Батын Хурц буюу Монгол тагнуулчаас суралцахуй

“Монголын мэдээ” сонин улирч буй оны онцлох хүнээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг нэрлэж байна-

Б.Хурц 2003 онд Сөрөг тагнуулын газрын даргаар ажиллаж байхдаа улсаас өгсөн нэгэн тушаалыг биелүүлснийхээ төлөө долоон жилийн дараа баригдаад байна. Тодруулж хэлбэл, түүнийг энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр Лондон хотын Хитроу олон улсын нисэх буудалд Их Британийн хууль хяналтынхан саатууллаа.

Энэ үйл явдал зүй ёсоор олон улсын анхаарлын төвд орж, Монголын төр засгийн холбогдох албан тушаалтнууд ч сандралдсан. Тэгээд Их Британийн талд хоёр ч удаа албан бичиг явуулсан. Харин Их Британийн талаас Б.Хурцыг 2003 онд Францаас Бельги, Германы нутгаар дамжуулан хууль бусаар хүн хулгайлан тээвэрлэсэн, хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан хэрэгт буруутгаж баривчилсан хэмээн тайлбарлаж буй.

Тухайн үед Францаас баривчилж, гурван улсын хил дамнуулан хулгайлж ирсэн хүн нь Дамирангийн Энхбат гэгч байв. Түүнийг Ардчиллын алтан хараацай С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган Франц улсаас хулгайлан авчирсан. Хамгийн гол нь Б.Хурц улсаас өгсөн үүрэг даалгаврыг чанарын өндөр төвшинд төгс гүйцэтгэсэн. Харамсалтай нь эл хэргийн дараа Франц болон Европын холбооны улсуудаас асуудал үүсгэж, тайлбар шаардах үед манай төрийн өндөрлөгүүд үүрэг гүйцэтгэсэн тагнуулуудынхаа нэрийг зүгээр л зарлаж орхижээ.

Тийм ч учраас Б.Хурц 2010 онд Их Британид баривчлагдсан хэрэг. Нөхцөл байдал буруугаар эргэж, Б.Хурц Лондонд баривчлагдсаны дараа Д.Энхбатыг баривчлах тушаалыг хэн өгөв гэдэг нь тодорхойгүйгээр үлдэж байна. Гадаад харилцааны яамнаас албан ёсоор өгсөн тайлбараар бол тухайн үед ийм тушаал өгснийг Монгол Улсын Ерөнхийлөгч ч мэдээгүй, шүүх прокурорын байгууллагын тушаал, шийдвэр ч гараагүй байсан гэнэ.

Гэхдээ Б.Хурц өөрийн эрх мэдлийн хүрээнд гадаадын улсаас хүн хулгайлах ямар ч боломжгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа. Тиймээс эл явдал манай хууль хяналтын байгууллагынхан хоорондоо ямар ч уялдаа холбоогүй, хариуцлагагүй ажилладгийн нэгэн жишээ болон үлдэж байна. Харин энэ хооронд Б.Хурцад холбогдох хэргийн бэлтгэл шүүх болж өндөрлөлөө. Албан ёсны шүүх хурал ирэх сарын 5-нд болохоор төлөвлөгдөөд байна. Дэлхийн анхаарал Монголын тагнуулчийн хэрэг хэрхэн шийдэгдэх бол гэдэг дээр төвлөрчээ. Бас Монголын төр, засгийн өндөрлөгүүд, ард түмэн ч тэр Б.Хурцын хэрэг хэрхэн шийдэгдэхийг чих тавин хүлээж байна.

Нэг зүйлийг онцлоход, Б.Хурцын хэрэг ид шуугиан тарьж байх үед барууны нэгэн хэвлэлийн хуудаснаа нэгэн ишлэл нийтлэгджээ. Юу гэвэл “Тэр гүйцэтгэх ажиллагааг хийсэн хүмүүс гайхамшигтай, харин тэр хүмүүсийн нэрийг дэлхий дахинд зарласан улс орон нь гутамшигтай” гэжээ. Эндээс дэлхий дахин Монголын тагнуулчдын ур чадварыг шагшиж байгаа нь харагдаж байна. Тэр хэрээр манай хэвлэл мэдээллийнхний дунд нэгэн “шум” тархжээ. Тодорхой хэлбэл, “Англи, Францын тал Б.Хурцыг баривчилсан нь шоронд хорих гол шалтгаан нь биш. Гагцхүү тэр гүйцэтгэх ажиллагааг хэрхэн явуулсан нууцыг илрүүлэхийн төлөө” гэж байна.

Үнэний хувьтай байхыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр эцсийн үр дүнд Б.Хурц эх орныхоо өгсөн даалгаврыг төгс гүйцэтгэж, Монголын тагнуулчдын нэр хүндийг олон улсын тавцанд өргөж чадлаа. Харин өөрөө улстөрчдийн золиосны хүн болж, харийн оронд баривчлагджээ. Тийм болохоор Б.Хурц гэх энэ эрхмийг “Монголын мэдээ” сонины зүгээс “2010 оны онцлох хүн”-ээр нэрлэж байна.

Л.Энхдэлгэр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих