Шатахууны үнэ 30 төгрөгөөр хямдарлаа

Нефть импортлогчид бүх төрлийн шатахууныхаа үнийг өнгөрсөн лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнө 30 төгрөгөөр хямдрууллаа. Ингэснээр бүх төрлийн шатахууны үнэ хуучин буюу өнгөрсөн сарын 15-наас өмнө борлуулж байсан үнээр худалдаалагдаж эхэллээ.

Одоо нийслэлийн бүх шатахуун станцууд А-80 шатахууныг 1190, Аи-92 маркийнхийг 1350, Аи-95 маркийнхийг 1420, дизелийн түлшийнхийг 1440 төгрөгөөр худалдаалж байна. Ийнхүү сар хүрэхгүй хугацаанд шатахууны үнэ гурван удаа хэлбэлзлээ.

Бүх шатахуун импортлогчид өнгөрсөн сарын 15-нд шатахууныхаа үнийг одоогийн байгаа үнээс 50 төгрөгөөр хямдруулсан. Тэгээд өнгөрсөн сарын 29-нд 80 төгрөгөөр нэмсэн юм. Харин өчигдөр ийнхүү 30 төгрөгөөр хямдруулж шатахууны үнэ “байрандаа” ирлээ.

Шатахууны үнэ 50 төгрөгөөр хямдарсан шалтгааныг зарим шатахуун импортлогч компаниуд газрын тосны салбар Монголд үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулж хэрэглэгчиддээ барьсан бэлэг гэж тайлбарласан. Тэгвэл зарим нь “Магнай трейд” компани шатахууныхаа үүнийг 50 төгрөгөөр хямдруулсан. Тэгээд борлуулалт багасгана гэж болгоомжилсний үүднээс аргагүй эрхэнд дагаж хямдруулсан гэж тайлбарлаж байгаа.

Шатахуун түгээх станцууд үнээ “хамт” бууруулж, өсгөдгийг МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар хуйвалдаанаар явж байна гэж буруушаасаар байгаа билээ. Харин Газрын тосны газрынхан “Шатахууны бизнес өөрийн онцлогоосоо хамаараад аль ч оронд ижил үнэтэй зарагддаг. Шатахууны бизнес эрхлэгчид үнээр өрсөлдөх ямар ч боломжгүй” гэж өмөөрдөг.

Уг нь хөндлөнгийн шинжээчид Монголын зах зээл шатахууны яг хэдэн төгрөгөөр зарагдахыг тодорхойлох учиртай. Гэвч өнөөдрийн байдлаар тийм шинжээчид хараахан алга.

ОХУ шатахууны экспортоо зогсоох мэдэгдэл хийсэн. “Жаст ойл” зэрэг компанийнхан үүнээс шалтгаалж үнээ нэмснээ хүлээж байгаа юм. ОХУ-ын Эрчим хүчний яамнаас манай орон руу шатахуунаа экспортлосоор байх болно гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Манай шатахуун импортлогчид энэ мэдэгдлийг нүдээр үзэж байж итгээд шатахууныхаа үнийг “байранд” нь авчрав бололтой.

Т.Энхбат


URL:

Сэтгэгдэл бичих