“Зориг сан”-гийн түншүүд С.Оюун гишүүний нөхөрт итгэл алдарчээ

-Ч.ЭНХБАЯР ЯПОН ТҮНШҮҮДЭЭ УУЛ УУРХАЙН САЛБАРТ ОРУУЛНА ГЭЖ ЗАЛИЛСАН БОЛОЛТОЙ-

УИХ-ын гишүүн С.Оюуны нөхөр Ч.Энхбаярыг залилан хийсэн гэх гомдол хуулийн байгууллагад иржээ. Гомдол гаргагчид нь “Зориг сан”-тай олон жил хамтран ажилласан япон түншүүд нь аж. Эх сурвалжийн мэдээлснээр Ч.Энхбаяр нь “Гоулдэн нар” компанитай аж. Тус компани нь Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд алтны хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй аж. Байгуулагдаад цөөнгүй жил болж байгаа ч үйл ажиллагаа нь төдийлөн тогтворжоогүй компани юм байна. Ч.Энхбаяр энэ компанидаа Японы бизнес эрхлэгчдээс хөрөнгө оруулалт хүсч хамтарч ажиллахаар болжээ. Улмаар япончуудын хөрөнгө оруулалтаар хайгуулын ажлаа хийж байжээ. Гэвч компанийн үйл ажиллагаа тогтвортой бус, түншүүдийнх нь оруулсан хөрөнгө оруулалт юунд зарцуулагдсан нь тодорхойгүй болсон аж. Япон түншүүдийнх нь хардаж байгаагаар Ч.Энхбаяр хөрөнгө оруулалтыг нь хамтарсан компанид биш өөр нэг компанид зориулсан байх магадлалтай гэнэ. Ч.Энхбаяр түншүүддээ амласнаар “Гоулдан нар” компани нь Япон, Монголын хамтарсан компани байх учиртай байж. Гэвч өнөөг хүртэл Ч.Энхбаярын нэр дээр дангаараа байсаар байгаа гэнэ. Тиймээс япончууд асуудлыг хуулийн байгууллагаар шийдүүлэхээр Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасан байна.

Тус компани нь Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд хайгуул хийх эрхтэй ч нийслэлд “Зориг сан”-гийн байранд бүртгэлтэй байдаг юм байна. Ч.Энхбаяраас шалгагдаж байгаа хэргийнх нь талаар тодруулахад “Манай компанитай холбоотой намайг шалгаагүй юм биш үү. Харин С.Оюуны нөхөр гэдэг утгаар нь намайг шалгаад байгаа гэж ойлгосон. Одоогоор надаас мэдүүлэг авсан хүн алга л байна. Улстөржсөн мэдээлэл ч байж болох талтай” гэснээс өөрийг хэлсэнгүй. Өөр эх сурвалжийн хэлснээс Ч.Энхбаярын компанид хөрөнгө оруулсан япончууд “Зориг сан”-гаас холбоогоо тасалсан байна. Тэд Японд байгаа ч компанийн харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан нь тэр юм байна.

Ч.ЭНХБАЯР ГЭЖ ХЭН БЭ?

Тэрбээр МҮОНР-д ажиллаж байсан, сэтгүүлч мэргэжилтэй. Тэрбээр 1990-ээд оны эхээр Монголын үндэсний телевизээр “Саятан” нэвтрүүлэг хөтөлж олны танил болсон нэгэн. Гэхдээ хэвлэл мэдээллийн салбарт төдийлөн удаан ажиллаагүй. С.Оюун гишүүнтэй сууснаар бизнесийн зам хөөсөн гэдэг. Түүнийг Төв аймгийн Шарга морьт суманд алтны уурхайтай гэж ярих ч хүн байсан. Үүнээс гадна тус суманд үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазын 33 хувийг эзэмшдэг. Тус баазын үндсэн хөрөнгө нь 300-гаад сая төгрөг гэнэ лээ. Үүнээс гадна Өмнөговь аймгийн Баян-Овоо сумаас алт олборлох зорилготой “Гоулдэн нар” компани байгуулсан нь дээрх хөл амыг дагуулаад байгаа юм. Ч.Энхбаяр эхнэрийгээ улс төрд оруулахад чамгүй хүчин зүтгэсэн гэж ойр тойрныхон нь ярилцдаг. Одоо тэрбээр “Зориг” сан олон нийтийн байгууллагын захирлын албан тушаал хашдаг. Нөхөр нь уул уурхайн салбарт ажилладагтай холбогдуулж С.Оюун гишүүнийг энэ чиглэлийн лоббид өртөмтгий гэж хардах нь ч бий.

Ц.ӨРНӨХ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

“ӨДРИЙН СОНИН”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих