“Анод” банкны захирлуудыг “Ганц худаг”-т хорив

Дөнгөж сая Нийслэлийн прокурорын газраас “Анод” банкны удирдлагууд болох Н.Даваа, Б.Энхтөр, А.Гүр-Аранз нарыг “Ганц худаг”-ийн урьдчилан хорих төвд саатууллаа.

Тэдэнд харилцагчдынхаа мөнгийг хувьдаа завшсан, банкны хууль тогтоомж зөрчсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тодруулбал анх 2009 оны 12 дугаар сард  дээрх гурван эрхэмд ЭХ-ийн ТА-ийн 156 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэгт ял тулгаж “Ганц худаг”-т саатуулаад байсан билээ. Тэднийг гурван сар гаруй хорьсны эцэст 2010 оны 2 дугаар сард суллаж байсан.

Өнгөрсөн хугацаанд эл хэрэг гурван ч удаа Нийслэлийн прокурорын хяналтад очиж байсан ч хяналтын прокурор хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр УМБГ-т буцаасаар байсан юм. Н.Даваа нарт холбогдох “Анод” банкны хэрэг одоо ч мөрдөн байцаалтын шатанд буй. Чухам яагаад Н.Даваа, Б.Энхтөр, А.Гүр-Аранз нарыг дахин “Ганц худаг”-т саатуулсан нь одоогоор тодорхой бус байна.


URL:

Сэтгэгдэл бичих