий нийтэд цацагдахад хүргэж, “Ардчиллаас дарангуйлагч төрдөг бодит жишээ” гэсэн тодотголоор дэлхийд дахин нэг алдаршуулахыг үгүйсгэх аргагүй юм.

Учир нь, “З”-д зуугдсан л бол” гэдэг хэлц Монголын улстөрчдийг айлгаж, дарамталж, шантаалжилж чаддаг гэх мэдээлэл өнгөрсөн 20 жилийн улс төрийн түүхийн тэмдэглэлд том орон зай эзлэх нь бий. Харамсалтай нь 20 жилийн дараагаас энэ дарамт Монголыг бүрхэх учиртай байсан бололтой юм.

Ц.Цэнгэл

АМЖИЛТ КОМ


URL:

Сэтгэгдэл бичих