Хууль батлагдсанаар 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан 87 мянган иргэний асуудал шийдэгдэнэ
УИХ-ын гишүүн П.Алтангэрэлтэй ярилцлаа.
-Та хөдөлмөр эрхлэлтийг насаар ангилж байгаатай холбогдуулан хуулийн төсөл өргөн барьжээ. Чухам ямар учиртай төсөл юм бэ?
-УИХ-ын гишүүн Я.Батсуурь бид хоёр 35-аас дээш настай эмэгтэй, 45-аас дээш настай эрэгтэй хүнийг ажилд авсан аж ахуйн нэгжүүдийг төрөөс бодлогоор дэмжихтэй холбоотой хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан юм.
Бид сонгууль дөхлөө гээд сонгогчдынхоо хүсэлтийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж болохгүй. Тойрогтоо ажиллах үеэр иргэд, сонгогчдын хамгийн ихээр гомдоллодог асуудал бол ажилгүйдэл. Тэр дундаа 35-аас дээш настай эмэгтэйчүүд, 45-аас дээш насны эрэгтэйчүүдийг ажилд авдаггүй гэх гомдол. Үнэндээ ч амьдрал дээр ч тийм л байдаг.
-Хөдөлмөр эрхлэхэд нас заахаа болино гэсэн үг үү?
-Дээр хэлсэнчлэн нас зааснаас болж хөдөлмөр эрхлэх боломж олдохгүй байгаа хүмүүсийг ажиллуулсан аж ахуйн нэгж байгууллагуудын нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцъя гэсэн агуулгатай. Хэрвээ тухайн байгууллагын төлж байсан даатгалыг төрөөс хариуцдаг болчихвол аж ахуйн нэгжийн эзэд дунд насныхныг ажилд авах сонирхолтой болох юм билээ.
-Дунд насныхныг ажлын байраар хангах асуудлыг хуулиар зохицуулалт хийгээд шийдчих бололтой. Тэгвэл залуусаа яах вэ?
-Ердөө л бодлогоор залуучуудыг сургаж, мэргэжилтэй болгон ажлын байраар хангах нь зөв. Бидний судалгаагаар ажилгүй иргэдийн 66.8 хувь нь дээр дурдсан насныхан байгаа юм. Мэдээж түүнээс өмнөх насныхан буюу залуучуудын хувьд уул уурхай хөгжиж байгаатай холбоотойгоор тодорхой хэмжээгээр сургалтад хамрагдан, ажилтай болж чадаж байгаа.
-Хаврын чуулганаар хэлэлцүүлэх үү?
-Хэдийд хэлэлцэх вэ гэдгийг УИХ шийднэ. Бид нэгэнт өргөн барьчихсан болохоор заавал сонгуулийн өмнө хэлэлцэх тухай асуудал тавьж байгаа юм биш.
-Та тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл санаачилсан. Батлагдлаа гэхэд төсөвт хүндрэл учруулах юм биш үү?
-Эдийн засагт хүндрэл үзүүлэхгүй гэсэн тооцоо, судалгаа гарсан. Тэгээд ч эдийн засгийн чадавхи, төсвийн байдал сайжирсан учраас тэтгэврийн зөрүү арилгах хуулийг баталж, хэрэгжүүлэх хугацаа нь болсон гэж үзсэн. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаар олон жил ярьсан. Гэхдээ санаачилга дутагдсандаа санаачилж, батлагдахгүй байсан юм биш. Тухайн үед үүнийг даах манай нийгмийн эдийн засгийн чадавхи муу, хүрэхгүй байсан юм. Харин одоо энэ хуулийг нийгэм хүчтэй шаардаж байна.
-Хууль батлагдсанаар хичнээн хүн хамрагдахаар байгаа вэ?
-Хууль батлагдсанаар 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан 87 мянган иргэний асуудал шийдэгдэнэ. Ажилласан жил, тухайн үеийн цалин зэргээсээ хамаараад 3500-84000 төгрөгийн хооронд нэмэгдэхээр тооцоо гарсан.
-Үүний зэрэгцээ 1995 онд тэтгэвэрт гараагүй ч нийгмийн даатгал төлж чадахгүй явсаар одоо нас нь болж тэтгэвэртээ гарч байгаа хүмүүс олон байдаг. Тэдний хувьд яах вэ?
-Нийгмийн тухайн үеийн байдлаас хамаараад 1990, 2000 оноос хойш ажилгүйдэл их болж нийгмийн даатгалаа төлж чадахгүй болох асуудал ихээр үүссэн.
Энэ нөхцөл байдлаас гарах зорилгоор С.Эрдэнэ гишүүн тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлээд, ажилласан жилд нь тооцон тэтгэврийг нь бүрдүүлэх хуулийн төсөл санаачилсан. Энэ ч бас улсын эдийн засагт ямар ч хүндрэл гаргахааргүй хуулийн төсөл юм байна гэж би ойлгож байгаа.
-Сонгууль дөхөөд нийгэмд хандсан хуулийн төслүүд өргөн бариад эхэллээ. УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар бэлэн мөнгө тараах, амлахыг хориглосонтой холбоотой гэж ойлгож болох уу?
-Тийм зүйлүүд яригдаж байна. Үүнийг УИХ дээр бас ярих л ёстой.
Ер нь нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн зөрүүтэй холбоотой хуулиудын цаг үе нь ингэж таарч байгаа болохоос биш аль эрт шийдвэрлэчихэж болох байсан. Жилээр ярихаа байг гэхэд хоёр, гурван сарын өмнө, эсвэл намрын чуулган дөнгөж эхлэнгүүт шийдвэрлэх боломжтой. Нөхцөл байдал нь, өргөн барих буюу батлагдах хугацаа нь л ингэж таарлаа.
-Сүүлийн үед тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг нэлээд өргөн цар хүрээгээр авч үзэж байна. Гэхдээ цогцоор нь шийдвэрлэж бас л чадахгүй байх шиг байна. Хэзээ цогц шийдэлд хүрэх бол?
-Тэтгэврийн хуулийг бүхэлд нь шинэчлэн, өөрчлөх асуудлаар зөвхөн УИХ ч биш, олон улсын байгууллагууд ч ажиллаж байгаа. Саяхан нэг хэлэлцүүлэг болсон. Түүн дээр тэтгэврийн нөөц сан бий болгох тухай асуудал нэлээд хурцаар яригдаж байна.
-Нөөц сан гэхээр гадны улс орнууд шиг хөгширсөн хойноо хүний гар харахгүй, хуримтлуулсан мөнгөө хэрэглээд байх боломж гэсэн үг үү?
-Гадныхны туршлагаас харсан зүйлүүд бий. Гэхдээ бид тэтгэврийн тогтолцоондоо тохиолдлын чанартай индексжүүлэлт хийх нь буруу. Тогтмол индексжүүлэлт бий болгох ёстой. Тэгж байж тэтгэврийн тогтолцоог бүрэн шийдэх юм.
-Тэтгэврийн мөнгө нь байнга ханшийн өсөлтөд цохиулдгаас ахмадууд үргэлж гомдоллож байдгийг зохицуулах арга бий юу?
-Энэ бол тухайн, тухайн нийгмийн цаг үед байнга тулгардаг асуудал. Үүнийг мөн л цогцоор нь шийдэх ёстой юм.
Одоогийн тэтгэврийн зөрүү арилгах, тогтолцоог нь нийтээр нь дахин шинээр авч үзэх, нөөц сан бүрдүүлэх тухай асуудлууд алс хэтдээ ахмадууд тэтгэврээрээ хангалттай амьдрах нөхцөл бололцоог бий болгох гэж буй алхмууд.
-Ингэхэд УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр Дорнод аймгийн Чулуунхороот сумыг 4,5 тэрбум төгрөгөөр өндөр хүчдэлд холбохоор тусгасан нь үр дүнгүй төсөв гэж хэвлэлийн хурал хийлээ. Нэг тойргийн гишүүний хувьд та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Ц.Шинэбаяр гишүүнийг тэгж ярьсанд итгэхгүй байна. Манай Дорнод аймагт зүүн бүсийнхээ цахилгааны нэгдсэн сүлжээнд холбогдоогүй хоёр сум бий. Хилтэй залгаа учраас Халхгол сум Хятадаас, Чулуунхороот сум ОХУ-аас эрчим хүчээ авдаг. Тэгэхээр энэ хоёр сумын асуудлыг шийдэх ёстой.
-Хэдийгээр төсөвт баталчихсан ч гэлээ Ц.Шинэбаяр гишүүн улсын төсвөөс үргүй хөрөнгө оруулалт хийдгийг зогсоох хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүллээ шүү дээ?
-Зайлшгүй шийдэх ёстой болоод л төсөвт тусгаж, суулгасан. Чулуунхороот сумын ОХУ-аас эрчим хүч авч, түгээх асуудлыг нь “ЗМЗ” гэдэг компани хариуцдаг. Энэ компани өөрөө 3.5 км шугам татаж, хангасан. Тэгэхэд нэг кВт цахилгаанд аж ахуйн нэгжүүд 418 мянга, иргэн 250 мянган төгрөг төлж байсан.
Уг нь төвийн эрчим хүчинд аж ахуйн нэгж, айл өрхийн эрчим хүчний үнийг адилхан 84 төгрөг болгосноор Чойбалсан суманд иргэд 84-100 төгрөг төлж байгаа шүү дээ. ОХУ-аас эрчим хүч авч байгаатай холбоотойгоор тэр сумын иргэд өндөр үнэ төлж байна.
Тиймээс би ноднин ЭБЭХЯ-ныханд асуудал тавьсан. Нийт долоо, найман сум бий. Дорнодод л гэхэд хоёр сум бий. Тэдгээрийг тухайн, тухайн бүсийнх нь эрчим хүчний систем рүү нь татаж аваад үнийг нь тэгшитгэх арга алга уу гэх зэргээр асуудал, санал тавьсны эцэст “ЗМЗ” компани авч байсныг нь болиулаад, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХК эрчим хүчний асуудлыг өөр дээрээ авсан. Үүний хүчинд Чулуунхороот сумынхан нэг кВт цахилгааныг 100 төгрөгөөр авч байгаа.
-Гэхдээ хямдаас гадна эрчим хүч найдвартай байх ёстой биз дээ?
-Тийм. ОХУ нэг л өдөр таслачихвал дууслаа шүү дээ. Чулуунхороот сумынхан байнга асуудал тавьдаг. Дорнодын цахилгаан станцаас Мардай руу татсан шугам бий. Тэндээс 160 гаруй км шугам татаад Чулуунхороот сумыг хангачих юм бол найдвартай эрчим хүчтэй болохоос гадна үнийг нь дахин бууруулж болно. Тиймээс холбогдох яам, Тамгын газраар асуудал тавьж явсны хүчинд энэ онд асуудал шийдэгдлээ.
Харин Ц.Шинэбаяр гишүүн үүнийг үргүй зардал гэж байгаа бол харамсалтай байна.
-“ЗМЗ” компани Ц.Шинэбаяр гишүүнтэй холбоотой юм биш үү. Дүүгийнх нь гэсэн сураг байсан?
-Тэр талаар сайн мэдэхгүй юм байна. Харин “ЗМЗ” компани нэгэнт эрчим хүч түгээхээ больсон учраас өөрсдийн хөрөнгөөр тавьсан 3.5 км шугамаа Дорнод бүсийн эрчим “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ХК-д шилжүүлэх ёстой. Гэтэл худалдах гэхээр үнээ тохиролцохгүй байгаа юм билээ.
URL:








