Өвчтөний хуурамч түүхээр мөнгө завшдаг эмч нарын хэрэг илэрлээ

1980-аад оны сүүлээр прокурор Л.Отгонбаяр “Шар хадны эмч нарын хэрэг” гэдгийг гаргаж ирсэн. Шар хадны эмнэлгийн эмч нар хулгай дээрэм, хүчин хийж, хүн алсан гэмт хэрэгтнүүдэд “Хэрэг хүлээх чадваргүй” гэсэн онош тавьдаг байж. Энэ хэрэгт шүүх, цагдаа, прокурорынхон оролцсон хэдий ч 10 гаруй эмч шоронгийн хаалга татаад намжсан билээ. “Эмч нарын” гэсэн тодотголтой ийн төрлийн хэргүүд 1953 онд ЗХУ-д, 2008 онд АНУ-д гарч байсан. Эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн эмч нар буруу эмчлэх, хуурамч онош тавих, хөрөнгө шамшигдуулах, мэргэжлээрээ далимдуулан хүний амь хөнөөсөн хэргүүд гарч байжээ. Гадны жишээ дурдаж байгааг “Дэлхий нийтийн жишиг” хэмээн ойлгон тайвширч болохгүй биз.

Улирлын шинж чанартай өвчин гэдэг шиг “Эмч нарын” гэсэн тодотголтой хэрэг гарсаар байна. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалагийг цагдаа, тагнуул, Авлигатай тэмцэх газраас шалгаж эхлээд байна. Тэрээр эрүүл мэндийн даатгалын мөнгийг шамшигдуулдаг байж. Олон жилийн турш өвчтөний хуурамч түүх зохион бичиж Эрүүл мэндийн даатгалын газраас нөхөн олговор авдаг байжээ.

Хий хоосон өвчтөнүүд

2002 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар С.Тунгалаг, 2005 онд дотрын тасгийн их эмчээр А ажиллах болжээ. Их эмч А-д даргынх нь нэг л зүйл таалагдсангүй. Тэр юу вэ гэвэл даргынх нь мөнгө идэхийн хүсэл. Хууль бусаар өвчтөний түүх бичих ажилд Эрүүл мэндийн нэгдэл тэр чигээрээ татагдан орсон байлаа.

Гоголийн “Амьгүй албат” гэдэг шиг эмнэлэгт огт байхгүй хүн дээр өвчтөний түүх бичиж ор, эмчилгээ, эм гэх мэтийн зардлыг улсаас авна. Тэгээд тэр мөнгийг Эрүүл мэндийн даатгалын газраас авч С.Тунгалаг хувьдаа завшина. Энэхүү хууль бус аргыг эмч, ажилчид мэддэг хэдий ч ажлаасаа халагдах вий гэдэг айдсаас болж таг дуугүй явсаар иржээ.

С.Тунгалаг улсаас шамшигдуулсан мөнгөөрөө улс төр хийнэ. Тухайлбал тэрээр 2004, 2008 онд МАХН-аас нэр дэвшиж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, төлөөлөгчөөр сонгогджээ. С.Тунгалаг Шадар сайд М.Энхболдтой дунд сургуульд нэг ангид сурч байсан учраас улстөрд ногоон гэрлээр орсон гэдэг.

Мөнгө завшихын хэрээр эмч нарыг хуурамч өвчтөний түүх зохиохыг ихээр шаардах болжээ. 2009 оны арванхоёрдугаар сард их эмч А-г арван ширхэг хуурамч өвчтөний түүх бичихийг үүрэгдэв. Нэг өвчтөний түүх зохиоход Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд 100 гаруй мянган төгрөг орж ирнэ. Хуурамч өвчтөний арван түүх гэхэд л дор хаяж нэг сая төгрөг болно.

Их эмч А “Би хуурамч өвчтөний түүх зөндөө бичсэн. Одоо чадахгүй” гэсэн байна. Үүнд С.Тунгалаг ихэд бухимдан А-г ажлаас нь халжээ. Мэдээж зүгээр ажлаа хийж яваад халагдсан тэрээр шүүхэд хандаад зогсохгүй Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт өргөдөл өгчээ.

Эрүүгийн цагдаа шуурхай ажиллаж С.Тунгалагт хавтас хэрэг нээгээд байж байтал Авлигатай тэмцэх газар шалгах нэрийн дор өөрийн харьяалалдаа татсан байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар С.Тунгалаг эмч нараар 2000 орчим хуурамч өвчтөний түүх бичүүлжээ. Өөрөөр хэлбэл, 200 сая төгрөг шамшигдуулсан байж таарах нь.

Цагдаагийнхан нэг удаа шалгалт хийхэд л 70-80 хуурамч өвчтөний түүх гарч ирсэн бөгөөд бичсэн эмч нар нь “Би бичээгүй” гээд гэдсэндээ хөлөө жийлцээд эхэлсэн гэнэ. Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа дүүргийн эмнэлгүүдэд хуурамч өвчтөний түүх зохиох ажил газар авсан талаар олон жишээг иргэд мэдээлж байгаа юм.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ, medee.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих