Тангараг өргөх ёслолыг Сүхбаатарын талбайд хийхийг дэмжив

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгч тангараг өргөх ёслолын журмыг өөрчлөх тухай асуудалд санал нэгджээ.
АН-ын бүлэг хуралдааныхаа эхэнд 2008 оны долдугаар сарын 1-нд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн бөгөөд улмаар “Монгол Улсын Их Хурлын 1993 оны зургадугаар сарын 8-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжихээр санал нэгджээ.
Энэ төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр долдугаар сарын 10-нд байх бөгөөд Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө, Сүхбаатарын талбайд олон нийтийн өмнө ёслол үйлдэхээр тусгасан юм.
Мөн тус бүлэг хаврын чуулганаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр багтааж, харин намрын чуулганаар Газрын тухай багц хуулийн төсөл, Сонгуулийн тухай хууль, Баялгийн сангийн тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, “Олуулаа” хуулийн төслүүдийг хэлэлцэхээр оруулжээ.
Чуулганы завсарлах хугацаанд Эдийн засгийн багц хуулийн төслийг боловсруулах чиглэлд тус бүлгээс анхаарч, 2014-2016 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн жагсаалтыг нарийвчлан гаргах, Тендэрийн тухай хуулийг өөрчлөх чиглэлээр ажиллах Ажлын хэсэг гаргах болсон байна.
Г.Билгүүн
URL:




