С.Болд-Эрдэнэ: Шекспирийн жүжгүүд ур чадвар,тэвчээр шаарддаг

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан С.Болд- Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр “Ромео Жульетта” жүжгийн Лоренцо ламтны дүрээрээ УДЭТ-ын 2015 оны “Шилдэг дүр”-ийн шагналыг хүртсэн юм.

-Хүүхдийн хэмээх тодотголтой шинэ театр байгуулан анхны жүжгээ тавилаа. Энэ театрыг байгуулах болсон зорилгоос тань ярилцлагаа эхэлье?

-Монголд Хүүхэд, залуучуудын театр гэж хуучин байсан. Харамсалтай нь хувьчлалын салхинд өртөж өнөөдөр тэр сайхан театрын барилгад банк үйл ажиллагаагаа явуулж байна. Урлаг хөгжсөн аль ч оронд Хүүхэд, залуучуудын театр гэж бие даасан байгууллага байдаг. Уран бүтээлчийн хувьд ийм театр манайд дутагдалтай байгаад эмзэглэж явдаг байсан.

Тиймээс залуучуудын театр байгуулахаар нэгдсэн залуу уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Хэдийгээр Хүүхэлдэйн театр үйл ажиллагаагаа явуулдаг ч долоогоос дээш насныхны сэтгэхүй, онцлогт тохирсон театр байх хэрэгтэй.

Иймээс сэтгэл нийлсэн уран бүтээлчидтэй хамтран хүүхдэд зөв хүмүүжил, төлөвшил олгохоос гадна урлагийг танин мэдүүлэх, үлгэр дуурайл олгох зорилгоор театраа байгуулсан.

Ер нь хүүхэд таван нас хүртлээ Хүүхэлдэйн театрт, 6-9 нас хүртлээ Хүүхэд, 9-14 насандаа залуучуудын театр тэгээд Эрдмийн театр гэсэн дарааллаар сэтгэхүйдээ тохирсон жүжиг үзэж урлагийн тухай ойлголт авдаг.

-Тэгэхээр Хүүхэд залуучуудын театр Хүүхэлдэйн театраас Эрдмийн театр руу дамжих гол дамжлага байх нь ээ?

-Тийм. Урлагийн талаар цогц, зөв ойлголттой өсч торнисон хүний тархи, оюун санаа ариун байдаг. Гэтэл манайд энэ дамжлага алдагдсан. Тэгэхээр 6-14 насны хүүхдүүд хаана юу үзэж, урлагийн тухай ойлголттойболох юм бэ. Урлагийн өгөөжийг хүүхэд, залуучуудад хүртээх хэрэгтэй. Ингэхийн тулд тусгай зорилго, төлөвлөгөөтэй театр, жүжгийн зохиол, жүжигчид бүхий байгууллага байх ёстой. Өнгөрсөн жилүүдэд дагнасан театр байхгүй учраас УДЭТ хүүхдэд зориулан “Онц сурлагатнууд орохыг хориглоно”, “Норовын намтар”, “Бардам туулай” зэрэг жүжгийг тоглож байсан. Гэхдээ УДЭТ хүүхдэд зориулсан жүжиг тавилаа ч Хүүхэд, залуучуудын театрыг орлож чадахгүй шүү дээ. Тиймээс нийгмийн хэрэгцээ шаардлагаар энэ театрыг байгуулсан.

-Хүүхдэд зориулсан анхны жүжгээ шинэ оны босгон дээр тавьж байгаа учраас үлгэрчилсэн сэдэв сонгосон уу?

-Багачууддаа шинэ оны босгон дээр нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан жүжгээр бэлэг барьж байна. Хүүхдүүд пони буюу одой морины хүүхэлдэйг сайн мэддэг учраас тэр үлгэрээс сэдэвчилсэн “Сүлд модны наадмыг аварсан нь” нэг цагийн жүжгийг энэ сарын 29 хүртэл тоглоно. Үзэгч багачууддаа зориулан гэнэтийн бэлэг бэлдсэн. Хамгийн гол нь энэ жүжгийг үзсэн багачууд эелдэг зан, найз нөхдөө хайрлах, үерхлээ хүндэтгэх сэтгэлтэй болоод гараасай гэж хүсч байна. Бид цаашид хүн байхын учир, үерхэл нөхөрлөл, гэр бүл, хамт олон гээд хүүхдийн хүрээлэн буй орчныг эерэг талаас нь харуулсан уран бүтээлүүд туурвих болно

-Та “Сүлд модны наадмыг аварсан нь” жүжгийн Ерөнхий найруулагчаар ажилласан. Хүүхдэд зориулсан жүжиг найруулахад хэцүү байв уу?

-Хүүхдийн сэтгэхүй биднээс тэс ондоо. Хүүхдүүд гэнэн боловч тайз, дэлгэцийн бүтээлийг яг тэр өгүүлэмжээр нь, бодитоор хүлээн авч шууд утгаар нь ойлгодог. Тиймээс Эрдмийн театрт сонгодог бүтээлд тоглоно, хүүхдийн жүжиг найруулна гэдэг ялгаатай. Тайзны бүтээл найруулна гэдэг амаргүй болохыг биеэр туулж байж хэцүүг нь мэдэрлээ.

-Хүүхэд, залуучуудын театрын жүжигчдийн бүрэлдэхүүний талаар сонирхож болох уу?

-Зураач, жүжигчин гээд Хүүхдийн театрт харьяалагдаж байгаа уран бүтээлчид урлагт шинээр хөл тавьсан залуучууд байгаа. Ид хийж бүтээх их хүсэл оргилсон залуус учраас олон сайхан бүтээл туурвих байх.

-УДЭТ-ын тайзнаа тавьсан “Ромео Жульетта” жүжигт та Лоренцо ламтны дүрийг бүтээлээ. Энэ дүр Шекспирийн зохиолуудаас бүтээсэн таны хоёр дахь дүр үү?

-Үгүй, гурав дахь дүр. Шекспирийн “Зуны шөнийн зүүд” жүжигт 1999 онд тоглож байсан. Дараа нь “Гамлет” жүжгийг манай Н.Наранбаатарын найруулгаар тавихад гол дүрд нь тоглосон. Харин энэ жил “Ромео Жульетта”-д ламтны дүрийг бүтээлээ. Ер нь Шекспирийн жүжгүүд жүжигчний ур чадвар, тэвчээр шалгасан байдаг. Энэ шалгууруудыг давж тайзан дээр найруулагчийн хүссэн зохиолын дүрийг гаргаж үзэгчдэд хүргэх амаргүй.

-Драмын бусад жүжгээс “Ромео Жульетта” жүжгийн ялгарах онцлог нь юу юм бэ?

-“Ромео Жульетта” бол миний хувьд хамгийн халуун хайрын тухай өгүүлдэг драмын жүжиг. Агшин зуур бие биедээ үхэхээс ч буцахгүй, гал мэт дүрэлзэн дурласан хосын тухай өгүүлдэг. Драмын жүжиг үзэгчид таалагдах, эс таалагдахдаа гол нь биш үзэгчдэд юуг ойлгуулж, юун тухай өгүүлж байгаагаараа онцлогтой байдаг.

-Дэлгэцийн бүтээлд тоглох урилга их ирж байна уу?

-Ирдэг. Гэхдээ миний үндсэн ажил бол Улсын драмын эрдмийн театрын жүжигчин. Тиймээс үндсэн ажлаа УДЭТ-аа нэгдүгээрт тавьдаг. Сүүлийн үед дэлгэцийн бүтээлээс илүүтэй тайзны буюу театрын ажилдаа анхаарал хандуулж байна.

-Та бол УДЭТ хэмээх их байгууллагын нэгэн үеийн төлөөлөл. Хориод жил ажиллахдаа энэ их айлын хойморт хэчнээн жүжигт дүр бүтээв?

-Үндэсний болон сонгодог 70-аад жүжигт дүр бүтээсэн. “Тэнгэрийн хүү”, “Атга нөж”, “Надаар тоглосон хайр”, “Оролмаа эх” зэрэг үндэсний жүжиг, дэлхийн сонгодог болох “Гамлет”, “Парисын дарь эхийн сүм”, “Кихот ноён”, “Ромео Жульетта” зэрэг жүжгийн гол болон туслах дүр бүтээсэн юм байна.

-Үзэгчдэд хүргэх, зохиолоо гаргахад хамгийн их тэвчээр шаардсан нь аль дүр байсан бэ?

-Бүх л дүр хэцүү байсан даа. Гэхдээ хамгийн их тэвчээр шалгасан дүр бол Гамлет байсан. Гамлетын дүр жүжигчнээс асар их ур чадвар, хатуужил шаарддаг. “Гамлет” бол драмын жүжгийн ноён оргил учраас олон гайхалтай уран бүтээлч өөрийгөө сорьж, ур чадвараа шалгах сорил болгон Гамлетын дүрийг бүтээдэг. Гэхдээ би тэр дүр гэж онцолж ярих дургүй. Бүтээсэн дүр бүхэндээ хайртай.

-Жүжигчин Г.Эрдэнэбилэг, Г.Амгаланбаатар, найруулагч Н.Наранбаатар та хэдийг монголчууд “Драмын дөрөв” хэмээх хамтлагаар андахгүй. Энэ жил арван жилийн ойгоо тэмдэглэсэн та бүхнээс фэнүүд тань шинэ уран бүтээл хүлээж байгаа байх даа?

-Бид ойрын үед театрынхаа ажилдаа ханцуй шамлаад хамтлагийн ажилдаа төдийлөн анхаарал хандуулахгүй байна. Хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сард тоглолтоо хийсэн.

-Урлагийн тухай маш олон тодорхойлолт байдаг. Гэхдээ урлагийн нийгэмд үзүүлдэг тэр сайхан эерэг энергийг та хэрхэн дүгнэдэг вэ?

-Өнөөдөр бид хүнийг машин шиг ажиллуулдаг мөнгөний нийгэмд амьдарч байна. Нийгмийн энэ хахир шаардлага хүнийг машин болгон хувиргаж байхад урлаг эргэж хүн болгодог. Урлагийн гол үүрэг нь хүний зүрх сэтгэлийг уян хатан болгох. Машин бол зүрх сэтгэлгүй, бусдын жолоодлогоор ажилладаг техник шүү дээ.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих