АМЕРИК ТАХИА ИДДЭГ ГЭХ ЗҮҮДНЭЭСЭЭ СЭРЦГЭЭЕ
Хүнсний аюулгүй байдал, баталгаа, чанарын талаар ихээхэн санаа зовниж, цаашлаад шаардлага хангахгүй
бүтээгдэхүүн хэрэглэснээр олноороо хордох тохиолдол гарсаар байгаа. Хаанаас хэрхэн импортлогдсон болон ямар нөхцөлд бэлтгэж, үйлдвэрлэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг хэрэглэхээс эмээдэг ч ялгаж салгах чадвар, мэдлэг иргэдэд дутмаг байдаг.
Энэ хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнс хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын газраас орон даяар “Эрүүл хүнс” аянг хоёр сарын хугацаатай зохион байгуулж, өдөр тутам хэрэглэдэг жимс жимсгэнэ, хүнсний ногоо, мах, сүүн бүтээгдэхүүн, өндөг зэргийн эрүүл ахуйн баталгаа, шинжилгээний нөхцөл байдалд шалгалт оруулж, нэлээд зөрчил илрүүлжээ.
Нэн тэргүүнд өнгөрөгч наймдугаар сард шувууны гоц халдварт “Ньюкасл” өвчин нийслэлд илэрч, иргэдийг цочирдуулаад авсан. Уг өвчин анх Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгонд шувууны аж ахуй эрхэлдэг “Нионшель” ХХК-ийн шувуу болон бор бор өндгөнөөс илэрч, ойр орчмын ижил төрлийн аж ахуйнуудын үйл ажиллагааг зогсоож байв. Эхний шинжилгээгээр бусад аж ахуйнуудын өндөг, шувуунаас дээрх өвчин илэрсэн ч баталгаажилтаар эрүүл гэж гарсан гэдэг.
Энэ үеэр нэгэн ноцтой зөрчил илэрсэн нь нийслэлийн хэмжээний энэ төрлийн аж ахуйн нэгжүүд улсын төсвөөс олгосон урьдчилан сэргийлэх тарилгын зэрэгцээ БНХАУ-аас хууль бусаар оруулж ирсэн, бүртгэгдээгүй 6-8 нэр төрлийн вакцин нууцаар нэмж хэрэглэдэг байжээ. Мөн “Бөхөг”, “Түмэн шувуут” гэсэн нэр бүхий компаниуд бүтээгдэхүүнийхээ гэрчилгээг өөрсдөө бичиж, “баталгаажуулдаг” нь шалгалтаар илэрсэн юм. Зөрчлүүдийг даруй арилгуулсан гэх ч өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн хяналт шалгалтыг зөвхөн аяны хүрээнд бус өдөр тутам хийж, эрүүл ахуйн баталгааг шалгаж байхгүй бол хоол хүнсээрээ хордох эрсдэл өндөр байгаа нь харагдаж байв.
Иргэдийг тайвшруулж байсан нэг зүйл нь, нийслэлд олноор бий болсон “Америк” тахиа худалдаалах цэгүүдийн бүтээгдэхүүнүүд байсан юм
. “Монгол биш, Хятад биш, Америк юм чинь арай л хордоод үхчихгүй биз” гэж найдаж байсан ч бүрэн баталгаатай гэсэн найдвар бас үгүй байна. Хяналтын байцаагчийн үгээр “Тэр холын Америкаас тахиа зөөгөөд байгаа үгүй л эргэлзээтэй шүү дээ. Онгоцоор зөөж болохгүй учир усан онгоцоор доод тал нь 30-45 хоног явж ирнэ. Тэр хугацаанд бүтээгдэхүүний чанар яах вэ? эсвэл тэгж зөөх хүмүүст ашиг гарах уу? гэдэг асуудалтай л хэрэг. Энэ төрлийн аж ахуй эрхлэгчид өөрсдөө ч Америк тахиа, биш Америк сортын тахиа гэж нэрлэх талаар ярилцаж байгаа” гэсэн юм. Ингээд бодоход иргэд эргээд л урд хөршийнхөө бүтээгдэхүүнээс зооглож байсан хэрэг болж байна.
Түүнчлэн өрх бүрийн үндсэн хэрэглээ болсон мах махан бүтээгдэхүүний хяналт шалгалтын дүн анхаарал татаж байгаа. Шалгалтынхан мал нядлах, боловсруулах улсын хэмжээний үйлдвэрүүдээс цөөнгүй зөрчил илрүүлж, орон нутгаас тээвэрлэгдэн орж ирж байгаа мал, малын гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хяналт тавьсан байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг дурдвал, мах махан бүтээгдэхүүнийг бөөнөөр худалдаалдаг гол цэг болох “Хүчит шонхор” худалдааны төвд гэхэд орон нутгаас ирж буй мах, махан бүтээгдэхүүний ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээний олголт хангалтгүй, орон нутагт махыг уламжлалт гар аргаар ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд бэлтгэж, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа аж.
Мөн иргэн н.Наранхүүгийн махны худалдааны төвийн улсын байцаагчийн дүгнэлтийн хугацаа дууссан, ариун цэвэр туйлын хангалтгүй, агааржуулалт байхгүй, худалдааны танхим, гэсгээлт, шуллагаа, хог хаягдлын хэсгүүд нь нэг дор байрласан нь илэрчээ.
Ихэнх худалдааны төвүүдийн дотоод хяналтын лабораторууд нь итгэмжлэгдээгүй болон итгэмжлэлийн хугацаа дууссан, тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, 60 гаруй хувь нь лангуу, павильон түрээслэгчдэд хувцас солих, ахуй хангамжийн өрөөг шаардлагын дагуу бэлтгэж өгөөгүйгээс хувцас хэрэглэлээ худалдаа үйлчилгээ хийж байгаа лангууны дор хийж, махыг лангуу болон өлгүүрт хэт олноор овоолж тавьсан, ил задгай тавьж худалдаалдаг, зориулалтын бус хайрцаг, цаас дэвсэх зэргээр махны чанар, хадгалалтад сөргөөр нөлөөлж байв. Үүгээр зогсохгүй, зарим худалдааны төвд зориулалтын агуулах ч байхгүй, тасалгааны темпертурт зарим бүтээгдэхүүнийг хадгалж байгаа нь бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал алдагдах өндөр эрсдэл үүсгэж байсан нь илэрчээ.
Түүнчлэн худалдааны төвүүдээр худалдаалагдаж байгаа импортын болон загас далайн гаралтай бүтээгдэхүүний баталгаажилт хангалтгүй, хэзээ хаанаас ямар зөвшөөрөлтэйгээр импортлогдсон нь тодорхой бус байсан бөгөөд Меркури худалдааны төв, “Бээжин”, ”Солонгос” хүнсний дэлгүүрээр худалдаалагддаг гэх боловч боловч эдгээрийн 40 гаруй хувь нь ямар нэг зөвшөөрөлгүйгээр ганзагаар зөөвөрлөгдөн ирж, шинжилгээ баталгаажилтгүйгээр худалдаалагдаж байсан байна.
Орон нутагт дэгдээд байгаа малын гоц халдварт шүлхий өвчинтэй зэрэгцэн, боом газар аваад байгаа. Нийслэлд илэрлээ гэж чих дэлсмэгц, Баянзүрх дүүргийн 13-р хорооны “Цэлмэг” хүнсний дэлгүүрийн худалдагчаас боомын вирус илэрч байв. Шинжилгээний баг ажиллахад тус дэлгүүрийн хөрөгчний бариул, махны тавиур, хутганы иш зэргээс өвчний вирус илэрсэн байдаг. Захын нэгэн хүнсний дэлгүүрт ингэж ихээр тарчихсан байсан халдварт өвчний нянг хаанаас ямар мах, махан бүтээгдэхүүн тээж ирсэн нь эргэлзээтэй. Хамгийн ихээр, энэ төрлийн бүтээгдэхүүний хяналт, шалгалт ямар түвшинд байгаагаас хотын нэгэн дэлгүүрт хүртэл ирчихсэн байсан нь аюулын дохио болж байна. Гэтэл орон нутагт мал эмнэлэг, ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээнд малын халдварт паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга туулгалтанд хамрагдсан тухай тэмдэглэл байхгүй, багийн засаг дарга, цагдаагийн байгууллага өөрсдийн хэвлэмэл хуудсан дээр тодорхойлолт бичиж давхардуулан олгож байсан нь тогтоогдсон байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 3140 хүнсний дэлгүүр, 3362 нийтийн хоолны цэг ажиллаж байгаа. Эдгээрийн дийлэнх нь үйлдвэрлэлд ашиглаж байгаа бүтээгдэхүүнийхээ гэрчилгээг тогтмол авдаггүй, ажлын ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, эмх цэгцгүй байдал нь өнөөг хүртэл хэвээр үргэлжилсээр байна.
Шалгалтынхан торгож, шаардлага тавьдаг ч байдалд өөрчлөлт гардаггүй нь энэ удаагийн аянаар мөн баталгаажсан гэхэд болохоор аж. Нийслэлд олноор нээгдсэн улс үндэстний хоолоор үйлчилдэг газрууд бүтээгдэхүүнээ гол төлөв Хятад, ОХУ-аас импортоор орж ирдэг нь бөгөөд тэдгээрийн зөвхөн 55 хувь нь зохих шинжилгээнд хамрагдсан байдаг аж.
Mанай улсад импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүний дийлэнхийг урд хөрш хангадаг. Тодруулбал, жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногооны чанар, эрүүл ахуйн аюулгүй байдал, стандартын шаардлага хангаж байгаа эсэх, импортын жимс, ногооны баталгаанд иргэд ихээр санаа зовниж байдаг. Хяналтынхны шалгалтаар Эрээн хотын томоохон хүнсний агуулахаас их хэмжээгээр нийлүүлдэг энэ төрлийн бүтээгдэхүүн хамгийн эрсдэлгүй гэсэн дүгнэлт гарчээ. Харин иргэд буюу жижиглэнгээр Эрээн хотын зах, гудамж талбайгаас худалдан авирч, зориулалтын бус газар, автозамын хажууд худалдаалдаг жимснүүд ямар ч эрүүл ахуйн шаардлага хангадаггүйг анхаарахыг зөвлөж байсан. Аян амжилттай өндөрлөлөө гэх ч эрүүл хүнс зооглож, чанартай бүтээгдэхүүн хэрэглэж байгаадаа бүрэн итгэх аргагүй, тийм боломж үгүй хэвээр үлдлээ.
MONTSAME
URL:




