Ээлжит чанаргүй барилгаар “Ти Си Ди” компанийн барилга тодров

tisidiiМанай улсын барилгын салбарт нэрд гарсан, гараагүй олон компани байдаг. Эд­гээр компанийн барьсан орон сууцны барилгууд чанар­тай­гаасаа чанаргүй нь олон болол­той юм. Үүний нэг жишээ нь хотын “А” зэрэглэлийн бүсэд зүй ёсоор багтах Баян­гол дүүргийн нутаг дэвсгэр, Баруун дөрвөн замын орчим буюу “Гранд плаза”-гийн чанх сүндэрлэсэн “Г” хэлбэртэй орон сууцны барилга юм. Уг барилга нь “Ти Си Ди” компанийнх бөгөөд захиалагч нар нь хэдэн сарын өмнө орсон байна. Гэвч орсон даруйдаа чанаргүй гэдгийг нь мэдэрсэн нэгэн захиалагч “Энэ байранд амьдрах ямар ч нөхцөл алга.

 

Иймээс мөнгөө буцаан авмаар байна” гээд чанаргүй баригдсан барилгынх нь талаар компанийн удирдлагуудад хэлэхэд урьдчилгаа өгсөн мөнгөө буцаан авах нь бүү хэл бүр мөнгө нэмж төлөхөөр болсон байна. Чухам тус барилгын юу нь болохоо байчихаад оршин суугчдыг бухимдуулаад байгааг сонирхохоор барилга дээр нь очсон юм.

Тус орон сууцны барилгын гаднах орчин хогонд дарагдан бохир заваан байснаас гадна  хэдхэн сарын өмнө ашиглалтад орсон барилга гэхэд өнгөлгөөний шавар нь хөндийрөн ховхорсон байв. Уг нь энэ барилга орон сууцны зориулалтай. Гэвч дотроо хогийн функергүй. Функергүйгээсээ болоод оршин суугчид нь орцныхоо үүдэнд томоос том хогийг цэгийг бий болгосон байлаа.

Ямартай ч тус байрны оршин суугчдын санаа бодлыг сонсохоор дотогш орж эхний айлын хаалгыг тогшиход нэгэн өндөр настан хаалгаа тайлсан юм.

Түүнээс зарим зүйлийг тодруулахад “Өвөө нь энэ байранд арваад хоногийн өмнө нүүж ирсэн. Нүүж ирээд удаагүй байтал ариун цэврийн өрөөний хаанаас нь ч юм бэ бүү мэд, ус алдаад сүйд болсон. Хаанаас ус алдаад байгааг нь мэдэх санаатай хамаг юм аа орвонгоор нь эргүүлчихсэн байгааг харж байгаа байх” гэв.

 

Тус байрны оршин суугчид: ХЯМДХАН ЧАНАРГҮЙ МАТЕРИАЛААР ХИЙСЭН НЬ ИЛТ БАЙГАА ЮМ

 

-Ерөнхийдөө энэ барилгын дотоод ажлыг гардаж хийсэн хүмүүс маш муу хийсэн юм шиг байна лээ. Сантехник гээд дотор заслуудыг нь хямдхан чанаргүй материалаар хийсэн нь илт байгаа юм. Байж байгаад л нэг юм нь эвдэрчихнэ. Өчигдөр л гэхэд ариун цэврийн ус байхгүй болчихоор нь янзлуулах санаатай холбогдох хүмүүст нь хэлэх санаатай хайсан боловч ерөөсөө олдохгүй. Одоо ч гэсэн хайгаад л явж байна.

Өдөр ирэх тусам ямар нэгэн юм нь эвдэрч байдаг энэ байрны оршин суугчид тав тухтай, тохилог орчинд амьдрах гэж нэг метр.квадратыг нь нэг сая 400 мянган төгрөгөөс нэг сая зургаан мянган төгрөгийн хооронд худалдаж авсан. Гэвч дахиад арав гаруй сая төгрөгөөр бүрэн засвар хийх гэж байгаа айл ч байсан юм.

Тус барилгын стандарт, чанар хийцийн талаар цөөн хэдэн оршин суугчдын бодол ийм байгаа юм. Харин “Болж бүтэхгүй зүйл их байна. Гэхдээ дөнгөж орчихоод олон юм ярихыг хүсэхгүй байна. Таалагдахгүй, болохгүй байгаа зүйлүүдийг яривал маш урт яриа болно” гэх хүмүүс олон байсан юм. Иймээс оршин суугчдын гомдлын дагуу тус байрыг хариуцсан холбогдох албан тушаалтантай уулзах гэсэн боловч “Хятад эзэнтэй, бүгд нутаг руугаа явсан” гэж хариуцаж үлдсэн хэдэн монгол ажилчид үгийн зөрүүгүй хөөж туун, элдвээр харааж байсан.

“Уг нь энэ орон сууцны барилгыг барихдаа есөн давхар барилга барина гэж тооцоолчихоод, дээр нь нэмж арван хэдэн давхар болгосон. Иймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар хүлээн аваагүй” гэсэн зүйлийг тус байрны ойр орчим амьдрах хүмүүс шивэр авир ярьдаг юм билээ. Улсын комисс хүлээж аваагүй барилгыг ус, цахилгаанаар хангах, тэр ч байтугай оршин суугчдыг оруулах ёсгүй. Тийм байтал Монгол Улсын хууль дүрмийг уландаа гишгэж, хормын төдийд ашиглалтад орсон тус барилгын талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын Барилгын техникийн улсын байцаагч П.Мягмараас цөөн асуултад хариу авлаа.

-“Гранд плаза”-гийн чанх хойно “Ти Си Ди” компанийн орон сууцны барилгад захиалагч нар нь орчихсон байна. Тус барилга нь зөвшөөрөл авсан хэмжээнээсээ томруулж барьсан. Улмаар хазайсан гэх юм. Ер нь энэ барилгад шалгалт хийсэн үү?

-Анх 12 давхар барилга барихаар зөвшөөрөл аваад баригдах явцдаа 16 давхар болон өөрчлөгдсөн. Өөрчлөгдөх явцад тус барилга нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтад байж байгаад өнгөрсөн 2008 онд манай байгууллагад шилжин ирсэн. Үүнээс хойш манай байгууллага тус барилгын угсралтын явцад хяналт тавьж байгаа.

-Тус барилгыг улсын  комисс хүлээж авсан уу. Захиалагч нар нь орчихсон байсан?

-Улсын комисс хүлээж аваагүй байгаа. Ерөнхийдөө Барилгын тухай хуулинд барилгын ажил дууссан боловч улсын комисс хүлээн авч ашиглалтад өгөөгүй тохиолдолд ашиглахыг хориглоно гэсэн заалт байдаг. Энэхүү заалтыг зөрчиж байгаа юм байна.

-Ямар учраас улсын комисс хүлээж авахгүй байгаа юм бэ. Барилга дээр очиж оршин суугчид­тай уулзахад маш хүнд байдалд амь­дарч байсан?

-Тэр барилгын ажил дуусаагүй. Улсын комисс ажиллах нь байтугай техникийн комисс ч ажлаагүй барилга шүү дээ.

-Тэгэхээр дуусаагүй барилгадаа захиалагч нараа оруулсан тухайн компанид ямар шалгалт хийж, хариуцлага тооцдог вэ?

-Мэргэжлийн хяналтын газраас тухайн барилгын ажлын явцад хяналт тавьдаг.

Барилгын компаниуд орон сууцны барилга барихдаа, захиалагчтайгаа гэрээ хийдэг. Гэрээнд ашиглалтад орох хугацаа гэх мэт маш олон зүйлийг тусгасан байдаг. Хэрвээ заасан хугацаандаа ашиглалтад өгөөгүй тохиолдолд тодорхой хувийн алданг тооцож, захиалагч нартаа буцаан олгоно гэж ихэнх барилгын компаниуд гэрээндээ тусгадаг. “Ти Си Ди” компани нь ч мөн адил. Гэвч гэрээнд заасан хугацаандаа барилгын ажлаа дуусгаагүй учир захиалагч нартаа алданг мөнгө төлөхөөсөө зайлсхийж ийнхүү оруулсан байж магад. Ямартай ч тус компани нь орон сууцны барилгаа чанаргүй материалаар барьсныг оршин суугчид илчиллээ.

 

Ж.Баттуул


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.