Тоорой бандийг жинхэнэ нэр нь Нанзад банди буюу Нанзад шүү дээ
-ТООРОЙ БАНДИЙН ТУХАЙ КИНО ЗОХИОЛЫГ ХОНХЭРЭЙДИЙН ЭНХБАТТАЙ БИЧИЖ ЭХЭЛСЭН-
Тоорой бандийн тухай судалж, Дарьгангад хөшөөг нь босгож явсан зураач Ж.Дүүрэнтөгстэй ярилцлаа.
-Таныг Тоорой бандийн талаар нэлээдгүй судалгаа хийсэн. Сүхбаатар аймгийн Дарьгангад байгаа хөшөөг нь босгосон гэдэг юм билээ?
-Тийм ээ. 1999 оны үеэр энэ хөшөө боссон. Тоорой бандийн хөшөөг босгоход надад гурван зүйл бодогдож байсан. Энэ хөшөөг босгодог хүн нь би мөн үү. Алтан овооны тахилгын үеэр хүмүүс тийшээ анхаарлаа хандуулсан байхад нь зэрэгцээд хөшөө хийх гээд байдаг нь зөв үү. Хөшөө босгох цаг нь болсон уу гээд бодсон. Цаг нь болсон байлаа гэхэд Гангын овооны дэргэд босгодог нь зөв ч юм уу, буруу ч юм уу гэж их бодогдсон. Овоо гэдэг чинь миний босгож буй энэ хөшөөнөөс илүү утга учиртай. Наад зах нь айл нүүдэллэхэд л байгаль дэлхийтэйгээ харьцаж, ус ургамлыг нь судалж байж нүүдэг шүү дээ. Тийм болохоор дотроо бас санаа зовж байлаа. Бүрхийснээсээ эсэн юм болсон. Би нэг сонин юм хэлэх уу.
-Тэгэлгүй яахав. Юу юм бол?
-Хөшөөгөө залчихаад гурав хоногийн дараа би найзтайгаа Гангын цагаан овоон дээр гараад алсыг дурандаж суулаа. Тэр дор “Тоорой банди”-ийн хөшөө харагдаж байгаа юм.
Зүүн талд нь салхины эсрэг гурван цагаан юм хөдлөөд байв. Тэгээд би найздаа чи цагаан тарвага харсан уу гэхэд хаана байна гээд дурандсан юм. Тоорой бандийн хөшөөнөөс 10-аадхан алхам газар нэг нь юм идээд, нөгөөх нь шогнойгоод дошин дээрээ зогсож байна. Нөгөөх нь дошноосоо гарах уу, байх уу гэсэн янзтай бултганаад байлаа.
Би өөрөө 23 жил ан хийсэн хүн. Нүгэлт хар гөрөөчин гэдэг дээ. Тийм л явсан. Амьд цагаан тарвага ерөөсөө харж байгаагүй. Харин айлын хананд цагаан тарваганы арьс өлгөөтэй байхыг л үзсэн. Сонин юм даа гээд гайхаад өнгөрч байсан. Тэгээд найзтайгаа ямар гоё бэлгэшээлтэй юм бэ гээд яриад сууж байлаа. Тэр үед миний сэтгэл эмзэглүүлж байсан гурван зүйл алга болсон доо. Миний тэр эмзэглэж байсан гурван зүйлийг цайруулсан байгаль дэлхий ан, амьтнаараа зөвтгөж байгаа юм байна гэж бодсон. “Тоорой банди”-ийн хөшөөг би хийх байж. Яг энэ цаг өдөр, энэ газар босгох нь зөв байжээ гэж санагдсан. Байгалиас ч юм уу, бурхнаас ч юм уу ямар нэгэн зөнгөөр боссон. Тэр хөшөөг мэдээж би ганцаараа өөрийн хөрөнгөөр хийнэ гэж юу байхав. Хүмүүсийн дэмжлэг авсан. Хүн тэгээд сонин юм билээ л дээ. Энэ хөшөөг босгоход би хандив өргөсөн. Тэр үүднээсээ өөрийгөө хөшөөн дээр мөнхрүүлэх гэдэг юм уу нэр бичээрэй гэсэн. Тэдний нэрсийг би ийм хүмүүс ингэж ивээн тэтгэж энэхүү хөшөөг босгов гээд тусгай пайзан дээр бичээд хөшөөний дор байрлуулсныг хүмүүс аваад хаячихсан байсан. Мөнгөн тусламж үзүүлсэн хүмүүс нь надаас миний нэр байхгүй байна гэхээр нь ахин би хийгээд тавьсан. Гэтэл ахиад алга болсон. Хүмүүс хөшөөг энэ босгосон гэхээсээ илүү ард түмнийх, минийх гэдэг үүднээс ханддаг юм билээ. Манай монголчууд суварган дээр очоод сүү өргөж, сунаж мөргөдөг сүсэг бишрэл ихтэй. Нэг сайхан суварга дээр очоод мөргөх гэтэл тэдний гэр бүлээс энэхүү суваргыг босгов гэсэн бичгийг нь хараад буцаад явчихдаг юм. Энэ суварга ард түмнийх биш энэ гэр бүлийн суварга юм байна гэдэг. Тэгэхээр би энэ хөшөөг хийсэн гэдгээсээ илүү ард түмний юм гэж боддог. Дотроо л харин өөрөө хийсэн гэдгээ бодоод явах нь дээр санагддаг.
-Монгол эрчүүд өвөл, зунгүй л очиж тэр хөшөөнд хүслээ шивнэдэг. Та ч бас эрчүүдийн хийморь сэргээх сайхан бүтээл урлаж дээ?
-Эрчүүд тэнд очиж гал түлж, тогоонд нь цай чанаж уудаг. Аяга тагшинд нь идээ, унд хийгээд, өвдөг тохойноос нь адис авна. Тэр ч бүү хэл хоёр сайн найз байхад нэгэндээ хэлээгүй нууцаа “Тоорой банди”-ийн чихэнд очиж шивнэчихээд яваад өгөх жишээтэй. Би бүтээсэн болохоор азтай хүн гэж бодоод явахад л болж байгаа юм. Түүнээс биш би хийсэн гээд зарлан тунхаглаад байх надад бол тааламжгүй. Аль болох амьтай болгоё гэсэн үүднээс бас нэг орчин бүрдүүлж өгье гэж бодсон.
-”Тоорой банди” хэмээх шилийн сайн эрийг хэзээнээс анх судалсан бэ?
-Тоорой бандийн тухай 1940-өөд оны сүүлээр улайран судалж байсан хүний хүүхэд нь би юм. Миний аав Жамбалжамц гэж хүн Сүхбаатар аймгийн Улаан гэр театрыг үндэслэн байгуулсан. Өөрөө зохиол бүтээл туурвидаг хүн байсан л даа. 1945 оны дайнд уйгаржин, төвд, крилл бичигтэй цэрэг очиж байсан гэдэг. Бид ийм агуу үндэстэн, баатарлаг түмний үр сад болохоор ялагдаж болохгүй гэж цэргүүдээ зоригжуулж явсан нэг ёсондоо ухуулагч хийж явсан хүн л дээ. Тэр хугацаандаа “Тоорой банди”-ийг судалж байсан юм. Цэргээс халагдаад зохиол бүтээлээрээ “Тоорой банди”, түүний нөхөд, хайрт Шармаан, нутаг усных нь түүхийг хүртэл олонд нэлээд сайн таниулсан. Тэр хүнээр бахархаж, аархаж явахад нь би төрсөн юм билээ. Тийм болохоор энэ талаар ярьж, олон түмний эрх чөлөөний төлөө тэмцэж явсан хүмүүсийн түүх унших дуртай болсон. Тэгээд ч аавынхаа эхлүүлсэн ажлыг цааш нь ахиулмаар санагдсан. Аавын хүү байна гэдэг чинь эцгийнхээ эхлүүлсэн зүйлийг ядаж нэг алхам цааш ахиулах хэрэгтэй. Жишээ нь адуучны хүүхэд байлаа гэхэд ааваасаа хойш удам угсааг нь сайжруулж, тоо толгойг нь өсгөчихөөд аавын хүү гэж бардам хэлж болно. Бид ямар ч байсан ааваасаа дутуу амьдрах эрхгүй. Ахмад үе юу үлдээсэн тэр бүгдийг нь нэг даваа ахиулах хэрэгтэй. Тэр л бидний гавьяа. Тийм болохоор багаасаа л “Тоорой банди”-ийг мэддэг байсан. Сүүлд судалж эхэлсэн.
-Ааваасаа хойш та тэгээд “Тоорой банди” судлалаар хэдэн алхам ахиад байна вэ?
-Эхлээд “Тоорой банди” нэрийн тухай ярья л даа. Тоорой бандийн жинхэнэ нэр нь Нанзадбандй буюу Нанзад шүү дээ. Олон судлаачид, аав маань ч гэсэн “Торой банди” гэж нэг “О”-той бичдэг. Тэр талаар бага байхдаа ааваасаа асууж явлаа. Олны дундаас баатарлаг гавьяа, тэмцэл, хийсэн бүтээснээрээ торойж гарсан хүн учир тодорч, торойсон гэдэг утгатай “Торой” гэдэг нэр юм гэж байсан. Сүүлд тэгээд би нэр дээр нь эргэлзэж эхэлсэн. Яагаад “Торой” биш “Тоорой” юм гэхээр мэдээж гахайн тоорой биш. Угаасаа манайхан гахайг шүтдэггүй. Өөрсдийнх нь төлөө амь амьдралаа зориулсан хүнийг юу гэж тэгж нэрлэхэв. Тийм болохоор энэ “Тоорой” мод юм.
Ялангуяа Алшаа, Өвөр Монголд их байдаг. Манайд ч бий. Говийнхон тэр модыг маш их хүндэлдэг. Ямар учиртай мод вэ гэхээр энэ тэнгэрийн, эр зоригийн, тангаргийн мод юм. Түмэн олны төлөө тэмцэж явсан хүн тангаргийн мод шиг байж таараа. Наранд ганддаггүй, хүйтэнд хөрдөггүй тийм хүн байсан. “Цастын цагаан ууланд нь Цантаа нь үгүй Тоорой Цаад найман хошуунд нь Баригдаа нь үгүй Тоорой…” дандаа тэр хүмүүсээ баригдашгүй, ялагдашгүй, дийлдэшгүй хэмээн дуулдаг байж. Мөн шилийн сайн эрсийг “яргай” хэмээн нэрлэдэг. Яргай эр явж байна. Аргагүй нэг сайн эр дээ. Морь нь ч гэж морь юм гэх жишээтэй. Барьсан ташуурыг нь суман, тэнзэн, хулсан гэж ярьдаг. Тал нутгаас төрсөн сайн эрийг тэр сайхан модны нэрээр нэрлэсэн юм байна. Ямар ч гантай жил тоорой модны навч ногоон байдаг. Тэр үүднээс үхэшгүй мөнхийг бэлгэдэж нэрлэжээ гэдэг дээр би 100 хувь итгээд байгаа. Нэрийн учир энэ юм. 40-өөс дээш насныхан, ахмадууд ер нь түүхийг нь сайн мэднэ. Гэхдээ монголчууд олон шилийн сайн эрийн домгийг хольж яриад байдаг. Ганган төгс, Цахиур Төмөр гээд газар Газрын сайн эрс бий л дээ. 1998 онд “Тоорой банди”-ийн тухай кино зохиол бичиж эхэлсэн. Банзрагчийн Энхбат буюу Хонхэрэйдийн Б.Энхбат бид хоёр анх бичиж эхлүүлсэн. Жүжигчин Х.Ганхуяг найз маань гол дүрд нь тоглоно гээд бүгдийг төлөвлөсөн байсан. Нэг өрөө аваад бүтээлээ эхлүүлж байлаа. Судалгааны ажил дутуу, хүссэн хүн болгон түүхэн кино хийгээд байж болохгүй болохоор түр орхисон. Түүнээс хойш “Тоорой баңди”-ийн хөшөөг нутагт нь босгон, Шилийн богдын орой дээр их хар сүлд хийж тахилаа. 2005 онд Унгарын эрдэмтэн залууг Будапешт хотноо “Тоорой банди” судлалаар олон улсын докторын зэрэг хамгаалууллаа. Эрдэм шинжилгээний бүх материалыг нь бэлдэж өгсөн.
-Тэгвэл “Тоорой банди” судлал гэж олон улсад бий болсон байх нь ээ?
-Гадаадынхан манайхны зүйлийг сонирхоод эрдмийн зэрэг хамгаалж байна. Гэтэл монголчууд яагаад өөрсдөө хамгаалахгүй яриа төдийхнөөр өнгөрөөгөөд байна вэ. Олон улсын хэмжээнд “Тоорой банди” судлалаар доктор хамгаалж байхад манайхан харин чимээгүй суудаг. Түүнд зориулсан 90 бадаг дуу байдаг гээд бод. Бидний хийх ёстой зүйлийг ингээд гадныхан хийгээд байгаа юм. Ямар ч байсан олон улсад судлагдаад эхэлчихсэн л явна.
-Хонхэрэйдийн Энхбат найзтайгаа сүүлд очиж уулзсан уу?
-Тэр газар нь жилд хоёр удаа л гэр бүлийнхэнтэй нь уулзуулдаг гэсэн. Тийм болохоор уулзаж чадаагүй байна. Дэглэм буураад ирэхээр нь уулзана даа. Сая гэр бүлийнхэн нь очиж уулзахад нь дэвтэр, үзэг, солих хувцас, дайж явууллаа. Мөн захиад байсан Чонон сүлд романын нь явуулсан. Уулзаж чадахгүй болохоор номынх нь нүүрэн дээр их юм бичлээ. Б.Энхбат хэдийгээр хэцүү нэртэд байгаа ч гэсэн бичих зүйлээсээ холдоогүй байгаа. Өөрийн хийх ёстой юмаа хийгээд байж байна.
-Таныг олон хөшөө дурсгал хийсэн гэдэг. Хаана ямар ямар хөшөө дурсгал байна?
-Сүхбаатар аймгийн Дарьганга суманд Тоорой банди, Дорнод аймгийн Эрээнцавд яруу найрагч Д.Нямсүрэнгийн хөшөөнөөс эхлээд 20 гаруй хөшөө босгосон байна. Орон нутагт хөшөө босгодог байсан сүүлд харин Сансрын аюулгүйн тойргийн тэнд эвтэй дөрвөн амьтны хөшөөг хийх шив дээ. Зунаас Монгол цэргийн хөшөөг Туул голын хөвөөнөө хийхээр болоод байна. Одоо манайхан Жуков, Зайсан толгойн танкны хөшөөнд цэцэг өргөдөг тэр цаг удахгүй байхгүй болж монгол цэргийн хөшөөндөө цэцэг өргөх байх.
-”Тоорой банди”-ийн тухай үлгэр, домог мэт яриа их байдаг. Тэр бүгдээс та дурсахгүй юу?
-Ганцхан зүйл хэлье л дээ. Тоорой банди хүмүүст хөөгдөөд явж байгаад бургас руу морьтойгоо орчихож. Араас нь цэргүүд давхиад ортол зөрөөд нэг өвгөн үхэр унаад гарч явсан гэдэг. Тэр цэргүүд өвгөнийг анзааралгүй цаашаа бургасаар хайгаад байсан чинь морь нь байж байдаг. Харин тоорой банди алга гэнэ. Яасан юм бол гэсэн чинь бургасанд хэдэн үхэр байхаар нь дор нь зүсээ хувилгаад үхэр унаад зөрөөд гарсныг нь мэдээгүй алдаж байсан гэдэг юм. Тоорой банди гэдэг чинь цол байхгүй юу. Тоорой банди гэдэг 40 гаруй эр байж. Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гээд эх орныхоо төлөө морин дээр хатаж явсан. Тоорой банди эхнэр Шармаанаа төрсний дараа гэрийнхээ хаяагаар хоёр ширхэг гаанс шургуулаад наадахаа шөлний юм болгоорой гээд давхиад явсан байгаа юм. Тэр үед гэртээ орох эрхгүй тангарагтаа үнэнч байсан. Тоорой банди айлын ганц хүүхэд, өөрөө ч бас нэг хүүтэй байсан. Ард түмэн хүүг нь нуусан гэдэг юм билээ. Шилийн сайн эрийн хүүхдийг нуухгүй гээд яахав. Хүү нь сүүлд дайнд оролцож байгаад эрэлхэгээр амь үрэгдсэн гэдэг юм.
Э.ЭНХБОЛД
URL:













