Хууль зүйн сайд Х.Тэмүүжин найздаа “тендер” бүтээж өгдөг үү?!
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 50 тэрбум төгрөгийн багцаас 1,8 тэрбумыг нь зарцуулж замын цагдаа нарт торгуулийн хуудас хэвлэгч болон, тухайн жолоочийн талаарх мэдээлэл уншигч төхөөрөмж авч өгөөд байгаа нь олон нийтийн сүлжээгээр хэл ам татлаад байгаа юм.
Засгийн газрын хэвлэлийн албанаас анх энэ талаар мэдээлэл гаргахдаа нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа 400 орчим цагдаад энэхүү төхөөрөмжийг нийлүүлнэ хэмээсэн.
Энэхүү ажлыг тендер зарлаж “Смарт Солюшинс” компани шалгарч гүйцэтгэсэн байна.
Бид тус компанитай холбогдон төхөөрөмж тус бүрийн үнэ, хаанаас оруулж ирсэн талаар лавлахад тус компанийн нягтлан “Манай инженерүүд энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Төхөөрөмжийн тус бүрийн үнийг хэлмээргүй байна. Харин энэ төхөөрөмжийг БНСУ-аас оруулж ирсэн” гэлээ.
Тэгвэл энэ төхөөрөмж нь БНСУ-д хэдэн төгрөгөөр борлуулагдаж байгаа нь интернэтэд бэлхэн тавигдсан байна.
1,8 тэрбум төгрөгний өртөгтэй энэхүү төхөөрөмжийг 400 цагдаад хуваагаад үзэхээр ширхэг тус бүр нь 4,5 сая орчим төгрөг болж байгаа юм. Энэ бол тээвэрлэлт болоод бусад бүх зардлыг хамруулсан үнэ гэж бодъё.
Гэтэл халаасанд багтах хэмжээтэй уншигч, хэвлэгч гэх хоёр төрлийн төхөөрөмжийн үнэ БНСУ-д Монгол төгрөгөөр өнөөдрийн ханшаар бодоход 489 мянга, халаасны компютер нь 1,5 сая төгрөг буюу нийтдээ хоёр сая орчим төгрөг болж байна.
Өөрөөр хэлбэл, төр тендер нэрээр татварын төлөгчдийн мөнгийг хоёр нугалах хэмжээний ашиг гарган хэсэг этгээдэд завшуулсан байх юм.
Хамгийн хачирхалтай нь Замын цагдаагийн газартай холбоотой тендер зарлагдах болгонд “Смарт солюшинс” хэмээх компани шалгардаг нь гайхалтай. Жолооны үнэмлэх хэвлэх машины төхөөрөмж нийлүүлэх, камержуулалт, цагдаа нарын төхөөрөмжийг нийлүүлэх гээд энэ компанийн Замын цагдаагийн газарт хийж өгсөн ажил их ажээ.
Замын цагдаагийн газрынхан ч тус газартай холбоотой тендер, ажлуудыг “Смарт солюшинс” л авдаг нь тодорхой болсон гэх яриа хүртэл байдаг байна.
Хүмүүс тус компанийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн найз н.Сэргэлэн гэх хүний компани бөгөөд сайдын дэмжлэгээр тендерийн ажлуудаа авч байна гэх хардлага олон нийтийн сүлжээнд бий болоод байна.
Жишээ нь твиттерт хүмүүс дараах байдлаар жиргэсээр байна.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
URL:















