Бүх хүн тэгш эрхтэй, АН-ын гишүүн бүр илүү эрхтэй

b1e6fb5e9d7f4d7eoriginalАнглийн зохиолч Жорж Орвелийн “Амьтны ферм” гэдэг номын талаар сонсоогүй хүн цөөхөн байх. Тэгш эрхийн зарчим ярьсан нэг, хоёр хүн хэрхэн яаж бусдыг мунхруулан байж дарангуйлал тогтоодгийг нэгэн фермийн амьтдаар ёгтлон харуулсан уг номын тухай манай “ардчилагчид” зургаа, долоон жилийн өмнө их л олон удаа жишээ татаж ярьсан юм даг. Өнөөдөр авлигын хэргээр шоронд хоригдож байгаа Н.Энхбаярт зориулж тухайн үед тэр номоос жишээ татдагаа ч нуудаггүй байв. Номын гол утга нь фермийн амьтад эзнээ хөөж явуулаад, эрх тэгш, баян чинээлэг амьдрах мөрөөдлөө хэлэлцсэнээр эхэлдэг. Тохирсон ёсоор эзнээ ч хөөж, амьтад хоорондоо эв найртай, эрх тэгш байх долоон заалттай хуулийг батална. Тэр дотроо арай илүү арга зальтайгаараа гахайнууд удирдлагыг гартаа авдаг ба тэгш эрх ярьсаар байх авч нэг л мэдэхэд тэд бүхний дээр заларсан байдаг. Улмаар амьтдын ферм гахайнуудын боолчлолын газар болон хувирч, “Бүх амьтан тэгш эрхтэй, түүний дотор гахай бүр илүү тэгш эрхтэй” гэсэн зарчим аажмаар бат бэх байр сууриа тогтооно.
Гэтэл үүнтэй төстэй үзэгдлийг өнөөдрийн АН-ынхан давтаж үзүүлж байна. Тэд нэгэн цагт “дарангуйлагч” хэмээн шүүмжилж, гоочилж явсан Н.Энхбаярыг шоронд илгээчихээд өөрсдөө дарангуйллын өөр хувилбарыг амьдралд хэрэгжүүлж байгаагаа анзаарахгүй байна уу, эсвэл анзаарахыг хүсэхгүй байна уу. Тэгш эрх, хуульт ёс гэж амьсгалах тоолондоо ярьдаг байсан АН-ын дарга нар өнөөдөр бол “Бүх хүн тэгш эрхтэй, гэхдээ АН-ын гишүүн бүр илүү эрхтэй” гэсэн зарчмаар алив асуудал бүхэнд хандаж байна. Тэгш эрхтэй байна гэсэн хуулийг өөрсдөө батлалцсан учир амьтад үүндээ сэтгэл хангалуун, гахайнууд эрх мэдлийг аажмаар төвлөрүүлж байгааг огт анзаардаггүй шиг ард түмэн эхлээд юм бодсонгүй, сүүлдээ харин гайхширч эхэллээ. Ардчилсан улсын иргэн нийтээрээ тэгш эрхтэй гэж Үндсэн хуульд заасан. Тэгвэл үүний төлөө л тэмцдэг мэт харагдаж ирсэн АН- ынхан яагаад өөрсдөө илүү эрх эдлээд байгааг ухаж ойлгохыг хичээж байна. Амьтны фермийн амьтад гахайнууд илүү эрх эдэлж байгааг анзаардаггүй. Амьтдаас ялгаатай нь бид хүн учир анзаарч эхэлсэн нь олзуурхууштай шүү. “Амьтны ферм” номыг анх сурталчилснаараа АН-ынхан ард олноо амьтад шиг санасан ч байж магадгүй л юм. Эсвэл амьтдын санаачлагыг гартаа авсан гахай шиг анх ардчилалд уриалан дуудсан гэдгээрээ илүү эрх эдлэх ёстой гэж сэтгэсэн байхыг ч үгүйсгэхгүй л юм. Юутай ч АН-ын эрх мэдэлтнүүд болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар намынхаа дээдэс болон доодост хэрхэн илүү эрх мэдэл эдлүүлж байгаа зарим жишээг дурдмаар байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Өнгөрсөн зун мэдээж сонгуулийн дараа төр, засаг шинээр эмхлэгдэв. Арай олон суудал авсан АН засгийн эрх мэдлийг хэнтэй хуваалцахаа шийдэх яг тэр мөчид Ардын намын гэсэн нэр, тодотголтой бүхэн АН-ынхнаас байтугай “ард” гэсэн тодотголтой жирийн иргэдээс ч дорд үзэгдэх бодлого далдуур мөлхөж байжээ. Өнгөрсөн жилүүдэд өвөртөө оруулаад хамтарсан юм чинь өнөөдөр хариу нь ирэх байлгүй гэж мөнөөх Ардын намынхан нь битүүхэн хүлээсэн нь ч нууц биш. Гэвч “ардчилагчид” ёстой үгүй шүү хэмээн хэдэрлэж, өч төчнөөн гишүүн ба гишүүн бус хүмүүсийн эрхийг төрөл бүрийн аргаар зөрчих, хэлмэгдүүлэх ажиллагааг шуудхан эхлүүлэв. Улсын дээд шүүхийн ерөнхийгөөс эхлээд бүх л шатны шүүгчийг санал болгож томилдог Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж энэ сүлжээгээ ашиглан МАН-ын гишүүн ба гишүүн бус хүмүүсийг хомроглон шалгаж, дуудах болов. Тэр ардчиллын он жилүүдэд “шударга” хэмээх дүр төрхийг өөртөө бүрдүүлж чадсан тул олон нийт үүнийх нь төлөө сонгосон болов уу. Харамсалтай нь тэр бүх хүн тэгш эрхтэй гэж ярьдаг ч МАН- ынханд эрх гэж бүр байхгүй, АН-ынх бол бусдаас илүү эрхтэй гэсэн зарчмыг яг таг баримталж байна. Түүний дохиураар хөдөлдөг болсон гэх шүүхийн захирамжаар Г.Батхүү УИХ-ын гишүүн болов. Удаалаад МАН-ын гишүүд учир Ч.Хүрэлбаатар, Х.Чойжилсүрэн нарыг золигт гаргаж, АН-ын Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар УИХ-д орж ирэхээр хөл нь газар хүрэхгүй хөөрцөглөж явна. Г.Батхүүг шүүхийн шийдвэрээр гишүүн болох үед МАН-ын С.Чинзоригийг удахгүй тангараг өргүүлнэ гэлцсэн юм гэсэн. Харамсалтай нь тэр нөхөр МАН-аас нэр дэвшсэн учир маргааш тангараг өргөх итгэл бас л алга. Увсын хоёрыг шалгаж байгаа гэж хуулийнхан битүү хатуу ярьсаар нэг л өдөр шийдвэр гаргачихсан. “Хийсэн хэргийнхээ төлөө шалгагдаж байгаа” гэсэн зарын эзэн гишүүд бас цаана нь бий. Мэдээж тэд бүгд Ардын намынхан. АН-ынхан хууль зөрчсөн байлаа ч бусдаас илүү эрхтэй байхаар тийм л төрийн дор амьдарч байна даа, бид.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН- ынхан илүү эрхтэй байх зарчмыг шинэ засаг эмхлэгдэх үед ёстой л улайм цайм харуулсан даа. 2012 оны УИХ- ын сонгуулиас өмнөхөн хамтарсан Засгийн газрын хаяаг маналцаж байсан Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан нэг л өдөр хаалга саваад гарсныг санаж буй байх. Ерөнхий сайд С.Батболд ямар сайдуудгүй танхимтай ажиллалтай биш, олонхи юм чинь өөрийнхөө намаас л нэр дэвшүүлнэ биз дээ. Гэтэл манай Ерөнхийлөгч Засгийн газрыг танхимаар нь өрөөндөө дуудаад толгой, түрийгүй загнасныг санаж байна уу. Тэгэхдээ тэр танхимын сайдуудын гуравны нэг нь л УИХ-ын гишүүн байж болно, бусад нь гаднаас байх ёстой гэсэн тухайн үеийн том шаардлагаа тавьсан билээ. Мэдээж МАН-ын Засгийн газар учраас мань хүний харц хачин ширүүн, эгээ л тасдаад хаях нь гэмээр байв. Удалгүй сонгууль болж, төр солигдлоо. Эрхэм Ерөнхийлөгчийн элбэрэл журмын нөхөд засаг байгуулав. Нийт 19 сайдаас хоёрхон буюу Зам тээврийн сайд А.Гансүх, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар л УИХ-ын гишүүн биш байв. Сайдуудыг томилоход нөгөө том зарчим ярьсан Ерөнхийлөгч маань ус балгасан мэт дуугүй. АН-ынхан бусдаас бүр илүү эрхтэйг тэр үүгээр ингэж баталсан юм. Саяхан Засгийн газрыг нээлттэй хуралдуулж, Н.Алтанхуяг нарыг бас л баахан загналаа. Дандаа хаалттай хуралддаг Засгийн газар Ерөнхийлөгчид загнуулахын тулд л хаалга, үүдээ нээгээд байдаг бас хачин хэрэг шүү. Хал нь гаднаа ч хайр нь дотроо эрхэм Ерөнхийлөгчтэйгээ АН-ын дарга нар хамтын шоу хийгээд эхэлснийг амьтад биш учир эрхбиш анзаарахтайгаа л байна, бид.

УИХ-ын дарга З.Энхболд
МАН-аас нэр дэвшсэн “мангар”- уудыг яах гэж бид сонголоо гэж сонгогчид хүртэл халаглахаар тэгэж их гадуурхагдсан хүмүүс бол УИХ дахь МАН-ын бүлгийн 25 гишүүн. Тэд бүлгээ байгуулж чадалгүй /чадахгүй ч юу байхав, бүлэг байгуулах эрх чөлөөг нь тамга атгаж, алх цохисон З.Энхболд хязгаарласан/ бүр хагас жил болсон юм. Тэр хооронд орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн чухал хуулиудыг АН ганц өөрийн бодлогоор батлан гаргав. Энэ оны төсөв, мөнгөний бодлого, “Чингис” бонд гээд нийтээрээ хэлэлцэж батлах учиртай олон хууль нэг хэсэгхэн хүний үзэмжээр батлагджээ. АН-аас нэр дэвшин сонгогдсон учир тэд илүү эрхтэй байх зарчим өнөөдөр ч УИХ-д үйлчилсээр байна. АН-ын 33 гишүүний 13 нь сайд учир хуралдааны ирц бүрдэхгүй хүнд нөхцөл үүсэв. Тиймээс МАН-ынхан хуралдаа заавал сууж, дутууг минь гүйцээ гэсэн шаардлага тавьж, хуулийн төсөл хүртэл санаачлав. “Та нарыг дээ, хуралдаа суухгүй бол бүлгийг чинь тараагаад хаячихна шүү” гэсэн заналхийлэл дагуулахаа яаж мартахав. Бүлэгтэй болоотохсон чинь байнгын хорооны хуралдаанд суух эрхийг нь дахиад л хясан боосон асуудал үүслээ. Ингэж ард түмнээс сонгогдсон төрийн түшээдийн эрхийг хөсөрдүүлж байгаа нь мөнөөх л “Бүх хүн тэгш эрхтэй, АН-ын гишүүн бол бүр илүү эрхтэй” гэсэн тунхагийн илрэл болон харагдаж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг

Ерөнхий сайд гэдэг бол танхимаа ерөнхийд нь захирна л гэсэн үг болохоос ерөнхийлөн дарангуйлна гэсэн утгатай биш нь тодорхой. Харин “шинэчлэлийн” Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг улс орныг ерөнхийд нь дарангуйлах замдаа нэгэнт шуудраад байна. Нөгөө л АН-ын гишүүн бол бүр илүү эрхтэй байх зарчмыг барих болсон нь ерөнхий-дарангуйд нөлөөлж байгаа нь лав. МАН-ын угшилтай, эсвэл үзэл бодлыг нь дагадаг гэж харагдсан, ер нь АН-ын талынх биш төрийн албан хаагчид ажлаасаа халагдах нь халагдаж, тушаал буурах нь буулаа. Илүү эрхтэй учир АН-ын гишүүд, АН-ын дарга нарын ах, дүү, танил тал төрийн албыг дүүргэлээ. Ашиг сонирхлын зөрчил гэдэг үгийг Н.Алтанхуяг “ерөнхий” амнаасаа саяхан нэг унагасан юм. Засгийн газрын сайдуудаас эхлээд танил тал, ах дүү нь бүгд ашиг сонирхлын зөрчилд орооцолдсоор байхад юу ч хэлээгүй л дээ. Харин Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшсэн МАН-ын гишүүн хувьдаа компанитай учир сонирхлын зөрчлийн золиос болж байгаа тухай сүрхий чангаар хэлэв. Өөрөөс нь эхлээд өчнөөн олон компанитай сайдууд АН-ынх учир бүр илүү эрхтэй л гэсэн үг. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга л гэхэд хувийнх нь компани багтдаг салбарын сайдаар томилогдсон билээ. Эрх мэдлийг хувийн ашиг сонирхолд дөрлүүлэхгүйн тулд ардчилсан оронд салбарын сайд байх нь бүү хэл тэр сэдвээрх хуралдаанд оролцож, хошуу амаа билүүдэх ч эрхгүй байдаг гэнэ лээ. АН-ынхан ч ингэж л ярьдаг байв.
Орон нутгийн сонгуулиас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч өнөө хэр зарим аймаг Засаг даргагүй байна. АН-ынхаа журмын нөхдөд илүү эрх эдлүүлчих санаатай Ерөнхий сайд Н.Алтанхуяг ёстой л үсээ цайтал үзсээр тэр. Хөвсгөл аймгийн сонгогчид МАН- ыг сонгосон нь ер хэнд хамаатай юм бээ. Эцсийн эцэст өнөөдөр “төрийн гурван өндөрлөг”-ийн эрх мэдэл АН-д байхад…илүү эрх мэдлийг эдлүүлэхдээ л нэг эдлүүлнэ хэмээн зүтгэсээр байх авай. Бизнесийг хамгаалах, хувийн эрх, эрх чөлөөг өмгөөлөх тэдний хөг бүр ч өнгөрөв. “Хураана, устгана, нураана…” гэх үгсийг “Өглөөний мэнд” гэж байгаа мэт хээвнэг хэлдэг болов. Харамсалтай нь устгах, хураах кампанит ажилд эхнээсээ Ардын намын гишүүд өртөөд эхэлсэн шүү. “Ардчилсан” засгийн өнгөн дээр АН-ынхан бүр их эрх эдэлнэ , гэхдээ бүх хүн тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн заалт хэвээрээ л байгаа шүү.

Т.БҮДЭЭХҮҮ


URL:

Сэтгэгдэл бичих