М.Болдбаатар: Сурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ

Удахгүй сурагчдын I улирлын амралт эхлэх гэж байна. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн М.Болдбаатараас тодрууллаа.
-Сурагчдын нэгдүгээр улирлын амралт хэднээс эхлэх вэ?
-Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн I-II анги энэ сарын 27-ноос ирэх сарын 9-нийг хүртэл 14, III-XII анги ирэх сарын 3-9-нийг хүртэл долоо хоног амарна.
Өнгөрсөн жил Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт сурагчдын амралт ялгаатай байсан бол энэ жил улс даяар ижил хугацаанд амарна. Мөн нийслэлийн эцэг эхчүүдийн холбооны анхдугаар чуулганаас хүйтний улиралд амралтын хугацааг сунгах хүсэлт гаргасан.
Олон нийтийн санал асуулгаар ч эцэг эхчүүдийн 70-аас дээш хувь нь хүйтний улиралд хүүхдүүдээ аль болох олон хоног амраах санал гаргасныг хүндэтгэн үзэж II улирлын амралтыг I-V анги арванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 25, VI-IX анги нэгдүгээр сарын 5-25, X-XII анги нэгдүгээр сарын 12-25-ныг хүртэл амарна.
Харин хөдөөгийн сурагчдын амралтыг мал төллөх үеэр тааруулж, эцэг эхдээ туслах боломжийг нь бүрдүүлэх үүднээс амралтын хуваарьт зарим өөрчлөлтийг оруулсан байгаа.
-Тодруулбал?
-Хөдөө орон нутгийн I-V анги нэгдүгээр сарын 12-ноос хоёрдугаар сарын 1, VI-IX анги нэгдүгээр сарын 12-25, X-XII анги нэгдүгээр сарын 12-18-ныг хүртэл амарна.
III улирлын амралтаар нийслэлийн I-XII ангийн хүүхдүүд гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 4, орон нутгийн I-V анги гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 12, VI-IX анги гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 4, X-XII анги гуравдугаар сарын 16-29-нийг хүртэл амрах юм.
Б.Мөнхбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:




