З.Санждорж: Бурханы шашин буруу замаар хөгжиж байгаад эмзэглэдэг

“Их хүрээ” хийдийн хамба лам З.Санждоржтой ярилцлаа.

-Шашин ном ид хориотой үед та лам болохоор шийдэж байсан. Энэ талаар яриагаар эхлэх үү?
-Миний хүүхэд нас хөдөө өнгөрсөн, Завхан аймгийн Сонгино суманд төрсөн. Бага нас их өвөрмөц байсан гэж ээж минь ярьдаг. Би айлын  гурав дахь хүүхэд юм. Дээрээ нэг ах эгчтэй, 1961 онд миний төрөх хугацаа болоогүй байсан гэсэн, тэр оны хавар Нөмрөг сумаас нэг лам хүн манайд цай уух гээд орж ирж гэнэ, төрөх хугацаа маань ч болоогүй байсан учраас манайх хонь гаргах мэт амьтны амь таслах бодолгүй байтал ээжийн гэдэс гэв гэнэт мушгираад л би төрсөн гэсэн. Намайг тэр лам эх барьж авсан болхоор ээж минь ихэд билэгшээж та энэ хүүд минь нэр хайрла гэхэд нь тэр лам “Танайх нэг лам хүүтэй болжээ” гээд надад Санжаадорж гэж нэр хайрласан гэдэг.
Ээж минь тэр үед залуу ч байж, мөн 1961 онд шашныг их хорьдог үе байж. Ээжийн санаа нь зовоод ямар учиртай нэр вэ гэж асууж. Тэгэхэд нь тэр лам Санжаа гэдэг нь бурхан, Дорж гэдэг нь Очир гэсэн үг. Тэгээд танай хүү бурхны шашинтай бат бөх холбогдож, очир мэт заавал уулзах хүүхэд байна. Тийм учраас энэ нэрийг өгье гэжээ. Тэгээд би тэр хүнийг жинхэнэ хувилгаан хүн байсан байх нь гэж би боддог. Бүүр холын 50-иад жилийн дараах зүйлийг шууд харсан байх нь.
Би хүүхэд насаа Завхан аймгийн Сонгино суманд өнгөрөөж сургуульд ордог жил минь ээж минь намайг гандан дагуулж явжээ. Тэгэхэд би ээжийнхээ хормойноос татаад ээжээ би яавал ийм сайхан лам болох вэ? гэж асууж байсан гэдэг. Дунд сургуулиа төгссөний яг дараа жил буюу 10 жилийн дараа шашны сургууль элсэлт авч таараад, тэгээд миний лам болох түүх эхэлсэн. Тэгэхээр би энэ нэрэндээ их хайртай. Нэр хүртэл учиртай байдаг юм байна, хүний төрсөн од гариг, өдөр гэдэг маань хүнийг тэр чигт нь аваад явдаг юм байна гэдэгт би одоог хүртэл итгэдэг. Учир нь тэр өдөр би яагаад төрөв, тэр лам намайг эх барьж авсан нь утга учиртай болохоороо л би бүхий л амьдралаа шашинтайгаа холбогджээ гэж боддог. Лам болсон хувь тавиландаа одоо болтол би залбирч баярлаж явдаг.

-Таны ярьж буй түүх бүх зүйл эргэх холбоо, утга учиртай гэдгийг хэлээд байх шиг. Бурхны шашинд шүтэн барилдахуй гэсэн ойлголт байдаг. Шүтэн барилдлага гэж юу вэ?
-Төвдөөр Дэмбэрэл гэдэг. Дэм гэдэг нь шүтэх, бэрэл гэдэг нь барилдлага гэсэн үг. Тэгэхээр юм бүхэнд шүтэн барилдлага буй гэж бурхны номонд олонтоо тааралддаг. Товчоор бол учир холбогдолгүй зүйл гэж энэ хорвоо дээр байхгүй.
Хоорондоо сайн муу зүйл ч заавал шүтэн барилдлагатай байдаг. Хүний бие махбод, эрхтэн системүүд нягт холбоотой байдаг шүү дээ. Хүний биеийн эрхтнүүд эх, хүү, дайсан, нөхрийн холбоотой байдаг аж. Жишээ нь Уламжлалт анагаах ухаанд зүрхийг амин шүтээн, бөөрийг амийг тогтоогч гэж үздэг ажээ. Ингэж хоорондоо шүтэлцсэн байдаг. Амьдрал дээр бол ургамал, амьтад ч гэсэн хэрвээ нар ивээхгүй бол цэцэг дэлгэрэхгүй, түүнчлэн ус чийг, бороо орохгүй бол өсч өндийхгүй. Тэгэхээр бүх юм хоорондоо тийм их шүтэн барилдлагатай байна. Тэгэхээр хүн болж төрөх, эхийн хэвлийд олдох, ураг болон бойжих, төрөх цаг хугацаа нь ч мөн шүтэн барилдлагатай байдаг. Дээрээс шүтэлцээтэй од эрхэс ийм нарийн холбоотой байдаг аж. Хүн гэдэг бол өөрөө тэр чигээрээ эрдэнэ билээ.  Энэ эрдэнэт биеийг олж төрнө гэдэг бол их нарийн шүтэлцээ юм. Жишээ нь би бурхны шашинт Монгол оронд, лам болж төрөөд, сүм хийд бариад явж байгаа нь асар том шүтэлцээ билээ.

-Та физикийн шинжлэх ухааныг сонирхдог уу? Ертөнц бол их хоосноос шүтэн барилдахуйн жамаар өөрөө би болсон гэсэн буддын онол нь одоогийн физикийн онолтой яг тохирдог гэж уншиж байсан.
-Би физикийн шинжлэх ухааныг нарийн гүнзгий судлаагүй.  Гэхдээ одон орон, зурхайн ухаан физикийн шинжлэх ухаантай шууд холбоотой. Ном судар дээр дэлхийн таталцах хүч, арга билгийн ухаан бол энэ салбартай шууд холбоотой.
Монголчууд бидний дунд “Эмийн анхдагч нь ус, Эмчийн анхдагч нь цам тэнгэр” гэж ярилцдаг.  Анх яагаад хүн үүссэн талаар бурхны номонд энгийн аргаар тайлбарласан байдаг, энэ үлгэрийг ярьж өгье.
Хүн бол угаас төрөлхтөн. Бидэнд юу ч хэрэггүй, цаанаасаа гэрэл цацарсан дээд төрөл байжээ. Тэгээд анх Шидвү гэсэн нэртэй хүн юу ч хэрэггүй байж байгаад сонирхоод нэг тос долоожээ. Тэгтэл тэр өөрийнх нь гэрэл нь буураад манай энэ замбуутив ертөнц дээр унаж гэнэ. Тэгээд уначихаад хоол нь шингэхгүй тарчлаад байжээ. Тэгээд цам тэнгэр дээрээс өрөвдөөд энэ хүн их зовж байгаа юм байна гээд буцалсан ус өгч гэнэ. Тэгээд нөгөө тос нь шингэж анхны хүн үүссэн ажээ.
Ингээд өвчний анхдагч нь Маш-У буюу үл шингэх, хордлого гэсэн өвчин үүсчээ. Өвчтөн гэж ертөнцөд байхгүй байж байгаад үүссэн тул эм хэрэгтэй, тэгэхээр анхны эм нь ус, анхны эмч нь цам тэнгэр гэсэн ийм 4 шүтэн барилдлагатай ажээ. Энэ мэтчилэн хүнд идэх, уух шаардлага үүсч, цаашлаад идсэн хоолондоо цадахаа байж шуналын сэтгэл үүснэ, дахиж идмээр санагдаад нэгийнхээ хүнснээс авахаар хулгай, тэмцэл болчихно гэх мэтээр муу муухай зүйл үүсчээ. Үүнийг физикийн шинжлэх ухаантай холбоод ярьхаар ертөнц бол хумхын тоосноос үүссэн гэлцдэг шүү дээ.

-Шинж чанар ба мөн чанарын тухай ярилцая, жишээ нь усны шинж чанар бол шингэн төлөвтэй бол, мөн чанар нь анагаах, амьдралыг тэтгэх увьдастай байх нь. Бурхны шашны шинж чанар ба мөн чанар нь юу вэ?

-Бурхны шашин гэхээр их өргөн ойлголт болно. Дээр ярьсанчлан, эхлээд ус үүсч ертөнц нь Са-Чү-Ми-Лүн буюу Шороо-Ус-Гал-Хий гэж үүсчээ. Ийм дөрвөн махбодиос үүссэн гэж үздэг. Орчлонгийн үүсэл эхлэл бүхэн Шороо-Ус-Гал-Хий юм. Бурхны шашинд 4 том урсгал байна. Бидний шарын шашин бол Азид, Монголд их эрт дээр үеэс эхэлсэн. Анх Богд Зонховын үеэс Гэлүгбийн ёс дэлгэрчээ. Гэ – Буян, лүг –Ёс буюу буяны ёсыг дагасан шашин гэж ойлгож болно.  Бурхны шашны 4 урсгалаас энэ шарын шашин буюу Гэлүгбийн урсгал Монголд илүү хөгжсөн. Бурхны шашинд багшийг шүтэх, амьтныг хайрлах, энэрэнгүй байх, сахил санваарын ёс, лам багшийгаа хүндлэх, энх амгаланг эрхэмлэх, эв найрамдалтай байх, хамаг амьтны тусын тулд бодож байдаг хамгийн энэрэнгүй шашны урсгал манайд хөгжсөн. Тэгэхээр бидний шүтэж буй энэ шашны мөн чанар бол нүглийг тэвчиж, буяныг хураах, буян үйлдэх, буяны ёсыг дагасан шашин ажээ. Мөн чанар нь нэрнээсээ тодорхой байна.
Тэгэхээр бид их нандин өв уламжлалтай, зан үйлтэй ард түмэн билээ. Энэ бүх уламжлал маань энэ шашнаар уламжлагдан ирсэн юм. Төрөлх шашнаар дамжиж Монголчуудын өв соёл, уламжлал, ёс заншил, хэл соёл, хүмүүжил бидэнд иржээ.
-Энэ цаг үеийн хүмүүсийн ёс зүй, хүмүүжлийн тухайд юү хэлэх вэ?
-Бурхны шашинд хүний ёс зүйн талаар маш дэлгэрэнгүй заасан байдаг. Энэ нь багшийг хүндэтгэхээс эхэлнэ. Багшаа хүндэлж, заасан үгнээс нь гажихгүй тусгай ёс манай шашинд байдаг. Шинэн Дэнцүл-Багшийг шүтэх ёс. Ёс зүйн хувьд лам хүн яах ёстой вэ, үг хэл яриа ямар байх, сахил санваарын ёсыг бүгдийг заасан байдаг.
Ёс зүйн хамгийн эхний хэмжүүрт бол маш шударга байхыг заадаг. Багшдаа тангараг өргөдөг байсан байна. Харамсалтай нь сүүлийн үед залуучуудын үг яриа, хурц уур уцаар их болсоноор ёс зүйн асуудал арилж байна.
Энгийн жижиг зүйл дээр ч гэсэн ёс зүйтэй хандаж, бусдыг хүндэлнэ гэдэг нь өөрийгөө хүндлүүлэх шалтгаан болдог.  Орчин үед “Би”-ээр өвчлөөд, зөвхөн өөрийгөө л хүндлүүлэх гээд байдаг болжээ.

-Өөрийгөө олох талаар…
-Эхлээд хүнд тусалж сурч, өөрийгөө энэрэнгүй сэтгэлтэй болгоод ав. Өөрийгөө олохоос өмнө “Би” гэдэг үзэлтэйгээ байсаар байвал тэр хүн хэзээ ч өөрийгөө олж чадахгүй.  Өөрөөр хэлбэл бусдын хэргийг бүтээж байж өөрийгөө олдог ажээ.

-Хоосон чанарын тухайд?
-Хоосон чанар буюу Донидын тухай ойлголт нь буддын гүн ухааны хамгийн амин чухал мөн чанар юм. Орчин үед хүмүүс яагаад хоосон гэж гайхдаг. Жишээ нь энэ ширээ чинь бодитой, харагдаж, мэдрэгдэж байна гэж байгаа ч энэ нь шинж чанар, харин мөн чанар нь хоосон юм. Хүний бие мөнх бус учраас хүн нас барахад тэр бие нь эцэстээ хоосон л үлдэнэ.

-Хоосон чанартай уялдуулан асуухад, орчин үед технологи хөгжиж, хүний оюун ухааныг зөөврийн диск рүү шилжүүлээд, роботонд суурилуулснаар тэр хүнийг мөнх амьдрах боломжтой болгож байна гэж ойлгож болохоор. Энэ талаар таны бодол?
-Шинжлэх ухаан асар хурдан хөгжиж байгаа ч эцсийн дүндээ бүгд хоосон чанарын ухаанд багтсан байдаг юм. Энэ нь нэг биеэс нөгөө бие рүү юүлэх гэсэн ухагдахуун. Саяхан хүртэл шинжлэх ухаан хүнд сүнс гэж байдаггүй талаар маргалддаг байсан бол одоо эргээд бодит гэж үздэг болжээ. Жишээ нь, эх хүү хоёрыг хүйн холбоогоор холбоотой гэдгийг тогтоосон байна. Тэр хүний оюун ухааныг робот руу шилжүүллээ гэхэд эх нь роботтой холбогдохгүй шүү дээ.

-Та морин жилийн битүүнээр Өндөр гэгээн Занабазарын хийдийг сэргээн засварлаж, ашиглалтанд оруулсан. Дараа дараагийн сэргээн засварлах хийдүүд?
-Монголын бурхан шашинтны гол төлөөлөгч нь бол анхны Богд, Өндөр гэгээн Занабазар билээ. Монголын бурхан шашны бүтэц, зохион байгуулалт, ялангуяа, бурхан шашны урлагийг бүтээсэн хүн бол Монголын бурхан шашны түүхэн гол оройтой хүн билээ.
Энэ их хүрээ хийдийг Өндөр гэгээн Занабазар үүсгэснийг үргэлжлүүлэн 1990 онд Их хүрээ зурхайн дацанг байгуулсан. Их хэлмэгдүүлэлтийн үед зөвхөн гандан хийдийг үлдээж, бусдыг бүгдийг устгасан. Ардчилал гарсанаас хойш сүм, хийдүүд сэргэсэн юм. Морин жил бурхан шашин дэлгэрсэн жил болсон бөгөөд энэ морин жил бурхан шашин маань буцаад хэвэндээ орохоор сэргэж байна.
Бид бурхан шашнаа уламжлалт бүтэц, зохион байгуулалтын дагуу, ёс жаягийг нь сэргээх, өргөжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Үүнээс цааших нь Бурхан шашинтны шинэ төв” нь Дамбадаржаалин хийдийн Цогчин дуганыг сэргээн засварлах ажлыг сая эхлүүлсэн байгаа.  Гол зорилго нь бурхан шашныг дэлгэрүүлэх явдал юм. Тэгэхээр энэ бол нөгөө л шүтэн барилдлагатай холбоотой, одоо Гандан тэгчилэн хийдэд байгаа Цогчин дуганы бойпор хийдийг сэргээн засварласаны дараа байрандаа очих юм.
Мөн бид бурхны шашныг зөв зам руу нь буцаж оруулахын тулд энэ бүх ажлыг хийж байгаа. Сүүлийн үед бурхны шашин гажуудаж, Гандан тэгчилэн хийдийг буруу замаар оруулж, тарифф тогтоосноор их дэлгүүрийн дараах орлоготой бизнесийн газар болгож, улсын орлого болгодог болсон. Социлизмийн үед сайд нарын зөвлөлийн дэргэдэх шашны зөвлөл гэж байгуулж төртэй хутгаснаар  нэг талаараа ёс жаягийг нь алдагдуулсан явдал болсон. Үүнийг засаж, Өндөр гэгээний үеийн зохион байгуулалтын дагуу сэргээх ажлыг Гандантэгчилэн хийдтэй хамтран явуулж байна.

-Гэхдээ Өндөр Гэгээний үед ч гэсэн Монгол Улсын төр засаг үймээн самуунтай л байсан, одоо дахин сэргээлээ гээд ямар нэгэн өөрчлөлт гарах болов уу?

-Хамгийн анхны Богд гэгээнтнээр Монголоос Монгол хүн тодорч байсан. Богдын үед бид үндэсний тусгаар тогтнолоо авч байсан түүхтэй.  Гэтэл Төвдийн бодлого орж ирээд бусад орны төлөөллөөр манай улсын шашны тэргүүнийг тодруулж байсан. Угтаа бол ард түмэн өөрсдөө Богдоо тодруулдаг.
Бодит жишээ дурьдахад Төрийн соёрхолт зохиолч О.Батсайханы 8-р Богд Жавзандамба хутагтын түүх номон дээр Богдыг жанч халахад манай ард түмэн 9-р Богдыг тодруулсан байна. 1927 онд одоогоор Сэлэнгэ аймгийн нутагт амьдарч байсан, Цэнджавын Лувсандорж гэдэг хүнийг 9-р Богдоор Монголын ард түмэн тодруулж байжээ.
Гэтэл 1928 оны Хувьсгалт намын хурлаар Богдыг дахин залахыг хуулиараа хорьсоноос болж сүсэгтэн олныг төөрөгдөлд оруулж байжээ.
9-р Богд Монголоос тодорч байсан нь үнэн, харин 2012 онд Төвдөөс 9-р Богдыг дахин тодруулсаныг хүмүүс санаж байгаа байх. Богд гэгээний тамга дээр Шашин тунгалаг, Төр бат оршиг гэсэн байдаг. Тиймээс бурхны шашнаа ариун байлгахын тулд зөвхөн лам хүмүүс бус сүсэгтэн олон ч гэсэн өөрсдөө зөв хүнээ шүтэж, мэдлэгтэй байх хэрэгтэй юм.

-Сүм хийдийг сэргээн засварлахтай холбоотойгоор ном судраа яаж цуглуулдаг вэ?
-Би 1980 оноос хойш ном судар цуглуулж байгаа.  Ардчилсан хувьсгал гарсанаас хойш, хөдөөний айлуудад хадгалагдаж байсан эртний ном цуглуулдаг байлаа. Ер нь бол 1990 оноос хойш ном олдохоо байсан, хамаг ном нь гадагшаа гараад явсан харамсалтай зүйлс олон бий. Надад азаар нэгэн ном олдсон нь Богд Зонховийн 2 шавийн нэг ном бий. Түүнчлэн ховор гар бичмэлүүд бий, тухайлбал Лүнгэрэг Дандан гэгч маарамба хүний зохиосон Манж Чойнжин буюу Эмийн гарал үүсэл гэсэн Дэлхийд ганцхан байдаг гар бичмэл болон эмийн өнгөт атласыг азаар олдсондоо баяртай байдаг. Цорын ганц гар бичмэл  бол маш чухал ач холбогдолтой, мөн тэрүүгээрээ их үнэ цэнтэй байдаг.  Их хүрээ хийдэд Монголчуудын төвд хэлээр барласан номнуудыг цуглуулж, Монгол хүн зохиосон гэдгийг алдаршуулахын тулд эдгээр номуудыг цуглуулж байна.

-Тэгэхээр ингэж өв уламжлалаа хадгалж, хайрлахын ач холбогдол юу вэ?
-Үндэсний тусгаар тогтнолыг хадгалж үлдэх нь хамгийн эхлээд Өв уламжлалаа хадгалах юм. Өв соёл бол биднийг Монгол Улс гэж ялгаж өгөх хамгийн чухал зүйл юм. Өв соёл залуу үед уламжлагдсанаар эх оронч үзэл батжих болно.

-Таны эмзэглэж явдаг зүйл?
-Монголын бурхны шашин буруу замаар хөгжиж байгаад эмзэглэдэг. Аливаа зүйл дутагдалтай талаа ил гаргаж байж сайжруулалт хийгддэг учраас үүнийг зөв замаар нь хамтдаа хөгжүүлэхийн тулд явж байна.
Түүнчлэн гадны шашны урсгал, төлөөлөл маш их дураараа орж ирж буйд эмзэглэдэг. Жишээ нь Монголд олон Төвд лам нар орж ирээд өөрсдийгөө Ренбүчи гээд тунхаглаад явдаг. Монгол лам нараа үгүйсгээд Төвдийн цагаач ламыг Ренбүчи гэж шүтээд байдаг. Жишээ нь Бэтүб буюу Бакула Ренбүчигийн хийдийг одоо Содном гээд лам биш хүнээр удирдуулаад сүсэгтэн олны хандивласан мөнгийг жилдээ нэг ирж авчихаад сүмийн үйл ажиллагааг Төвдөөс удирдаад явдаг гэх мэтийн дутагдлууд байна.
Ер нь аль ч улсад аливаа шашин тухайн улсад хүлээн зөвшөөрөгдөхөд хамгийн багадаа 30 жил шаардагддаг. Түүнчлэн тэр аливаа шашны төлөөлөгчид Монголд өөрөө 30 жил байж, Монгол хэл, соёл заншилтай танилцаж байж шашнаа танилцуулж байх нь зөв юм.

-Зурхайч лам нарт хандасны дараа хүмүүс өөрт нь зориулсан номыг уншуулах шаардлагатай болдог. Нэг талаас зарим хүмүүс надад хэрэгтэй гээд дагадаг бол нөгөө талаас үл итгэн орхиод байдаг?
-Тэр хүнд юу бууна, тэр хүн яахаа өөрөө л шийдэх ёстой. Сүжиглэж л чадах юм бол өөрийнхөө мэддэг номоо уншуулж болно.

-Буян хураана гэж юу вэ?

-Буян хураана гэдэг нь заавал их ном уншуулж, заавал их мөнгө хандивласанаараа болохгүй. Нүглийг тэвчиж, чин сэтгэлээсээ гэмээ ухаарч, дахиж давтахгүй гэж бодож, мөрдөж явбал тэр нь буян болно. Өөрөөр хэлбэл муу сэтгэлээсээ салж, сэтгэлээ ариусгах юм. Гэгээлэг сайхан юм бодвол хүнээс сайхан энерги өөрийн эрхгүй гарна, харин муу сэтгэлтэй байвал тэр нь хумигдана.

-Орчин үеийн залуус Зэн буддизмийн талаар судалж сонирхдог болсон байна, Зэн буддизмийн талаар танаас асууя?
-Зэн буддизмийн талаар би олон сонсч, уншиж байсан. Хэдий өөрсдийгөө Зэн буддизм гэсэн урсгалд хамруулж байгаа боловч манай Гэлүгбийн ёстой ёс суртахуун, зарчим, хүмүүст хүрэхээрээ их ойрхон байдаг. Зэн буддизм нь Бага хөлгөний шашинд ордог бол манай шашин Их хөлгөний шашинд ордог.

-Тэгвэл бурхны шашныг сонирхдог, цаашид дэлгэрэнгүй мэдэх сонирхолтой залуучуудад хандаж та юу гэж зөвлөх вэ?
-Бидний зан заншил, үүх түүхтэй хамгийн ойрхон нь Их хөлгөний буюу Гэлүгбийн шашин дотор бясалгалын, гүн ухааны буюу Чойрын ухаан, бурхан шашны гол 5 ухаан, мөн тэжээхүйн буюу анагаах ухаан, зурхай, одон орны, мал аж ахуйн гэх мэт төрөл бүрийн олон сайхан судар ном байдаг. Эдгээрийг нэг мөр шууд ойлгоход хэцүү учраас анхны ухагдахуунаас нь эхлээд судлах хэрэгтэй. Итгэл гэж юу вэ, багшийг шүтэх гэж юу вэ гэх мэтээр мэдэж эхлэх нь зүйтэй бөгөөд шууд гүн ухаан, хоосон чанарыг ойлгоход хэцүү. Жишээ нь анагаахын ухаан судлах бол эмийн ургамлууд хаана хаана ургадаг, хэзээ ургадаг гэх мэтээр анхнаас нь судлах юм. Тархи толгой барихад Ишбалжир гэж хүний зохиосон анхан шатны номыг судлах мэтээр. Мөн жинхэнэ сайхан яруу найраг бол Төвд судруудад байдаг. Бүх гэгээнтэн, хувилгаадын намтар, түүх, сүм хийдийн жаяг дэглэм яруу найргаар гайхамшигтай сайхан шүлэглэгдсэн байдаг.

-Бадамлянхуа цэцгийг яагаад бурхны шашинд бэлэг тэмдэгээ болгодог юм бол?

-Баван Бадамжунай гээд бурхан байдаг, Бадамлянхуа цэцэгнээс Жунай өөрөө гарч ирсэн түүхтэй. Бадамлянхуа цэцэг бол усанд ургадаг цэцэг. Ингээд бурхны суурь болдог, их ариун цэцэг учраас бурхны маш ариун чанарыг бэлгэдсэн цэцэг болдог.

-Там гэж байдаг уу?

-Халуун там, хүйтэн там гээд яг бэлдсэн там гэж  байдаггүй. Тамтаггүй явдал гэдэг нь там юм гэж хэлдэг. Тэр нэг муу үйлдэл хийвэл түүнийгээ үйлийнхээ үрээр эдлэхийг хэлнэ.   Бэлдсэн тамын нүх гэж байхгүй, харин тэр хүн өөрөө бэлдсэн тамдаа өөрөө унадаг ажээ. Өөрөө муу зүйл хийхгүй бол там гэж байхгүй.

-Таны хувьд аз жаргал гэж юу вэ?

-Миний хувьд бусдад туслахдаа аз жаргалтай байдаг. Эхлээд би хүний хэргийг бүтээснээр буянаа хурааж чаддаг болхоор аз жаргалтай байдаг.

- See more at: http://review.time.mn/content/48020.shtml#sthash.9qREzA5l.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих