Монголын газрын тосыг сорчихоод нөхөн сэргээлт хийгээгүй “Доншин”

“ДОНШИН” КОМПАНИ АРВАН ЖИЛ ГАЗРЫН ТОС ТУРШИЛТААР ОЛБОРЛОЖ БАЙНА

Дорноговь аймгийн Зүүнбаян багийн нефтийн ордод Орос ах нарын ажиллаж байгаад хаяад явсан 200 гаруй цооног бий. Эдгээр хуучин цооногийг технологийн алдаатай бөглөснөөс болж газрын тос гадарга руу нэвчиж байгаль орчин бохирдуулж байна.

Харин хуучин цооногуудыг БНХАУ-ын “Доншин” компани ашиглаж эхэлсэн. Ашиглалтын явцад гадарга дээр гарсан бохирдлыг арилгаж, саармагжуулж эхэлсэн аж. “Доншин” компани Цагаан суваргын Цагаан элсний ордын 197 га талбайд хайгуулын үйл ажиллагааг явуулж байгаа. Тус компани нь олборлосон нефтиэ Хятад улсад экспортолдог. Долоо хоногт хоёр удаа 30 гаруй вагоноор \нэг нь дунджаар 60 гаруй тн\ ачилт хийдэг ажээ.

Харин “Петро Дачин” компаниас ялгаатай нь олборлосон тосны механик бохирдлыг ус цэвэрлэх байгууламжийн тусламжтайгаар боловсруулалт хийж дэлхийн зах зээлд борлуулдаг. Өөрөөр хэлбэл биржийн үнээс нэг ам.доллараас гурван ам.доллараар доогуур буюу анхан шатны боловсруулалт хийсэн тос гаргаж байна. Одоогоор 290 хүн ажилладаг. Үүний 102 нь Монгол иргэн. Тэдний 87 нь Зүүн баян багийн иргэд ажээ. 180 сая тн нөөцтэй. Хайгуулын ажлын хугацаа нь өнгөрсөн онд дууссан.

Хайгуул хийхдээ туршилтын олборлолт нэрээр экспорт хийж байна. Өнгөрсөн жилүүдэд 570.000 баррелийг экспортолсон. Одоогоор 180.000 баррелийг олборлож байна. Он гарснаас хойш 14 удаа ачилт хийсэн аж. Бүтээгдэхүүн хуваах 97 тоот гэрээ 1997 онд хийгдсэн. 2003 онд “Доншин”-д бүх эрх нь шилжсэн. Хайгуулын олборлолт Монголд хийгээд арваад жил болж байгаа бөгөөд өнгөрсөн жил 80000 тонн тос олборлосон. Энэ жил 70.000 тонныг олборлох ажээ.

НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙСЭН Ч УРГАМАЛ УРГАХГҮЙ

“Доншин” компани байгаль орчин, биологийн нөхөн сэргээлт огт хийдэггүй гэж хэлж болно. Дорноговь аймаг элсэрхэг хөрстэй, хөрсний ялзмаг багатай тул тарьсан ургамлын ургалт муу байдаг гэж мэргэжилтэн нь ярьж байв. Одоогоор “ Доншин” компани оролдлого хийж байгаа боловч үр дүнгээ өгөөгүй гэлээ. Харин тэд техникийн нөхөн сэргээлтийг өндөр технологиор хийж байна.

Учир нь өрөмдлөгөөс гарч байгаа газрын тосыг уснаас нь ялгаж тус тусад нь нэг, нэг нүхэнд хийж ялгасан усыг дараагийн өрөмдлөгө хийхэд ашигладаг ажээ. Өтгөн шаар хэсгийг нь тодорхой хугацаанд хатааж, саармагжуулж нэг сарын дотор булдаг байна. Харин тосыг доош нь нэвчүүлэхгүй хамгаалах хучилтын нүхэнд дэвсдэг материал нь стандарт хангаагүй байв. Стандарт материал нь хасах 50 хэмийн хүйтэнд тэсвэртэй хатуу целлойд байх ёстой. Энэ нь 20 жилийн баталгааг хангах үүрэгтэй гэнэ.

АЖИЛЧДЫН ЦАЛИН ХЭТ БАГА

Орон нутгийн бусад салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалинтай харьцуулахад “Доншин”-гийн цалин хэт бага. Хүнд хортой нөхцөлд ажиллуулж байж 150-300 мянган төгрөгийн цалин өгдөг. Одооноос 30 хувь нэмэх сурагтай. Ер нь хятад компаниудын ажилчдын цалин гуравдагч орны компаниудын ажилчдын цалингаас хэт доогуур байдгийг Засгийн газар анхааралдаа авч ажиллах нь зүйтэй.

“ДОНШИН” НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРТ 7.5 ХУВИЙГ ТӨЛДӨГ

“Доншин” компани нь байгалийн нөөц ашигласны төлбөрт 7.5 хувийг төлдөг байна. Газрын тосны шинэ хуулийн төсөлд мэргэжлийн байгууллагаас арван хувийг тогтоох санаатай байгаа бол Эрдэс баялаг эрчим хүчний яам таван хувиар нөөц ашигласны төлбөр авах санал оруулж байна. Байгалын баялаг ашиглах хувь дээр энэ мэтээр саналын зөрүү их байдаг. Олон улсын жишигт 10 -25 хувь байдаг аж. Газрын тосны үйлдвэрт ажиллаж байсан ахмадуудын санал бол 15 хувь байхад тохиромжтой гэжээ.

Ц.Мягмарбаяр


URL:

Сэтгэгдэл бичих