Хятадын “өрсөлдөгч” бидэнтэй дотносов

Modi-vs-Xi

Хөгжил, дэвшил, глобалчлалын тухай илүүтэй ярих болсон өнөө цагийн дэлхийд өсч, урагшилж байгаа хурдаараа эхэнд эрэмбэлэгдэх улс бол яах аргагүй Энэтхэг. Брикс бүлгийн нэг том гишүүний хувиар ч тэднийг ажиглан харж байх шаардлага дэлхий дахинд байгаа билээ. Ер нь бол бидний Монголчууд Энэтхэгийг киногоор нь төсөөлдөг цаг хойно үлдээд зөндөө уджээ.  “Жимми жимми, хажа хажа” гээд л уянгуулан дуулдаг жүжигчидтэй Болливуд буюу Энэтхэгийн киноны зах зээл  ч сүүлийн арав гаруй жилд ихээхэн өсч, орлого нь   гурав дахин өссөнийг  хаанахын ч киночид гадарлах болсон биз. За тэр кино ч яахав.   Энэтхэгийн тухай ийн яриад байгаа нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар  Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад хэд хоног айлчлаад буцаж байгаатай холбоотойгоор хэдэн зүйл өгүүлэх гэсэн юм.

7

Ер нь Монгол, Энэтхэг хоёр улсын хоорон дахь харилцаа харьцангуй урт удаан настай гэхэд болох байх. Дипломат харилцаа тогтоогоод 60 жил болж байгаа гэдэг ч, хэрэг дээрээ бол Будда Шагжамуни  Энэтхэгээс Монгол Улсад суусан анхны элчин сайд байсан хэмээн Энэтхэгээс Монгол Улсад сууж байсан Элчин сайд Бакула Ринбүүчи хэлсэн байдаг аж. Нарендра Моди эрхэм манай улсад ирэхээсээ өмнө өөрийн  Ttwitter хуудастаа  ”Ардчилал, Буддизм нь бидний оюун санааны хөрш Монголтой, Энэтхэгийг холбодог” хэмээн бичсэн нь дээрх ойлголт, хандлага Энэтхэг эрхмүүдэд бат гүн хэмжээнд байдаг гэдгийг илтгэсэн үг болов уу. Тэр бидэнд бодь мод бэлэглэсэн нь ч үгээ баталгаажуулсны бодит илэрхийлэл гэж л харагдаж байна. Ер нь бол тус улсын төрийн өндөр дээд албан тушаалтан гадаад айлчлалынхаа үеэр ингэж  тухайн орондоо бодь мод бэлэглэх нь маш ховор тохиолдол гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байгаа юм.

Тэгэхээр бидэнд ийн “дотно” байдлаар хандаж байгаа Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа мэдээлэл хийснээс хүргэж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэхдээ  “Өнөөдөр би Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Модитой хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн асуудлаар өргөн хүрээнд санал солилцож, бидний хэлэлцээ амжилттай боллоо. Албан ёсны хэлэлцээний үеэр Монгол-Энэтхэгийн иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинг дээшлүүлэн хоёр улсын харилцааг стратегийн түншлэлд дэвшүүлэхээр тохиролцлоо. Мөн хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулж, Энэтхэгийн компаниуд Монгол Улсын төрийн байгууллага болон компаниудтай хамтран төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хамтран ажиллаж, хөрөнгө оруулахаар боллоо. Мал сүргийг эрүүлжүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр хоёр тал хамтран ажиллахаар тохиролцсон. Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн 1000 багшийг Энэтхэг улсад суралцуулах англи хэлний хөтөлбөрт хамруулахаар боллоо. Манай улсын дэд бүтцийн салбар, ялангуяа төмөр зам цахилгаан станц, харилцаа холбоог хөгжүүлэхэд Энэтхэг улс нэг тэрбум хүртэлх ам.долларын зээлийн шугам нээхээ илэрхийлсэн. Гарын үсэг зурсан хоёр орны хамтын ажиллагааны баримт бичгүүд нь эрх зүйн үндсийг бэхжүүлж, олон салбарт хамтран ажиллах шинэ боломжийг нээж байна” гэж байсан.

Хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлснээр Монгол Улс дөрвөн улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болж байгаа юм.

1

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчилж байгаа Энэтхэгийн анхны Ерөнхий сайд болж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд хоёр талын харилцааг хөгжүүлэх, бүс нутаг болон олон улсын тавцанд хамтран ажиллахад бид нэг үзэл баримтлалтай байгаа гэдгийг онцоллоо. Өнөөдөр гарын үсэг зурсан баримт бичгүүд нь хоёр талын хамтын ажиллагааны түвшин хэр байгааг харуулж буй хэрэг юм. Бид эдийн засгийн харилцаа, цаашдын түншлэл, аюулгүй байдал болон ард иргэдийн хоорондын харилцааг хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Эдийн засгийн харилцаагаа шинэ түвшинд гаргаж, БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын зээлийн шугам нээж байгаагаа мэдэгдэхэд таатай байна. Энэ зээл нь Монгол Улсын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд зориулж дэд бүтцийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалт болох юм. Мөн Энэтхэгт суралцах монгол оюутны тоог 150-200-д хүргэж, Улаанбаатарт Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байгуулна. Эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээн ажиллах талаар бид ярилцаж тохиролцлоо. Уул уурхай, эрүүл мэнд, эмийн болон сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлүүдээр хамтран ажиллах асар их нөөц боломж бидэнд байна гэсэн юм. Тэгэхээр талууд нэлээд өргөн талтай хамтын ажиллагааны баримт  бичгүүдийг үзэглэсэн харагдаж байна.

Тодотгоход, Н.Модигийн Монгол дахь айлчлалын талаар гадны хэвлэлүүд анхаарал тавьж бичиж байсны дотроос нэг зүйл сонирхлыг татаж байсан. Юу гэхээр Энэтхэгийн бас нэг “өрсөлдөгч” Хятад улсын нөлөөлөл өсөхийн хэрээр,  эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлд Монголтой улам дотносож байгаа нь Энэтхэг улсын зүгээс  Монгол дахь хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх шаардлагыг нэмэгдүүлээд байна гэсэн утга агуулгатай мэдээлэл байсан юм. Тэгэхдээ Ерөнхий сайд Нарендра Моди Ази дахь айлчлалаа манай өмнөд хөрш БНХАУ-аас эхлүүлсэн байгаа. Тус хоёр улс нь  газар нутгийн маргааны улмаас  эв түнжин тааруу байсан ч, эдийн засгийн нягт хамтын ажиллагааны тал дээр сүүлийн жилүүдэд эвлэрлийн ширээний ард суусан тохиолдол цөөнгүй бий билээ. Тэрчлэн геополитикийн асуудлаар түлхэлцэхийн оронд гео эдийн засгийн чухал асуудлуудаа эхэнд тавьж байгаа нь илүү тодорхой боллоо гэх зүйлийг ажиглагчид Нарендра Модигийн Хятад дахь айлчлалын үеэр хэлж байсан юм.

mo

Энд нэгэн тоо баримтыг өгүүлэхэд, Энэтхэг улсын эдийн засгийн өсөлт энэ онд 7.5 хувийн өсөлтийг үзүүлж, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг гүйцэж түрүүлэн, хойноо үлдээх прогнозтой байгааг Дэлхийн банк онцолж байгаа юм. Ер нь бол Энэтхэгийн өсөлтийг Нарендра Модитой холбон ярих хэрэгтэй юм. Тэрбээр 2014 онд Ерөнхий сайдаар сонгогдсоноосоо хойш  “Энэтхэгт үйлдвэрлэв” аяныг эхлүүлэн  эдийн засгаа дэмжих хүрээнд  хэд хэдэн шинэчлэлийн ажлыг хийгээд байгаа юм. Тодруулбал, ДНБ-ийг  тооцох аргыг шинэчилсэн,  Төв банк нь энэ оны гуравдугаар сараас эхлэн анх удаа инфляцийн зорилтот түвшин тогтоож эхэлсэн бөгөөд ирэх 2016 он гэхэд  инфляциа зургаагаас доош хувьд барина гэсэн зорилт тавиад байгаа гэхчлэн бодлогын чиглэлд олон арга хэмжээ авч ажиллаж байгаа юм байна.

Тэгэхээр үүх түүх, өв соёлын хувьд өвөрмөц содон Энэтхэг улс 21 дүгээр зуунд эдийн засгийн өндөр байр суурийг атгахын төлөөх алхмуудтайгаа зэрэгцэн ийн улс орнуудтай эв найртай дипломат харилцаагаа бэхжүүлсээр яваагийн дотор бидэнтэй тун дотно харилцаж байгаа юм.

Б.Булган


URL:

Сэтгэгдэл бичих