Brexit ба Их Британийн нөхцөл

177779-18012016-1453097349-953686151-1Кэмероны мэдэгдлээс харвал Их Британи огт буулт хийх бодолгүй байна

Их Британи улс Европын холбооноос гарах гэсэн утга илэрхийлсэн Brexit хэмээх үг арлын улсын иргэдийн ярилцдаг гол сэдвийн нэг. Их Британид явуулсан санал асуулгаас үзэхэд тус улсын иргэдийн 43 хувь нь Европын холбооноос гарахын төлөө, 40 нь холбоонд хэвээр үлдэхийн төлөө байгаа юм.

Brexit нь тус улс 1973 онд Европын холбоонд элссэн мөчөөс шахуу эхэлсэн. Дэлхийн хямрал нүүрлэсэн үед уг сэдэв британичуудын анхаарлыг онцгой татаж байсан юм. Харин Brexit энэ удаа Ерөнхий сайд Дэвид Кэмерон засгийн эрхэнд гарахдаа олон нийтээр хэлэлцүүлэхээр амлаж байсан дүрвэгсдийн хямралтай холбогдон шинээр эрчээ авч байна. Ерөнхий сайдын тайлбараар бол Их Британид үйлчилдэг нийгмийн хамгааллын тогтолцоо нь дүрвэгсдийг өөртөө татах гол шалтгаан болж байгаа ажээ. Гэхдээ дүрвэгсдээс болоод Их Британийн нийгмийн хамгааллын тогтолцоог өөрчлөх тухай яриа байж болохгүй. Иймд тус улсад Европын холбооны бусад оронд байдаг шиг гадаадынханд үзүүлдэг хөнгөлөлт бий болгох тухай асуудал л хэлэлцэх ёстой сэдэв болж байна.

ИХ БРИТАНИАС ТАВЬЖ БУЙ НӨХЦӨЛ

Өөрийнх нь зүгээс тавьж буй нөхцөлийг хүлээн авах тохиолдолд Их Британи нь Европын холбооноос гарах ёсгүй гэсэн тайлбарыг ноён Кэмерон өгдөг. Гэхдээ түүний тавьж буй нөхцөл тийм ч хялбар бус. Товчдоо Брюссельд тавьж буй Лондоны шаардлага ердөө л дөрөв. Нэгдүгээрт, Их Британид ирж буй дүрвэгсдэд эхний дөрвөн жилд нийгмийн халамж үл үзүүлэх. Хоёрдугаарт, ажлын цаг, амралтын өдрүүдийг зохицуулдаг Европын холбооны хууль тогтоомжийг өөрчлөх, эсвэл Их Британийг уг хууль тогтоомжоос гадуур болгох. Гуравдугаарт, Европын холбооны аюулгүй байдлын бодлогыг өөрчлөх, эсвэл уг бодлого Их Британид үл үйлчлэх. Дөрөвдүгээрт, Европын холбооны эрүүгийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах.

Гэтэл Их Британиас тавьж буй дээрх нөхцөлийг хүлээн авах нь Европын холбооноос шат дараатай авч буй “гүнзгийрүүлэх” гэсэн нэр томьёогоор илэрхийлдэг нэгдмэл бодлогоос ухрахад хүргэнэ. Хууль тогтоомжийг өөрчлөлгүйгээр, зөвхөн Их Британид үл үйлчлэхээр зааж өгч болох нь болно. Гэхдээ ийм алхам нь Европын интеграцжуулах бодлогод харш. Их Британийг тусад нь “чөлөөлснөөр” гишүүн бусад улс ч мөн адил нөхцөл шаардахад хүргэх эрсдэлтэй. Тухайлбал, Их Британийн жишээг Польш дагаж, үүнтэй уялдан Грек евро бүсээс, Франц Шенгений хэлэлцээрээс татгалзаж ч болзошгүй. Хэрвээ ийм юм болох аваас дэлхийд бүс нутгийн интеграцийн цорын ганц жишээ болж буй Европын холбоо яваандаа оршин тогтнохоо болих юм.

ШИЙДВЭР ГАРГАХ МӨЧ ОЙРТОЖ БАЙНА

Их Британийн нөхцөлийг хүлээж авахгүй бол тус улс 2017 онд санал хураалт явуулж, иргэд нь “за” гэх аваас Европын холбооноос гарах болно хэмээн Кэмерон өгүүлж байна. Харин Европын холбооноос Их Британи гарч орхивол тус холбоо эдийн засаг, улс төрийн хүч сулрахаас гадна ядаж л нэр хүнд нь унана.

Тиймээс аз туршихын оронд бидний шаардлагыг хүлээн аваад, Европын холбоонд хэвээр үлдээх нь зөв хэмээн тус улсын иргэд өгүүлдэг. Энэ нь дүрвэгсдийг хүлээн авч буй Германтай төдийгүй, Европын холбооны хууль тогтоомжтой уялдуулан Брюссельд тавьж буй шахалт болж байна.

Ноён Кэмероны мэдэгдлээс харах аваас Их Британи огт буулт хийх бодолгүй байгаа. Лондон одоогийнхоо байр суурийг хэвээр хадгалах нөхцөлд Европын холбооны гишүүдийн тоо цөөрч, оршин байх нь эргэлзээтэй болж хувирахаар байна.

Нөгөө талаар, хэрвээ Европын холбоо Лондоноос тавьж буй нөхцөлийг хүлээн авбал тус холбоо уян хатан гишүүнчлэл бүхий хамтран ажиллах өөр өөр үе шат, нэгдэн нийлэх өөр өөр хурдац бүхий улсуудын холбоо болж хувирах юм. Гэхдээ энэхүү нөхцөлд Европын холбоонд Туркийг элсүүлэх асуудал хавьгүй хялбар болж хувирах учраас тус холбооны гишүүн улсууд, удирдах байгууллага Кэмероны шаардлагыг хүлээн авсан нь дээр болж таарна.

Г.Очирбат

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих