Найман настай охиныг хүчинджээ
Манай улсад хүчтэй нь хүчгүйгээ хүчирхийлэх явдал хэрээс хэтэрчээ. Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаанаас үзвэл он гарсаар хүчингийн гэмт хэрэг 160-д хүрсэн байна. Энэ дунд аав нь охиныгоо, ах нь дүүгээ гээд байж боломгүй гэмээр хэргүүд бүртгэгджээ. Мөн хүчирхийлэлд өртөгсдийн дунд насанд хүрээгүй хүүхэд байсан нь туйлын харамсалтай. Жишээ болгож хамгийн сүүлд гарсан гэмт хэргээс дурдъя.
Өнгөрсөн амралтын өдрөөр хүчингийн гурван хэрэг гарчээ. Тус хэргүүд бүгд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байна. Тодруулбал, тус дүүргийн наймдугаар хороо Их нарангийн шинэ эцэст оршин суух хоёрдугаар ангийн найман настай Б гэмт хэргийн золиос болсон байна. Охин сургуулийнхаа талбайн гадна тоглож байхад үл таних 174 см өндөртэй залуу хуурч дагуулан явж хүчинджээ. Тэрээр охинд “Айл заагаад мөнгө өгье” гэж хэлээд түрүүвчтэй мөнгө үзүүлэн дагуулан явсан байна. Гэмт хэрэгтнийг цагдаа нар эрэн сурвалжилж байгаа аж. Мөн тус дүүргийн 26 дугаар хороонд оршин суух 38 настай эмэгтэй О-г 04.30 цагийн үед гэрээсээ гарч явахад нь тус дүүргийн иргэн 37 настай Б айлган сүрдүүлж хүчиндсэн байна.
Түүнчлэн тус дүүргийн долдугаар хороонд оршин суух 42 настай эмэгтэй Б-г хамт архи ууж байсан 30 настай эрэгтэй Э хүчинджээ. Тэрээр тус эмэгтэйн дүүгийнх нь нөхөр аж. Энэ мэт хүчингийн хэрэг их үйлдэгдэж байгаа учир эцэг эхчүүдийг бага насны хүүхдээ анхаарлаа хандуулах, мөн ахуйн хүрээний архидалтаа зогсоохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
С.Баяр

URL:













