С.Хосбаяр: Гитар надад эрх чөлөө өгдөг
“Баянмонгол” чуулгын гитарчин С.Хосбаярыг “Дугаарын зочин”-оороо урилаа. Түүнтэй уран бүтээл, үзэл бодлынх нь тухай ярилцсанаа хүргэе.
-Саяхан тоглолтоо хийсэн. Санасандаа хүртэл тоглож чадав уу?
-Ерөнхийдөө манай чуулгын тоглолт л доо. Гэхдээ гурван уран бүтээлч нийлээд голлож тоглолоо. Анхны бүхэн сайхан байдаг шүү дээ. Нэлээд догдолж байсан. Гэхдээ тайзан дээр гараад гитараа барихаар сандрал алга болоод харин ч эрч хүчийг мэдрэх шиг болдог.
-Та нарыг “Цахилгааныхан” гээд байсан ямар учиртай юм бэ?
-Манай чуулга олон уран бүтээлчээс бүрддэг. Дуучид, хөгжимчид гээд. Харин бидний хувьд цахилгаан хөгжимчин тоглодог учраас манайхан цахилгаанынхан гэж хошигнодог юм. Бид ч энэ нэрэндээ дасчихсан шүү.
-Та хэзээ чуулгад орсон бэ. “Баянмонгол” чуулгын ихэнх уран бүтээлч нь харьцангуй залуу юм шиг санагдлаа?
-Би анх 2012 онд орсон. Бас л залуу уран бүтээлчдийнх нь нэг. Манай чуулга биднийг дэмждэг. Уран бүтээл хийх боломж, бололцоогоор хангадаг юм. Саяхан жааз дуучин Г.Солонго чуулгад орсон. Залуу үеийнхэн нийлээд улам илүү ихийг хийхийн төлөө тэмүүлж байна. Санаж явбал бүтнэ гэдэг дээ.
-Танай чуулгыг шинэ бүрэлдэхүүнтэй болсон гэж сонссон. Ямар өөрчлөлт орсон бэ?
-Бараг шинэчлэгдсэн шүү. Залуу уран бүтээлч олонтой боллоо. Мөн уран бүтээлийн урын сангийн хувьд өөрчлөлт хийхээр ярилцаж байна. Залуу үеэ дэмжиж, тэдний уран бүтээлийг сонсогчдод хүргэх зэрэг төлөвлөсөн ажил олон бий. Ер нь манай чуулга чинь сургууль л гэсэн үг. Бид үргэлж бие биенээсээ суралцдаг. Ахмад уран бүтээлчдийнхээ үгийг сонсч, уран бүтээлээ чанаржуулахыг зорьдог юм.
-Өөрөө чуулгад ороод хоёр жил болжээ. Энэ хугацаанд уран бүтээл, хувь хүнийхээ хувьд хэрхэн өөрчлөгдсөн бол?
-Анх юугаа ч мэдэхгүй жаахан хүүхэд ирж байлаа. Зүгээр л хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, удахгүй мундаг хөгжимчин болчих юм шиг санаж явсан. Гэхдээ чуулгад орсноос хойш урлагийн хүний амьдралын жаргал, зовлонгоос жаахан ч гэсэн мэдэрч байна. Сурах зүйл олон байгааг ухаарсан. Нэгэнт л миний сонгосон мэргэжил учраас мөрөөдөлдөө хүрэхийн төлөө хичээх хэрэгтэй.
-Мөрөөдөл тань юу вэ?
-Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болсон сайн уран бүтээлч болох. Хүмүүс миний хөгжмийг сонсоод дотоод ертөнц, сэтгэлийг минь мэдэрдэг байгаасай. Уран бүтээлээрээ хэлэх гэсэн үг, бодол санааг минь ойлгоосой гэж хүсч байна. Магадгүй хөгжимчин бүхэн үүнийг л хүсдэг байх. Гэхдээ бидний эцсийн зорилго л тэр шүү дээ.
-Гитарчид насаараа нэг хамтлагийн ард тоглоод уран бүтээлийн амьдралаа дуусгах нь элбэг юм шиг санагддаг. Та тэгэхгүй биз дээ?
-Бие даасан уран бүтээл хийхийг хүсэлгүй яахав. Гэхдээ хамтлагийнхан бол хамтарч байж сайн уран бүтээл хийнэ шүү дээ. Хамтлагт гитарчин байхгүй бол хүссэн уран бүтээл нь төрөхгүй. Тэгэхээр аль нэг хамтлагийн ард тоглоод дуусахдаа гол нь биш тэнд өөрийн орон зайгаа бий болгох нь чухал юм болов уу. Манайд “Харанга”, “Хурд”, “Нисванис” гээд амьд хөгжмийн хамтлагууд байдаг. Тэд нэг нэгнийгээ ойлгож, мэдэрдэг учраас одоо хүртэл уран бүтээл нь тасрахгүй байгаа юм.
-“Нисванис” хамтлагийн Амгаа ахтай хэр дотно вэ. Ингэж асуусан нь хамт авахуулсан зураг олон байхыг харсан юм?
-“Нисванис” хамтлагийн “Nis Nis” фестивальд оролцож байсан. Ер нь Монголын амьд хөгжмийн ертөнцөд өөрийн байр суурьтай, хүчтэй хамтлаг шүү дээ. Тэр утгаараа хамтлагийн ах нарыг хүндэлж явдаг. Тэдний тоглолт, техникээс нь суралцахыг хүсдэг.
-Хамт нэг тайзан дээр тоглож байсан уу?
-Хамт тоглож байсан. Фестивалийн үеэр болон тайзан дээр тоглож байсан шүү. Амгаа ахаас зөвлөгөө авдаг. Бидэнд чин сэтгэлээсээ тусалдаг юм.
-Та хэдэн наснаасаа гитар тоглож эхэлсэн бэ. Энэ хөгжмийн юу нь таалагдсан юм бэ?
-Анх 13 настайдаа гитар тоглож сурсан. Аав, ээж хоёр маань рок сонсдог байлаа. “Queen” хамтлагийн фэнүүд байсан юм. Би ч хүүхэд учраас гэрийнхнийгээ дагаад рок хөгжимд хорхойсч эхэлсэн. Энэ үеэс аав, ээж хоёр минь намайг хөгжимтэй илүү ойр байлгаж, гитар авч өгсөн юм. Санамсаргүй сурсан гэж хэлэхэд болно. Өөрөө оролдож байгаад л сурчихсан. Сүүлдээ улам хөгжүүлье гэж бодоод Ганбаа багшийн гитарын дугуйланд сурсан юм.
-Анх гитар дээр ямар ая тоглож сурсан бэ?
-Олон ая тоглодог байсан. Нэгийг гүйцэд сураагүй байж өөрийг тоглох гэж үзнэ. Нэг ая тоглож сурчихаад урамшина. Бага байсан учраас хааяа жаахан шантарна. Гэхдээ бэлтгэлээ тасладаггүй байсан. Анх “Pink Floyd” хамтлагийн дуунуудыг тоглож байсан санагдана. Угаасаа өөрийн хүсэл сонирхол гэдэг тийм ч амархан мартагддаггүй юм билээ. Би заавал сурна гэсэн зорилгодоо хүрсэн. Цаашдаа ч хамт олонтойгоо илүү ихийг хийхсэн гэж тэмүүлж байна.
-Шантрахаараа яаж өөрийгөө зоригжуулдаг байв?
-Анх сурч байхад хуруу, гар өвдөөд хэцүү байдаг юм. Багшдаа өвдөөд байна гэж хэлэхээр багш “Зүгээрээ” л гэдэг байсан. Хааяа хуруунууд татна, бараг мэдээгүй болно. Гэхдээ багшийн хэлдгээр яваандаа зүгээр болчихдог юм билээ. Одоо харин эсрэгээрээ бэлтгэл хийхгүй удвал эвгүй байдаг юм. Манай чуулга өглөө есөн цагаас цуглаж, бэлтгэлээ хийдэг. Тэгэхээр байнгын бэлтгэлтэй байгаад сурчихсан.
-Анх гитарыг яаж сурах ёстой юм бэ?
-Барилт, техникээ зөв эзэмших хэрэгтэй. Мөн ямар гитар тоглох вэ гэдгээ зөв сонгох нь чухал. Хүүхдүүд амархан шантардаг юм. Жаахан гар нь чилээд, өвдөхөд л бүтэхгүй юм байна гэж боддог. Үнэхээр чин сэтгэлээсээ хөдөлмөрлөөд, хичээвэл гитар тоглох ямар сайхан гээч.
-Юу нь тийм сайхан юм бэ. Та гитараа бариад тоглохдоо юуг мэдэрдэг вэ?
-Үгээр тайлбарлана гэдэг хэцүү юм. Гэхдээ тоглохоороо эрх чөлөөг мэдрэх шиг болдог. Тухайн цаг үед өөрийн гэсэн орон зайг бүтээгээд, хөгжмөө мэдрээд тоглоно гэдэг миний хувьд юугаар ч сольшгүй эрхэм хормын нэг байдаг юм.
-Манайд яг хувь уран бүтээл хийдэг гитарчин олон байдаг уу?
-Хамтлаг бүхэн гитарчинтай байдаг. Тэдэнд хувийн уран бүтээл байдаг шүү дээ. Хүмүүсийн хамгийн сайн мэддэг, таньдаг нь Өөжгий ах. Мөн гитар тоглодог залуу үеийнхэн гарч ирж байна. Удахгүй уран бүтээлээ сонсогчдодоо хүргэх байх.
-Таны хувьд ямар уран бүтээлчээс үлгэр дууриал авдаг вэ?
-Одоо ч “Pink Floyd” хамтлагийн дууг сонсч, тоглох дуртай. Багаасаа сонссон болохоор сэтгэлд хамгийн ойрхон байдаг юм.
зууны мэдээ
URL:










