“Чингисийн хоёр загал” эх орондоо нээлтээ хийнэ
“Чингисийн хоёр загал” буюу “Two Horses of Genghis Khan” кино ирэх аравдугаар сард эх орондоо нээлтээ хийхээр болжээ.
Жил гаруйн өмнө анх Германд нээлтээ хийсэн бөгөөд үүнээс хойш Европ, Америкийн томоохон хотуудын кино театруудаар гарч эхэлсэн ч хараахан Монголчуудад хүртээл болоогүй байсан юм.
Уг кинонд Ч.Урнаа хэмээх Өвөр Монгол дуучин бүсгүй тоглосон нь Монголын дуу, хуурын хослолыг гайхалтай тодотгож чадсан хэмээн кино шүүмжлэгчид үнэлжээ.
Найруулагчаар “Ингэн тэмээний нулимс”, “Шар нохойн там” уран сайхны киногоороо танил болсон Д.Бямбасүрэн ажилласан байна.
Тэрээр киноныхоо талаар хэвлэлийнхэнд “Би эх нутгийнхаа олон сайхан түүхийн нэгийг нь ч болов дэлгэцэд мөнхлөхийг хүсдэг байлаа. Удаан бодож, төлөвлөсөн кино маань дэлгэцэнд гарлаа. Төрсөн нутгийнхаа түүхээс дэлхийн хүртээл болгож байгаадаа баяртай байна” хэмээн ярив.
Р.Эрдэнэ
URL:












