СӨНӨӨГҮЙ ДЭЛХИЙ ба БИДНИЙ АРАНШИН

…Хүн хааяадаа өөрийн төрхөө толинд харж, өөртэйгээ ярилцдаг. Тэр болгон хүнд хэлээд байдаггүй ч, зарим тохиолдолд  ”Би юу хийчих вэ?” гэж өөрөөсөө асуух үе ч тохиолдоно. Бусдын өмнө өөрийн сул талаа  мэдрүүлэхгүйг хичээх авч,  ганцаараа толины өмнө өөртэйгээ ярилцахдаа өөрийн сул талаа ч хүлээн зөвшөөрөх үе бий.

Бидний амьдарч буй энэ дэлхий 2012 оны 12 сарын 21 нд сөнөж,  хүмүүн төрөлхтөний амьдрал төгсгөл болох тухай цуу яриа нилээд эрт өрнөж, хүмүүс янз бүрээр л хүлээж авсан.  Нэгэн цагт оршиж байгаад өдгөө цагт үгүй болсон Маяагийн тоолол хүмүүсийг ийнхүү эргэлзэхэд  хүргэсэн хэрэг. Хамгийн сонин нь тэд өөрсдөө үгүй болсон хэрнээ дэлхий үгүй болох хугацааг ингэж зөгнөсөн гэдэгт  олон хүн шууд итгэсэн явдал. Өөрөө итгээд зогсохгүй бусдыг үүндээ итгэхийг уриалж, элдэв нотолгоо гаргалгааг гаргав. Гэхдээ шинжлэх ухааны үндэстэй бус,  ”зөн билгийн мэдрэмж” -дээ л илүү найдаж байгаа нь анзаарагдсан.

Санаж байгаа бол, 1990-ээд оны эхээр нэгэн зохиолчийн сэдсэн  ”Алтан цөгц”-ний хэрэг,  өөрийгөө “харь гаригийнхантай холбоотой” болох тухай нотолж, хожим нь Монгол Улсын Ерөнхийлэгчийн дэргэд шадарлах болсон нэгэн “үзмэрч”-ийн хэрэг,  ”Гал гаргадаг” увидсаараа ШУА-ийнхныг “алмайруулж” , 3 өрөө байртай болж байсан  нэгэн бүсгүйн хэрэг,  бүгдээрээ л Монгол даяар “шуугиан” дэгдээсэн. ШУ нь ядмагхан хөгжиж байгаа оронд,  энэ бүх үзэгдлүүд нь  Улс орны дээд түвшиндээ хүртэл яригдаж  эцэст нь “элэг доог” болж дуусав.  Амнаас ам дамжсан элдэв цуу яриа, янз бүрийн  таамаглал, далд увидас, ид шидэнд  ШУ-наас ч илүү итгэдэг монголчуудын хувьд  энэ үзэгдлүүд, нэгэн цагийн “амны зугаа” болж, хожим нь тэр хүмүүсийг  олон нийтээрээ “харааж зүхэх” сайхан шалтаг нь болдог. Нэгэн талаас нь харвал нүүдэлчин  иргэншлийн “уламжлалт араншин” гэлтэй.

“Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг” гэж монголчууд хэлэлцдэг авч  энэ удаад бас “хашраагүй” гэдгээ нотлов. Өндөр хөгжсөн шинжлэх ухаан, дэлхийн хэмжээнд  ”ийм зүйл огт болохгүй” гэж нотлоод байхад л “ээ дээ болно доо харж байгаарай”, “юмыг яаж мэдэх вэ”, “ер нь сөнөх нь тодорхой байхад биднийг хуураад байна” гэсэн уламжлалт адбиш  араншиндаа хөтлөгдөн, улс орон даяараа  хийрхэцгээв. Барааны зах дээр монгол гэрүүд зарагдаж дуусан, олноороо лаа шүдэнз, хүнсээ бэлтгэцгээж,олон олон хүмүүс хөдөө явцгааж,  энэ өдөр ах дүү амраг саднаараа хамтдаа байж байгаад “дуусах” их хөдөлгөөн биднийг “шившиг” болгож л харагдууллаа.”Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажив”  гэгчээр  ”амьд үлдчих” гэсэн сүүлийн арга нь юм уу даа.  ”Ядаж байхад яр” гэдэгчлэн ийм хийрхэлийг өгдөөн дэвэргэж мэдэмхийрэгчид  даанч их. 12 сарын 21 ний урд өдөр олноороо согтууран “эрүүлжүүлэгдэж”, автомашины хөдөлгөөн багасаж, хүүхдүүд багачуудаа сургууль цэцэрлэгт нь  явуулаагүй  ийм тохиолдлууд Монголоос минь өөр газарт болоо болов уу?

Энэ өдөр “амьд үлдсэн” дээ баярлан баясаж байгаа олон хүмүүсийг харах ахул яг л “адгуус” мэт. Ном уншдаггүй, нотолгоог тоодоггүй, шинжлэх ухаанд итгэдэггүй, эргэцүүлж эрүүл ухаанаар боддогүй “хар масс” Монголоор минь дүүрчээ. Үсээ засуулахдаа зурхай харж, үйл хөдлөл болгоноо ламаас асууж, алс ирээдүйгээ зурхайчаар зуруулж, алдаа онооны дэнсээ бөөгөөр шийдүүлж байдаг , өөртөө итгэх итгэлээ алдсан ийм хүмүүс л  энэ хийрхэлийг дэгдээж буй. Тэд баримт нотолгоог огт хайхралгүйгээр, амнаас ам дамжсан  ”мэдээлэл” -ээр хэн нэгэн албан тушаалтныг “аврах хөдөлгөөн” өрнүүлж,  ”эх орон минь сөнөлөө” хэмээн хуурай  ”уйлж” “орилж”, эрүүл сэтгэхүйг харааж зүхэж, нулимж бүгдээрээ үзэн ядахыг уриалцгаана. Өөрөө хэнд ч юунд итгэхгүй хэрнээ, өөртөө итгэж байгаа хэн нэгнийг шоолж доромжилно.  Гэсэн мөртлөө өөрсдөө юу ч хийхгүй, юу ч хийж чадахгүй.  Бид бүгдээрээ  ”ИТГЭЛ”-ээ алдаж, бусдад хууртагдаад байх аваас Монгол орон минь хэрхэн хөгжих билээ.

Зарим хүмүүс “Орифлем”-ийн Оюунгэрэлээс “хариугаа авах” -ыг хүсч байна.  Оюунгэрэл гэдэг бүсгүй Арго шиг, өөр хэн нэгэн ухаангүй нэгэн шиг л “тэнэг” бүсгүй. Магадгүй зальтай ч байж болох.  Харин хэн ч биднийг түүнд  ”заавал итгэ” гэж албадаагүй. Түүний хэлсэн болгонд нь итгэж байгаа та нар өөрсдөө л буруутай.  Хэдий болтол монголчууд бид өөрсдийгөө “гэнэн итгэмтгий, цайлган цагаан сэтгэлтэй” гэж “өхөөрдөж ” явах билээ. Одоо чинь шинжлэх ухаан, техник, технологи хурдацтай хөгжиж байгаа 21-р зуун.  Шулуухан хэлэхэд  бид хоцрогджээ.

… Нээрээ одоо л монголчууд бид өөрсдийгөө толинд нэг харах цаг болжээ.  ”Бид ингэхэд хэн бэ?” гэж асуух цаг болжээ. Гунигтай  хэрнээ өөрийгөө шоолж мушийх цаг болжээ.

ХАШИР ХҮН гэж ХАШИРСАН ХҮНИЙГ ХЭЛДЭГ ЮМ ДАА.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail:   gala_mn@yahoo.com
2012-12-22


URL:

Сэтгэгдэл бичих