“Техникийн үзлэгийг татвартай андуурч болохгүй”

mashin1-300x233Авто тээврийн үндэсний төвөөс автомашины үзлэг, оношлогоог орон даяар өрнүүлж байна. Энэ талаар тус төвийн Техникийн хяналтын хэлтсийн дарга С.Насанбатаас тодрууллаа.

-Жолооч нар ихэвчлэн дулааны улиралд машинаа үзлэг, оношлогоонд оруулж байна. Хяналтын явцын талаар тодруулахгүй юу?
-Тээврийн хэрэгслийн оношлогоо улсын хэмжээнд 50 орчим хувьтай явагдаж байна. Харин нийслэлд 110 мянган автомашиныг үзлэгт хамруулаад байгаа. Өнгөрсөн онд 207 мянган тээврийн хэрэгсэл орж байсан юм.

-Автомашины үзлэг ихэвчлэн дулааны улиралд идэвхжих юм. Жолооч нарын хувьд дараалал ихэсдэг талаар гомдолдог?
-Дараалал үүсч байгаа том шалтгаан байна. Манай жолооч нар нэг зүйлийг андуураад байдаг юм. Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг оношлогоо бүтэн жилийн турш явагддаг болсон. Гэтэл иргэд зөвхөн хавартаа багтаж оношлогоонд орох гэж яарснаас ачаалал үүсч байна. Тэд бас татвартай андуурдаг тохиолдол бий.

-Бүтэн жилийн турш техникийн хяналтын үзлэгт орох боломжтой гэлээ. Оношлогоог ямар газруудад явуулж байна вэ?

-Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт оношилж байна. Мөн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний Сонгинохайрхан, Баянзүрх автовокзал болон орон нутагт техникийн хяналтын 22 төв ажиллаж байгаа. Жолооч нар нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр үйлчлүүлж, оношлогоондоо орох боломжтой.

- Хугацаанаасаа хоцорсон тохиолдолд торгууль төлөх үү?

-Хуулиараа торгууль төлөх ёстой. Гэхдээ бид жолооч нараа торгохыг яарсан зүйлгүй. Болж өгвөл тайлбарлаж, дараа хугацаандаа амжиж орохыг анхааруулж байна.

/ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих