Х.Баттулга сайд аа, чадахгүй бол больчихооч

ЗТБХБ-ын сайд Х.Бат­тулга хусмаа чамласан хүү­хэд шиг ажлаа хийж чадахгүй болохоор хо­шуугаа унжуулж, сонгууль дөхөх сургаар улстөрийн ган­цаар­чилсан тоглолтыг хийх болов. Засгийн газар дотор нь байж өөрийнхөө хариуцсан салбарын ажлыг олигтой хийж чадахгүй бол өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд сайдын суудлаасаа татгалз­вал яасан юм бэ. Харин ч сайдын ажил хийхээ больчихвол гаднаас нь шүүм­жилж сөрөг хүчний байр суурийг илэрхийлэх нь улстөрчийн ёс зүйд тун нийц­мээр юм шиг ээ.
Өмнөх гурван жилд аман­даа ус балгачихсан юм шиг чимээгүй байсан эрхэм сайд гэнэтхэн нойр­ноосоо сэрж, нүүрсний контрбандын хэргийг илрүүлж, мөрдөн байцаагчийн дүрд тоглож, ажлаа хийхэд хэцүү саадтай байна гэх болж.
Үнэхээр ажил хийх гэж зүтгэж байхад хийлгэхгүй бай­на гэж шүүмжилж байгаа Х.Бат­тулга сайд ажлаа авснаас хойших хэрэгжүүлсэн хөтөл­бөрүүд нь 35-хан хувь­тай гэсэн хачирхалтай тоон үзүүлэлт харагдав. Ёстой нөгөө “Өөрийн толгой дээрх бухлыг харахгүй байж бусдын толгой дээрх өвсийг харна” гэгчийн үлгэр болохыг мань сайдын хийхээр эхлүүлсэн, нэр зүүсэн ажил төдийнхнөөр харагдлаа.
Цаасан дээр хараар маш тодорхой бичсэн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх 100 мянган айлын орон сууц хөтөлбөр, Төрийн албан хаагчдын орон сууцны дэд хөтөлбөр, Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны хөтөлбөр, Ус үндэсний хөтөлбөрт “Ариун цэврийн байгууламжийг сайж­руулах, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах хөтөл­бөрүүд, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Транзит Монгол үндэсний хөтөлбөр гээд бөхөөр бол ам авсан олон янзын гоё нэртэй хөтөлбөрөөс ажил хэрэг болсон нь өнөөдөр цөөхөн. Ажил эхэлж байна гэж энд тэнд уригдан, залагдаж тууз хайчилж, аль эсвэл хувийн компанитай орооцолдож, тооцоо бодох гэж оролдохыг эс тооцвол шүү дээ.
Саяхны нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагаас нь үзэхэд Х.Баттулга сайдыг үнэхээр шударга, ажилч, хичээнгүй сайд юм уу гэтэл бас үгүй болол­той. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барих, хөрөнгө босгох чиг­лэлээр “Үндэсний хөгж­лийн корпораци” гэг­чийг байгуулж, ойр тойр­­ныхоо найз нөхдийн биз­­несийг дэмжих үйл ажил­­лагаанд анхаарлаа хан­дуулсан байх юм. АНУ-аас хүртэл найз нөхдөө авч ирж “Үндэсний хөгж­лийн кор­пораци” гэг­чийнхээ гүйцэтгэх захирлаар томилчихсон лут сайд. Бас болоогүй хувийн ч биш улсын ч биш дээрх корпораци хувийн хэвшлийнхнийг дэмжиж буй гэж тайлбарлан, өмгөөлж хамгаалах нь жигтэйхэн. Хэрвээ хувийн хэвшлийг дэмжих гэж ингэж улайрч байвал өөрийнхөө ашиг сонирхлыг уландаа гишгээд улс орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах ёстой бус уу.  Түүнээс Сайншандын цог­цолборт ЗТБХБ-ын сайдын ойр тойрны хүмүүс нь компани байгуулна гэж тусгаагүй л байлтай.
Тиймээс дэд бүтцийн томоо­хон салбарыг тэр­гүүлж байгаагийн хувьд дэд бүтцийн томоохон сан­хүүжилт, хувь заяанд санаа тавьж буй бухимдал нь ямар ажил гараас нь гарч вэ гэдгээс харагдах юм. Өөрийнх нь хэлдгээр ярьсаар байгаад ад болохгүй, нэг­дүгээрт анхаарлаа хан­дуулах ёстой зүйлдээ анхаарал хандуулахгүй бол хувийн бизнес чинь яваад улсын ажил уягдаад байгаа юм биш үү, сайд аа.
“Албан тушаалаар амаа таг­луулдаг нь би биш” гэж мар­гааш нар мандахыг март­сан үг хэлж явсан эрхэм маань ямар албан тушаалтан гэдгээ мартчихсан улстөр хийгээд сууж байх юм. Олон мянган гишүүнтэй МоАХ албан тушаалаар амаа таглуулахгүй гэж гүрийж байснаас сайдын сэнтийд заларчихаад, Алтан загасны эмгэн шиг эрх тушаал нь хан­галттай санагдахгүй байгаа болол­той. Ямартаа л бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох гэж байгаа Засгийн газрын танхимынхаа дотоод булхайг тоочиж сууна. Энэ бол ерөнхийдөө сонгууль дөх­сөнийг угтан хийж буй шоу гэдэг нь улстөр гадарладаг хэн бүхэнд ойлгомжтой.
Х.Бат­тулга сайд өнгөрсөн хавраас хойш хуралдаагүй ҮЗХ-ны хурлыг яаруулж буй нь хамтарсан Засгийн газраас гарахыг тулган шаардах үйлдэл. Энэ их бүтээн байгуу­лалтыг хийх гэж хам­тарсан Засгийн газарт АН байгаа юм гэсэн АН-ын дарга Н.Алтанхуягийн үгийг мушгин гуйвуулах гэсэн санаархал төдийхөн. Оргүйгээс охинтой нь дээр гэгчээр маш удаан ажил явж байна гэсэн шүүмжлэл хэлж байгаа Х.Баттулга сайдын үг үнэн чанартаа хувийн өчүүхэн эрх ашгийг бодсонтой нь холбоотой гарсан мессэж гэдгийг ч улстөрийн хүрээ­нийхэн шивэр авир хийх болжээ. Ерөнхий сайд асан С.Баяр Засгийн газрын тан­химаа бүрдүүлэхдээ ЗТБХБЯ-ыг АН-д бэлэглэсэн. АН-ын дарга Н.Алтанхуяг нам доторх бүлэглэл фракциуддаа хувь хүртээх маягаар сайдын суудлыг “Женко” Х.Баттулгад өгсөн. Ажлаа авснаас хойш тэр­бээр өөрийн бүтцийн сал­баруудаас төмөр замд хайртай байгаа нь жигтэйхэн харагддаг байсан.
Ерөнхийлөгчийн сон­гуулиас гурав хоногийн өмнө Хятадад айлчилж, төмөр замын сайд Лю Жижүнтэй зангиагүй уулзалт хийхдээ уул уурхайн дэд бүтэц, төмөр зам шинээр барьж байгуулах тухай Засгийн газар, УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс нууцаар ярилцсан гэрээний булхай нь хэв­лэлээр дэлгэгдэж байсан. Магадгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид найдсан цээжний тооцоо биз. Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой эртний анд, төрсөн ах Ц.Арс­лан­доржийг нь хүр­тэл Бээжин дэх төмөр замын тө­лөөлөгчийн орлогч даргаар томилуулсан болохоор ийн аашилсан биз. Ийм л том толгойлсон шийдвэр гаргах дуртай эрхэм танхимынхаа эсрэг үг дуугарч, ажил хийлгэхгүй байна хэмээн ард түмэндээ хайртай хүн болох жүжиг тавьж эхэллээ.
Михаилд нэг бодол бий гэдэг шиг Х.Баттулга сайд тан­химынхаа эсрэг үг дуугарах болсон нь дээрээс шид­сэн том чулуу гэнэ. Хэзээнээс Ерөн­хийлөгч Ц.Эл­бэгдор­жийн сон­гуу­лийн хэтэвч нь явж ирсэн гэх Х.Бат­тулга сайд АН-ын дарга Н.Алтанхуягийн алган дээрээ тогтоож ядсан өндгийг хагалах гэж ийнхүү улайран зүтгэж байна. Тэр өндөг хагарахад ойрхон ир­чихсэн дохиог ийнхүү хэв­лэлээр ил шахуу зарлаж суу­на. Магадгүй АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн алган дээрх өндгийг бяц гиш­гэчихээд намын дарга болно гэж сэрүүн зүүдэлсэн байхыг үгүйсгэх аргагүй. Яагаад гэвэл тэр өнөөдөр ярьс­наа мар­гааш март­чихдаг дутаг­дал­тай.
Гэхдээ могой гурав тас­равч  гүр­вэлийн дай­тай гэг­чээр энэ сарын 28-нд хурал­дахаар яриг­даж байгаа ҮЗХ-ны хурлыг аятайхан хойш нь татахаа ч бас АН-ын дарга Н.Алтанхуяг мэдэхийн дээдээр мэдэж буй.
Хэр удаан хойш татах нь бас л таашгүй. Ийм л нэг өндөг булаацалдсан дүр зурагтай улстөрийн тоглоом АН дотор өрнөж байна. Халдавч хар халзандаа гэгчээр намын дотоод зөрчлөө дотооддоо шийдвэрлэхийн тулд салбар хариуцсан сай­дынхаа суудлаас боль­чихвол Засгийн газрыг хангалттай “матар”-лаад суух нь ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад хялбар баймаар юм. Ерөөсөө Х.Баттулга сайдаа, ажлаа хийж чадахгүй бол больчихооч дээ.

URL:

Сэтгэгдэл бичих