Автобусанд өнгөрүүлсэн нэг өдөр

10-27-4_700x700

Нийтийн тээврийг тойрсон хэл ам тасардаггүй. Учир нь ард түмнийг барьцаалан шантаажилж байна гэх хандлага нийгэмд илүүтэй ажиглагддаг. Бас нэгдүгээр эгнээгээр зорчих давуу эрхтэй ч дуртай газраараа давхих том оврын автобусыг шүүмжлэх хүн олон. Ухаалаг автобустай болсноор бохь тас тас зажлан, зорчигчдийг элдвээр хэлэх кондукторгүй боллоо хэмээн олзуурхах болсон. Энэ мэтчилэн муулж, гоочилсоор олон арван жил хөл дүүжлэн хүрэх газраа очсоор л. Энэхүү олны анхаарлын төвд байдаг нийтийн тээврийн үйлчилгээний нэг өдөр хэрхэн өрнөдгийг сурвалжиллаа.

2015.10.23, 06.20 ЦАГ “ТЭНҮҮН-ОГОО” КОМПАНИЙН НЭГДҮГЭЭР БААЗ

10-27-4й3_700x700

Нийтийн тээв­рийн үйлчилгээ эрх­лэгч “Тэнүүн-Огоо” компанийн нэгдү­гээр баазад очив. Авто­бусууд эхлэл цэг рүүгээ давхилдана. Тус компанийн Ч2 чиглэлийн 9-247 дугаартай автобусанд суухаар хүлээлээ. Тэрхүү автобусны жолоочийг Т.Батзориг гэдэг бөгөөд энэ салбарт 20 гаруй жил ажиллаж буй аж. Хамгийн эхний автобус 6.45 гэхэд зорчигчдоо суулгадаг ажээ.

07.16 цаг

Ч2 чиглэл гэдэг нь Шархад-МУБИС-III, IV хороололд явдаг. Бүтэн тойрох замын урт нь 26 км. Хэрэв түгжрэлгүй бол 40 минут орчим зорчдог ажээ. Ид ачааллын үед 1.30-2.00 цаг орчим явах юм. Бид 6.55 гэхэд баазаасаа хөдөлсөн. Эхний зорчигчоо III,IV хорооллын эцсээс 07.16 гэхэд суулгасан. Энэ үед 16 зорчигч сууснаас зургаан оюутан, дөрвөн том хүн автобусны цахим карт уншуулсан бол дөрвөн хүн бэлэн мөнгө хийж байгаа харагдав. Хүмүүсийн хэлдгээр хоёр “туулай” юу ч болоогүй мэт дээгүүр хараад л орчих юм. Жолооч “Хойшоо явсан хүн мөнгөө хийгээрэй, эсвэл картаа уншуул” гэсэн хэдий ч жишим ч үгүй сууна.

07.18 цаг

“Өргөө” кинотеатрын урд талын зогсоол. 15 хүн сууснаас дөрвөн хүн карт уншуулж 10 хүн бэлэн мөнгө төлөв. Бас нэгэн “туулай” нэмэгдлээ.

07.20 цаг

“Номин” их дэл­гүү­рийн урд талын зогсоо­лоос найман хүн сууснаас хоёр нь карт уншуулж, таван хүн мөнгө төлж байна. Дахиад нэг “туулай”.

07.22 цаг

Шилмэл загварын урд талын зогсоол. 10 зорчигчоос таван хүн карт уншуулж, таван хүн мөнгө төлж байгаа харагдав.

07.27 цаг

Баруун дөрвөн зам Найман зорчигч, зургаан хүн карт уншуулж, нэг хүн мөнгө төлж бас нэг “туулай”-тай цааш явлаа. Ийнхүү 07.58 цагт Шархадны эцсийн зогсоолд ирэв.

Эхний хоёр гараа хуваарьт цагтаа амждаг тухай жолооч Т.Батзориг хэлэв. Мөнгө төлөхгүй байгаа хүмүүсээс мөнгөө нэхээд ч өгөхгүй тохиолдолд яах ёстой вэ гэсэн сурвалжлагчийн асуултад “Жолоогоо орхиод араас нь явж чадахгүйгээс хойш яах ч аргагүй шүү дээ” хэмээн халаглаж байв.

Ийнхүү гарч байгаа эцсийн зогсоолоосоо карт уншигч машиндаа тохиргоо хийн хэд дэх удаагаа явж байгаагаа мэдээллэдэг ажээ.

ЖИНХЭНЭ БА НУУЦ “ТУУЛАЙ”

10-27-5_700x700

Өмнө нь мөнгөө төлөхгүй явдаг хүмүүсийг “туулай” гэдэг байсан. Карт уншуулдаг болсноос хойш мөнгөө төлөхгүй зорчих хүмүүсээс гадна төлж байгаа мэтээр хуурдаг туулайнууд олширчээ. Тухайлбал, хүүхдийн 200 төгрөг төлдөг картаар насанд хүрэгчид зорчих нь энүүхэнд хэмээн жолооч Т.Батзориг хуучиллаа. Мөн хөгжлийн бэрхшээл­тэй иргэн гэж хэлэхийн ч аргагүй ганган хээнцэр хүмүүс энэ төрлийн картаар үйлчлүүлж байх юм. 30 гаруй насны залуу “Ахмад” гэсэн карт уншуулж байгаатай таарав. Өвөө хойшоо хурдан яваарай гэх жолоочийн хорон үгэнд намсхийн хурдхан хойшоо явж байх. Энэ мэтчилэн нуугдмал “туулай”-нууд олширчээ.

Өглөөнөөс үд дунд хүртэл /07.00-14.00 цаг/ дүнхийсэн, бодолхийлсэн зорчигч тээсээр бас ч болоогүй нэлээд хэдэн жинхэнэ “туулай”-г зорьсон газарт нь хүргэх жолооч Т.Батзориг амс­хийх чөлөөгүй давхилаа. Давхилаа гэхээр уншигч та хурд хэтрүүлсэн юм биш биз гэж хардах вий. Дүрэм, журмаа ягштал биелүүлж байгаа жолооч маань “Тэнүүн-Огоо” компанид 10 гаруй жил ажиллаж байгаа тэргүүний ажилтан нь юм байна. Түүний ажлын амжилт, бүтээлийг үнэлэн тус компанийн удирдлагууд “Чежү”, “Инчон”, “Эрхүү”, “Бээжин”-д аялуулж байсан аж. Ёж үгтэй жолооч маань “Миний эхнэр шиг охин, эмээ, өвөө шиг залуус орж ирэх болсон шүү дээ” хэмээн инээмсэглэнэ.

УХАМСАР СУУХ БОЛООГҮЙ

“Ухаалаг системд шилжих нь зөв. Гэхдээ цаг нь болоогүй байсан юм” гэсэн салбарынхны үг санаанд буув. Яагаад гэвэл хугас өдөр хиртэй явахад 10 гаруй жинхэнэ “туулай”-тай таарлаа. Бас 100, 50-тын дэвсгэрт хийж байгаа хүмүүс үнэнчээр 500 төгрөгөө төлөх нь тун ховор тохиолдол аж. Орой очоод мөнгөө тоолох үед 100-тын дэвсгэрт дотор 20, 10-т хавчуулах нь энүүхэнд гэнэ. Үүгээр ч барахгүй хоосон цаас зүсээд хийсэн удаа ч байсан гэлцдэг. Өдрийн хугас ажиглаж явахдаа “Үнэнд дөхөх юм байна даа” гэж бодов. Тэгэхээр хяналтгүйгээр ухамсраараа мөнгөө төлөөд, картаа уншуулаад явах цаг болоогүй бололтой. Хачирхалтай нь дэгжин хувцасласан нөхдүүд “туулай”-члах нь гайхмаар. Гэтэл ноо­ройсон хувцастай /бид­ний хэлдгээр ядруухан амьдралтай/ нэгэн хичээнгүйлэн карт уншуулж, мөнгө төлж байх. Автобусны мөнгө төлөх үед гарах нэг бэрхшээл бий. Тэр нь бутархай мөнгөний хомсдол. “Бүхэл мөнгө задлах уу, одоо тэгээд яах уу” хэмээн нүдээ томруулсаар яваад өгөх хүн байна. Харин хүлээж байгаад орж ирэх хүнээс задгайг нь аваад бүхэл мөнгөө хийх нь ч таарав. Энэ үед жолооч бэлэн мөнгө авчихдаг юм билээ гэдэг хүмүүсийн хардлага ташаа юм байна гэх бодол төрлөө. Байнгын бутархай мөнгө лавлах нэгэнд туслахаар задгайгаа ил хийчих гэх жолоочийн шаардлага буруу биш ч юм шиг. Өглөөнөөс орой хүртэл элдвээр хэлүүлэн мөнгө хураадаг байсан кондукторууд хөдөл­мөрийн хүнд нөхцөлд ажилладаг байжээ гэж бодож явлаа.

16.00 ЦАГТ ЗОРЧИГЧ НЭМЭГДДЭГ

10-27-4a1_700x700

Үдээс хойш зорчигч нэмэгдэж байв. Гэхдээ үдээс өмнөхөөс ялгаа­тай. Хүмүүсийн яриа олширч, дуу нь чангарчээ. Т.Батзориг “Оройхон болоод ирэхээр согтуу, халамцуу хүмүүс нэмэгд­дэг” гэв. Яах ч аргагүй, буудал бүрт ядаж л нэг дайвсан нөхөр буух юм. Автобусанд суувал хорвоогийн амьдралын өнгө будгийг мэддэг болно гэж хүмүүс хошигнодог. Тэр ч үнэний ортой бололтой. Зорчигчдын дийлэнх нь болсон, болоогүй бүхий л зүйлээ ярих. Тэр дунд насны ялгаа байдаггүй бололтой. Учир нь 1-4 дүгээр ангийн охин, хүү хоёр /сониучирхан асуухад минь хариулсан юм/ гэртээ болсон үйл явдлыг “өнгөтөөр” ярьж байлаа. Хөгжилтэй ч юм шиг, зугаатай ч юм шиг санагдав.

Ийнхүү найман удаа 26 км зам туулсан 9-247 дугаартай автобус оройны 21.55 минутад автобус бааздаа очив. Ингээд шууд буудаггүй байна. Автобусаа угаалгана. Түүний дараа шатахуунаа авна. Ингэж явсаар 23.00 цагийн үед жолооч маань гэртээ харихаар явдаг ажээ. Том оврын автобус жолоодон зорчигч тээвэрлэнэ гэдэг тийм ч хялбар ажил биш байв. “Янз бүрийн ааш, авиртай хүмүүсийн эвийг олж явах тун бэрх шүү” хэмээн жолооч маань ярьсан юм.

Олонд гоочлуулдаг ч түмнийхээ төлөө сэтгэл шулуудан зүтгэж байгаа нийтийн тээврийнхний ажлын өдөр ийн өрнөдөг ажээ.

Д.Оюунчимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих