Иргэд газрын хуулийн талаар мэдээлэл бага байна

gazar-middleУИХ-ын чуулганаар Газрын багц хуулийг хэлэлцэж эхэлсэн. Тэгвэл уг хуулийг 2013 оны хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан. Тодруулбал, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, Геодези зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон тэдгээрийг дагалдах хуулийн төслүүд, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх болно.

Тэгвэл Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороон дээрх эл хуулийн төслийн талаар иргэдийн саналыг авахаар болсон. Харин иргэд энэ хуулийн талаар хэр мэдээлэлтэй байгаа болон санал асуулгын талаархи сэтгэгдлийг нь сонслоо.

Чингэлтэй дүүргийн иргэн Н.Ванчинсүрэн: Газраа өмчилж авах талаар хөөцөлдөж үзээгүй

-Одоогоор газраа өмчилж аваагүй. Энэ байгаа газартаа жил гаруй хугацаанд амьдарч байна. Өмчилж авах талаар хөөцөлдөж үзээгүй. Миний хувьд Газрын тухай хуулийн талаар тодорхой мэдээлэл алга. Саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгааг харахад багагүй маргаан дагуулаад байгаа юм болов уу гэж бодсон. Үнэхээр сайн зохицуулж өгөхгүй бол олон сөрөг нөлөө гарах учраас маш сайн ярилцаж, хэлэлцэж байж энэ хуулийг батлах нь чухал. Манай дүүргийн зарим газрыг барилгажуулах зүйл яригдаж байгаа юм билээ. Тийм болохоор энэ хуульд барилгажуулах газарт амьдарч байгаа иргэдийн газрыг төр худалдаж авахдаа тодорхой журмыг зааж өгөх нь чухал. Тухайлбал, газраа чөлөөлсөн иргэд тухайн газарт баригдсан орон сууцанд хөнгөлөлтэй нөхцөлөөр оруулах юм уу үнэ төлбөргүй оруулж өгөх хэрэгтэй.

Чингэлтэй дүүргийн иргэн Ш.Ундраа: Төр иргэдийн өмчинд халдаж болохгүй  

-Зуслангийхаа газарт тав орчим жил амьдарч байгаа ч газраа өмчилж аваагүй л байна. Газраа ямар байдлаар өмчлөх талаар хөөцөлдөөд явах зав бага байдаг болохоор асуудал ийм л байна. Сүүлийн үед газрын тухай хууль яригдаж байгаа ч мэдээлэл бага байна. Миний хувьд газар албадан чөлөөлөх тухай зүйлийг сонссон. Ийм заалт үнэхээр оруулж өгөх гэж байгаа бол төр иргэдийн өмчинд халдаж болохгүй. Харин хууль бусаар газар авч иргэдийн амьдрах орчинг сүйтгэн барилга барьсан компани болон хууль бус зүйлтэй тэмцэх асуудлыг чангатгаж оруулж өгөх хэрэгтэй. Үүнээс гадна газрын төлбөр гэсэн зүйл их асуудалтай санагддаг. Үүнийг иргэдэд ойлгомжтой болгох нь чухал. Өөрөөр хэлбэл, ямар байдлаар газрын төлбөр төлөх, үнэ ханшийг нарийн тогтоосон нь дээр гэж бодож байна.

Хуулийг муу баталвал иргэд хохирч үлдэнэ /Нэрээ хэлэхийг хүсээгүй иргэн/

-Газрын өмчлөлийн асуудал их л ээдэрсэн юм болоод байна. Э.Бат-Үүл нийслэлийн Засаг дарга болонгуутаа энэ асуудлыг зогсоосон. Өөрөөр хэлбэл, газраа өмчилж авах гээд өргөдлөө өгөх гэхээр газар өмчлөх асуудлыг зогсоосон захирамж Хотын даргаас ирсэн гэж хэлсэн. Одоогоор хууль нь яригдаж байгаа ч иргэд ямар ч мэдээлэлгүй байгаа шүү дээ. Миний хувьд хуульч хүн энэ асуудлыг анхааралтай харж байгаа. Үнэхээр хуулийг муу баталвал иргэд хохирч үлдэнэ.

Чингэлтэй дүүргийн иргэн Л.Төмөрбаатар: Газраар бизнес хийгчдэд анхаарал хандуулах цаг болсон

-Газар дээрээ олон жил амьдарч байна. Одоо амьдарч байгаа газраа өмчилж авсан ч олон жилийн өмнө авч байсан болохоор яаж авснаа сайн мэдэхгүй л байна. Харин одоо манай эхнэр гурван хүүхэд маань ямар байдлаар газраа өмчлөх, хаана хандахаа мэдэхгүй юм. Уг нь хүүхдүүддээ газар өмчлөөд аваад өгвөл зүгээр байна. Ер нь хүүхдүүддээ орон нутагт газар авч өгвөл зүгээр л юм. Гэсэн ч дэд бүтэц хөгжөөгүй, газар авсан ч ашиглахгүй болохоор хэрэг байхгүй гэж бодох юм. Тиймээс энэ хуульд дэд бүтэц сайтай газар газар өмчлүүлэх талаар тусгах хэрэгтэй байх. Үүнээс гадна манай улсад газраар бизнес хийгчид маш их байна. Үүнд анхаарал хандуулах цаг болсон гэж бодож байна.

Хөвсгөл аймгийн иргэн н.Болдбаатар: Орон нутагт энэ асуудлыг мэдэж байгаа хүн цөөхөн

-Орон нутагт энэ асуудлыг мэдэж байгаа хүн цөөхөн л байх. Миний хувьд ч гэсэн ямар ч мэдээлэл алга. Харин гэр бүлийн хэрэгцээний газар өмчүүлэх ажил эхлээд удаж байгаа. Гэсэн ч иргэд газраа өмчилж аваагүй байна. Миний хувьд ч гэсэн газар өмчилж аваагүй. Харин энэ талаар санал хэлэхэд, бэлчээрийг л битгий өмчлөөсэй гэж хэлмээр байна. Малчид чинь цаг агаар ямар байна. Хаана өвс ногоо их, түүнийг дагаад жилийн дөрвөн улиралд нүүдэг улс. Үүнээс гадна хуулийг батлах гэж байгаа бол олон шатны хэлэлцүүлэг хийх нь зүйтэй. Газар гэдэг бол тоглоом биш.

Төв аймгийн иргэн н.Норов: Хуулийн талаар мэдээлэл бага байна

-Газрын тухай хууль хэлэлцэж байгаа талаар иргэд төдийлөн мэдээлэлгүй байгаа байх. Миний хувьд ч гэсэн мэдээлэл бага л байна. Саяхан энэ талаар нэг яригдсан ч одоо чимээгүй болж. Манайхан ч нэг зүйлийг сүр дуулиантай ярьж эхлээд тэгээд нам жим болсноо ийм хууль, дүрэм, журам баталчихсан гэдэг улс даа. Сайн бодож, ярилцаж батлах нь чухал байх. Энэ хуулийн талаар хэлэлцүүлэг, санал авч байгаа талаар дуулсан. Гэсэн ч бид хаанаас хуулийг нь унших билээ. Мэдээлэл хөгжсөн газрын иргэд интернэт ашиглан үзэж болох ч орон нутгийн, хөдөөний иргэдийн хувьд энэ хуультай танилцана гэдэг үлгэр байх.

Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Чулуунбаатар: Хуулийн талаар мэдээлэл байхгүй  

-Хуулийн талаар мэдээлэл байхгүй. Иргэн хүний хувьд саналаа хэлэхэд, иргэдэд газар өмчлүүлэх нь хамгийн чухал. Тиймээс газар өмчлүүлэх асуудлыг маш сайн хуульчилж зааж өгөх хэрэгтэй. Үүнээс гадна дархан цаазтай, байгалийн цогцолбор газарт газар олгохгүй гэж байдаг ч энэ зүйл өнөөдөр амьдрал дээр эсрэгээрээ байна. Мөн гадаадын компаниуд манайд ирээд газар нутгаас минь өөрийн дураараа авч байгааг хараад байж чадахгүй нь. Тийм болохоор тэдний эрх ашгийг хязгаарлах хэрэгтэй. Миний сонссоноор газрыг албадан чөлөөлөх асуудал маргаан дагуулаад байгаа юм билээ. Тийм болохоор үүнтэй уялдуулж, нухацтай хэлэлцэх, улстөржихгүй байх нь чухал. Улстөрчид гол нь улстөржихгүй гэж байгаа ч үнэхээр их намчирхаж, талцан хуваагдаж улстөржиж байна.

Чингэлтэй дүүргийн иргэн Д.Отгонгэрэл: Газрын хууль гэхээр газраа өмчилж авах зүйл л санаанд орж байна  

-Газрын хууль гэхээр газраа өмчилж авах зүйл л санаанд орж байна. Бусдаар бол ямар заалт орж байгааг мэдэх юм алга. Миний хувьд газраа өмчилж аваагүй. Аавтайгаа хамт нэг хашаанд амьдардаг болохоор ийм үед яаж газраа өмчилж авахаа мэдэхгүй юм. Нэг санал хэлэхэд, иргэдэд газар өмчлүүлнэ гэж хэлээд байгаа ч энэ нийслэлд авах газар алга. Гэтэл хаа хол дэд бүтэц хөгжөөгүй газар газар ав гэх юм. Ийм байж болохгүй шүү дээ. Бид өнөөдөр амьдрах орчин нөхцөлөө харж хотод амьдарч байгаа. Гэтэл эргээд ямар ч хөгжилгүй газарт амьдарна гэвэл хэцүү шүү дээ.

Э.Пагма


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих