”Хамгаалалтгүй” компаниудын лицензийг цуцалсан уу
ДӨРВӨН МЯНГА ГАРУЙ УУРХАЙЧИН АЖИЛГҮЙ БОЛЖЭЭ-
Голын эх, усны сан бүхий газар орчимд ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа алтны орд бүхий аж ахуй нэгжүүдийн ажлыг зогсоох Засгийн газрын шийдвэр өнгөрсөн сард гарсан билээ. Шийдвэрийн дагуу 254 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байгаа. Гэтэл дээрх шийдвэрээс болж 4000 гаруй уурхайчин ажилгүй болж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжихээр болоод байгаа аж. Энэ талаар өчигдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийсэн юм.
Манай улсад өнөөдрийн байдлаар 5000 орчим компани, аж ахуйн нэгж, байгууллага ашигт малтмалын чиглэлээр лиценз эзэмшиж байгаа юм байна. Гэтэл хууль хэрэгжиж байгаа нэрээр компаниудын лицензийг ямар нэг шалгаруулалтгүйгээр шууд үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр Засгийн газраас гаргасан аж. Үүнээс болж манай улсад орж ирэх татварын хэмжээ багасаж, тэр хэмжээгээр ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар гарах нөхцөл өндөр болж байгаа аж. Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Ганбаатараас цөөн асуултад хариулт авсан юм.
-Өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газарт хүргүүлсэн Үндэсний зөвлөл байгуулах тухай таны саналын хариу ирсэн үү?
-Өнөөдрийг хүртэл ирээгүй. Хэрвээ энэ зөвлөл байгуулагдвал 254 лиценз эзэмшиж байгаа компанийн үйл ажиллагаа гэнэт зогсож, олон хүн ажилгүй болохгүй ч байсан. Яагаад гэхээр 5000 гаруй лиценз эзэмшигч үйл ажиллагаа явуулж буй компаниудыг нэг ижил шүүлтүүрт оруулж алийг нь хаах, аль компани байгальд хор нөлөөтэй үйл ажиллагаа явуулж байгааг нь Үндэсний зөвлөлийнхөн хэлэлцээд шийдвэрлэж чадахгүй бол хөндлөнгийн үндэсний хэмжээний бие даасан шинжээчид дүгнэлт гаргахад туслах зарчмаар үйл ажиллагаа явах байсан. Харамсалтай нь хариу ирэхгүй байсаар 300 орчим компанийн үйл ажиллагааг хаалгаад байна.
-Тэгэхээр Засгийн газар ганцаараа үйл ажиллагаа зогсоох эсэх шийдвэрийг гаргах нь буруу гэсэн үг үү?
-Лиценз бүрийн ард хүний амьдрал бий. Бас байгаль орчны сүйрэл. Тиймээс ажил олгогч, иргэдийн төлөөлөл, үйлдвэрчний эвлэлтэй зөвлөлдөж, аль аль талдаа хохиролгүй шийдвэрийг гаргах хэрэгтэй. Хэдэн сарын дараа сая цуцалдаг компаниудын эрхийг гадныхан авчихсан, үйл ажилгаагаа явуулж эхэлнэ. Эсвэл аль нэг улстөрч ажиллуулах болно. Тиймээс Үндэсний зөвлөл байгуулах нь зүйтэй юм.
-Лицензээ цуцлуулсан компаниудын ихэнх нь банкинд өртэй гэсэн. Үүнээс болж банкны салбар хүнд байдалд орж магадгүй гэх мэдээлэл байна?
-Засгийн газар алагчилж, компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Эдгээр 254 компанийн ихэнх нь ард талдаа том улстөрч, эрх мэдэлтэн байхгүй “хамгаалалтгүй” юм билээ. Тэд бор зүрхээрээ үйл ажилгаагаа явуулж байсан гэж хэлж болно.
Э.ХҮРЭЛБААТАР
URL:













