ЦАГААН САР буюу МОНГОЛ “ХАРАКИРИ”
Ломбардныхан яг одооноос л бэлэн мөнгө төвлөрүүлэхэд анхаарч, банкууд зээлийн баримтаа олноор хэвлэж эхэлнэ. Монголчуудын ажлын цаг уртасч, хөдөлмөрийн бүтээмж жилийн энэ л үед эрс дээшилдэг. Эрээний зүг довтолгох галт тэрэгний өртөө бүрт зогсох “явуулын гуанз”-ныхан зарах хуушуурынхаа тоонд анхаарч суугаа нь лавтай. “Монголын Цагаан сар айсуй” гэх баярт мэдээнд маниас илүү Эрээний наймаачид баярлах цаг ирсэн болохоор арга ч үгүй. Цезарийн үед “Зам бүхэн Ромоор дайрна” гэдэг байж. Үүнтэй барьцах мэт жилийн яг л энэ үед Эрээн хотыг зорих галт тэрэгний тасалбарын наймаа рекорд тогтоотлоо өсдөг нь ердийн зүйл болж. Яг жилийн өмнө “Синьхуа” агентлагаар дараах баярт мэдээг дамжуулж байв. “Хоёрдугаар сарын гадаад худалдааны статистик үзүүлэлтээс үзвэл Эрээн боомтын экспортын хэмжээ 111 мянган тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 27 хувиар өсчээ”.
БАЯРЫН ШИРЭЭГ СОНЖИХУЙ
Хэдий үеэс улбаатайг нь мэдэхгүй ч Цагаан сар бол Монголын үндэсний баяр. Гэтэл бидний баярлах сургаар гаднын наймаачдын алга загатнах нь юуных вэ. Өвөл болоод ч тэрүү, хүн болгон л Цагаан сараар дээл өмсөхийг чухалчилна. Гэтэл тор – го, бүс, товч тэргүүтэн нь бүгд Хятадынх. Баярын ширээгээ ч та бас ажаарай. Ууц, ул боов, бууз, сүүтэй цайнаас өөр үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн байдаг бил үү.
Бид үндэсний баяраараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжих талаар ярьж байна. Ууцыг үйлд – вэрлэхгүй, ихэнх монгол эзэг тэй бууз чимхэх, цай хийцлэх анхан шатны мэдэгдэхүүнтэй. Хийхэд түвэгтэйгээр нь ул боовоо л бид дотоодынхоо үйлдвэрээс авдгаас биш баярын ширээний маань бусад бүх орц “Made in Сhina” гэсэн шошготой. Нийтээр нь доройтуулсан зуднаар ч, ялж ялагдаж, дайтаж явсан түүхийн ямар ч үед Цагаан сар мартагдаж байсан удаагүй. Экспорт, импорт гэдэг үгийг мэдэх ч үгүй байхдаа ууцтай, буузтай, идээтэй, ундтай элбэг дэлбэг тэмдэглэж ирсэн билээ бид. Баярын ширээн дэх шарсан тахиагаа грек салатаар хачирлаж, вискигээр цайлж, “Версачи”-ийн цүнх бэлэглэх шаардлага тэр үед байгаагүй, одоо ч байхгүй. Цагаан сар бол Монголын үндэсний баяр.
БЭЛГЭНДЭЭ ГОЛ НЬ БАЙДАГ УУ
Монгол ядуу байна, цалин хүрэхгүй байна гэсэн гомдлыг бүгд адилхан тээдэг атлаа Цагаан сараар мундаг харагдах гэж яддаг хачин зуршил бидэнд бий. Хүний дор л орчихгүй юм – сан гэсэндээ цалингийн зээ – лийг тултал нь авч, ломбардны үүдэнд эцтэлээ дугаарлана.
Ингэж олсон мөнгөө атгаад нэг бол Эрээн явна, нөгөө бол Эрээнээс ирсэн бараа авахаар “Нарантуул”-ыг зорино. Бусдаас дутуу харагдахгүй гэсэндээ алга тэнийлгэж л байвал юу ч өгсөн хамаа алга. Өрөөсөн оймс, хэнд ч хэрэггүй цамц, өмд… Бэлэг өгнө, өгөхгүй гэж бид их маргадаг л даа. Гэвч баярын гол нууц нь бэлгэндээ байдаггүй юм билээ. Ураг төрлөөрөө чуулж, ах дүүсээ мэдэлцэн, айлчин гийчнээ аль сайхнаараа дайлж цайлаад, амар мэндээ мэдэх нь л чухал. Хятад оймс, орос шүдэнз энд огтхон ч хамаагүй.
МОНГОЛ “ХАРАКИРИ”
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тухай их ярих юм аа бид. Бүтэхгүй болохоор нь төр засаг руугаа дайрч “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих жил зарласан чинь яалаа” гэсэн асуул – таар мад тавьж бахаа хангах нь ч бий. Гэтэл иргэн та Эрээний бараанаас илүү эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонгоход л үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа хэрэг шүү дээ.
Хар мянгаараа Хятадын бараа солилцож байж, Монголд үйлдвэрлэл хөгжихгүй байна гэж ярих нь ч утгагүй. Бид үйлдвэрлэж, бид худалдан авч байж л үндэсний үйлдвэрлэл хөгжих биш үү. Гэвч асуудал хаа хаана аа л байна. Бүр дэлгэрүүлбэл үнэ нь хэд вэ гэдэгт л буй. Монгол бүтээгдэхүүнүүд хэт өндөр үнэтэй гэх шүүмжлэл бидний дундаас гарах нь элбэг. Энэ ч үнэн. Үндэсний үйлдвэрлэлийн өнгө чимдэг ноос, ноолуур, хивс, архи, арьс, ширэн бүтээгдэхүүний үнээс Эрээний оймс хэд дахин хямд байгаагаас л “эмзэг” хэтэвчтэй бид чинь “үндэсний үйлдвэрлэлийг дэмжих”-ээ түр хойш нь тавьдаг юм. Үндэсний үйлдвэрлэлээ өөрсдөө хөнөөдөг монгол “харакири” энэ аж.
ЭЦЭСТ НЬ
Энэ жилийн хувьд ч тодор – хой. Эрээн рүү зорих наймаач – дын хөдөлгөөн хэдийнэ эхэлж, эх нээсээ шагийн тасалбар олдох гүй байгаа гэх сургийг та дуулсан нь лав. Үндэсний баяр шүү дээ. Баярын ширээг маань монгол бүтээгдэхүүн чимж, монгол заншлаараа Цагаан сараа тэмдэглэх цаг хэзээ вэ?
Хүлээгээд хэрэггүй дээ. Баярын ширээгээ аль болох монголоороо засчих. Бэлэг сонгохдоо ч “Made in Mongoliа” гэснийг нь сонгоорой. Тэр цагт л Эрээний наймаачин бус, элэг нэгтний чинь магнай тэнийнэ.
URL:














