Б.Буянтөр: Олон улсын гэмт бүлэглэлүүд манай улсруу анхаарал хандуулаад эхэллээ

Малайз, Сингапур улсын иргэд манай улсад орж ирээд, манай томоохон дэлгүүрүүдээр явж, АНУ-ын нэр хүндтэй томоохон банкнуудын виза, мастер картуудыг хуурамчаар хийснээ ашиглан 30 гаруй мянган ам.долларын бараа худалдаж авчихаад, буцаж гарах гэж байсныг Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд илрүүлж, баривчилжээ. Энэ хэргийн талаар бид хоёр өдрийн өмнө уншигчиддаа товч мэдээлэл хүргэсэн. Өнөөдөр энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Буянтөртэй ярилцлаа.

-Ямар хэрэг гарсан талаар ойлголт авах мэдээллийг эхлээд өгөхгүй юу?
-Өнгөрөгч долоо хоногт манайд сэжиг бүхий гадаад иргэд томоохон дэлгүүрүүдээр явж, өндөр үнэтэй эд бараа худалдан авч байна гэсэн мэдээлэл ирсэн. Бид мэдээллийн дагуу судалж үзсэн. Судалж үзэхэд, үнэтэй бараа, бүтээгдэхүүн зардаг, ялангуяа алт, мөнгө, брэндийн бараа зардаг дэлгүүрүүдээс гадаад төлбөр тооцооны кредит картуудаар бараа худалдан авах оролдлого маш их хийсэн байсан. Зарим нэг оролдлогыг цаад банк нь зөвшөөрөөгүй, зарим нь нэг гүйлгээ нь хийгдчихсэн мэдээлэл эхний ээлжинд тогтоогдсон. Үүний дагуу тухайн дэлгүүрүүдэд очсон. Улсын их дэлгүүр, Скай, Central tower гэсэн дэлгүүрүүдэд зүүн өмнөд ази гаралтай гэмээр гурван этгээд орой 16.00 цагаас хойш явж, худалдан авалт хийж, зарим нэг дэлгүүрээр үйлчлүүлэхдээ картныхаа мөнгөний үлдэгдлийг мэдэхгүй байх, зарим барааг худалдаж авах гэхэд картан дахь үлдэгдэл мөнгө нь хүрэхгүй байхад маргааш ирж авна гэх зэргээр буцах зэрэг сэжиг бүхий нөхцөл байдал ажиглагдсан… Ингээд нэгэнт сэжигтэй нөхцөл байдал тогтоогдсон учир бид хэд, хэдэн газар отолт зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Central tower дэлгүүрт ирэхэд нь гурван хүнийг саатуулсан. Тэднийг цагдаагийн байгууллагад авчирч, тайлбар авахад АНУ-ын хэд хэдэн банкнуудын карт хуурамчаар хийж, түүгээрээ манай улсаас худалдан авалт хийсэн гэдгээ хэлсэн учир Улсын мөрдөн байцаах газраас мөрдөн байцаагч ирүүлж, гурван сэжигтэнд үзлэг хийсэн. Үзлэг хийхэд Малайз улсын иргэн, 1988 онд төрсөн Вон Жуан Лүн, 1987 онд төрсөн Сү Кок Шинг, 1982 онд төрсөн Чуа Синг Вий гэсэн иргэний бичиг баримттай байсан. Тэднээс 51 ширхэг төлбөрийн карт гарч ирсэн. Бүгд олон улсын нэр хүнд бүхий банкнуудын виза, мастер зэрэг төлбөрийн картууд байсан.

-Картууд тэдгээр хүмүүсийн нэр дээр байсан уу?
-Хамгийн сонирхолтой нь карт эдгээр хүмүүсийн нэртэй, картан дээр дээрх этгээдүүдийн нэр бичигдсэн байсан.

-Энгийн хүн хараад хуурамч гэдгийг нь мэдэх боломжгүй байсан уу?
-Энгийн хүмүүс, тухайлбал дэлгүүрийн худалдагч нар мэдэх боломжгүй юм билээ. Картан дээр 16 цифр бүхий дугаартай, яг л манайд ашигладаг шиг картууд. Картны ард талд туузан мэдээллийн сантай. Харин банкны, мэргэжлийн хүмүүс бол шууд хараад л хуурамч гэдгийг мэдэж байсан. Бэлдэц нь хүртэл биш байна гэдгийг хэлж байна лээ. Банкныхан хуурамч гэдгийг нь мэдчих учраас эдгээр хүмүүс дандаа дэлгүүрүүдээр явж, картаа уншуулж, худалдан авалт хийсэн байгаа юм. Улсын их дэлгүүрээс алтан гинж, Скай дэлгүүрээс I pad, Iphone гар утас, Central tower дэлгүүрээс брэндийн цүнх, түрийвч зэрэг бараа худалдан авсан байгаа. Дээрх хүмүүст худалдан авсан бараа нь байгаагүй. Байрласан буудалд нь очиход барааны сав, боодол нь байхаас бараа нь байгаагүй.

-Барааг олж чадсан уу?
-Чадсан. Тэд нутгийнхаа Кэн гэдэг залууд дамжуулж өгсөн гэж хэлсэн. Кэн гэдгийнхээ бүтэн нэрийг, хаана амьдардгийг мэдэхгүй гэж байсан. Тэднийг Бээжингээр дамжиж Монголд ирэхэд Кэн тосч аваад, буудалд байрлуулсан байдаг. Мөн энэ хүн дэлгүүрүүдээр яваад карт уншдаг машиныг урьдчилж судалдаг. “Энэ картыг тэр дэлгүүрийн машин уншина” гэж зааж өгч явуулдаг байсан байгаа юм. ингэж зааж өгчихөөд энэ хүн нь худалдан авалт хийдэггүй, хөндлөнгөөс хараад, ажиглаад, хяналт тавиад явдаг байсан юм билээ. Кэн ганцаараа биш, бас нэг Малайз, нэг Сингапур хүнтэй хамт явдаг гэж хэлсэн. Тэгээд ажиллагаа зохион байгуулж, Кэн болон түүнтэй хамт байгаа гэгдэх Малайз, Сингапур хүнийг баривчилсан.

-Тэд банкны төлбөрийн картуудыг хаанаас, хэнээс авсан юм бол?
-Эхлээд баригдсан гурван Малайз “Манай том boss, эзэн Малайзд байдаг. Тэр хүн энэ картуудыг бидний нэр дээр хийж өгөөд, Картаа Монголруу авч яв. Тэнд очоод өндөр үнэтэй бараатай дэлгүүрүүдээс бараа худалдан ав. Монголд очоод Кэнтэй холбогд, тэр хүн юуг, яаж хийхийг зааж өгнө гээд түүний утсыг өгсөн” гэж мэдүүлсэн. Тэд ирээд Кэнтэй холбогдоод, эхлээд худалдан авалт шууд хийлгүйгээр гурван өдөр дэлгүүрүүдээр явж, ажиглалт хийсэн байдаг.

-Тэд хэзээ Монголд орж ирсэн юм бол?
-Дөрөвдүгээр сарын 9-ний өдөр орж ирсэн байгаа. 13-ны өдөр буцаж нисэхээр онгоцны тийз энэ тэрээ аваад, бэлтгэчихсэн байхад бид, 12-нд барьсан. Харин Кэн болон түүнтэй хамт байсан Малайз, Сингапур иргэдийг 13-нд баривчилсан. Тэд ч мөн 14-нд Монголоос явахаар бэлтгэлээ хангачихсан байсан. Кэн гэж хэн болохыг бид тогтоосон. Тэк Чү Лэнг гэдэг Малайз хүн байна лээ. Тэд бүгдээрээ хэний ч анхаарал татахгүй, жижиг буудалд байрласан байсан. Кэн гэгчийг 11 дүгээр хорооллын Алтаргана зочид буудлаас баривчилсан. Тэдний тээшнээс 11алтан гинж, I pad, Iphone гар утас, брэндийн цүнх, түрийвч зэрэг янз бүрийн бараа, эд зүйл гарч ирснийг хурааж авсан. Одоо энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа.

-Энэ хүмүүсийг олон улсын зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн сүлжээнийхэн гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Зохион байгуулалттай гэмт бүлэглэл гэдэг нь тодорхой байгаа. Эдний цаана банкны харилцагчийн буюу хувь хүний нууц мэдээллийг хулгайлж аваад, түүнийгээ картанд суулгадаг хүмүүс байгаа нь тодорхой. Тэр хүмүүс нь Монголд хэзээ ч орж ирэхгүй, тэндээ л байж байна. Олон улсад зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн пирамид тогтолцоо байдаг. Хамгийн доод түвшин нь “Хуруу” гэж нэрлэгддэг, манайд орж ирсэн Малайзууд шиг үйл ажиллагаа явуулдаг хүмүүс. Тэдний худалдаж авсан барааг хил давуулан гаргадаг, тээвэрлэдэг хүмүүсийг “Гар” гэж нэрлэдэг байх жишээтэй. Эдний дээр нь байгаа, хамгийн том толгойлогч нь сарын эцэст нэг удаа мөнгийг татаж авдаг, ийм зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн сүлжээ байна. Монголд баригдсан энэ хүмүүсийн цаана байгаа бүлэглэлийн талаар тодорхой мэдээлэл бидэнд байгаа. Гэхдээ эднийг олон улсын зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн сүлжээнийхэн үү, үгүй юу гэдгийг Монголын цагдаа дангаараа тогтоож чадахгүй. Олон улсын цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагаагаар илрүүлж, тогтоох боломжтой. Бид олон улсын цагдаагийн байгууллага, интерполд энэ асуудлаар хандсан байгаа.

-Тэд худалдаж авсан бараагаа Монголоос авч гарахаар бэлтгэсэн байсан уу?
-Малайзаас ирэхдээ тэд Монголд очоод бараа худалдан авчихаад, өөрсдөө хадгалахгүй, Кэн гэгчдээ өгнө, буцаж Малайздаа очоод тухайн бараа бүрийнхээ үнийн дүнгийн арван хувийг авна гэсэн тохироо хийсэн байдаг. Тэд өмнө нь ямар улс орнуудаар явсныг судлахад, Австрали, Ветьнам, Араб гэх зэрэг зүүн өмнөд азийн орнуудаар явж байгаад Монголд орж ирсэн байна лээ. Бид мөн дээрх улс орнуудын цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэг танай улсад гарсан уу гэдгийг тодруулахаар хандчихсан байгаа.

-Нийт хэчнээн төгрөгийн бараа худалдаж авсан нь тодорхой болж байгаа юу?
-Одоогоор банк гүйлгээнүүдээ шалгаж байгаа учраас эцсийн мэдээлэл гараагүй байна. Урьдчилсан байдлаар тогтоогдож байгаагаар бүтэлтэй болон бүтэлгүй оролдлогыг нийлүүлбэл 100 гаруй мянган ам.долларын таталт хийсэн байгаа. Зарим нь төлбөр нь хийгдээд, зарим нь хийгдээгүй гэсэн үг. Яг худалдан авалт хийсэн нь 30 гаруй мянган ам.долларын бараа, бүтээгдэхүүн манайхаас авсан нь урьдчилсан байдаалаар тогтоогдож байна.

-АНУ-аас өөр улсын банкны картуудыг хуурамчаар хийсэн байсан уу?
-АНУ-ын “ITS”,”СHASE” зэрэг нэр хүндтэй, томоохон 5-6 банкны картууд байна лээ. Мөн Малайзын банкны картууд байгаа. Картыг аль ч улсад ашиглах боломжтойгоор хийсэн байсан. Тухайн банкны харилцагчид буюу хувь хүмүүсийн мэдээллийг авахдаа гэмт хэрэгтнүүд банкны хамгаалалтын системийг эвдэлдэг. Тэгээд мэдээллээ олж авдаг. Харилцагчдынхаа мэдээллийг алдах уу, үгүй юу гэдэг нь тухайн банкны системийн аюулгүй байдал хэр сайн байхаас шалтгаална.

-Цаашид манай улсад ийм хүмүүс орж ирээд, хуурамч карт ашиглаад худалдан авалт хийх, бүр муугаар яривал манай монголчуудыг бүлэг, сүлжээндээ элсүүлэх зэрэг хэрэг гарахгүй гэх баталгаа байхгүй. Энэ төрлийн хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Олон улсын гэмт бүлэглэл Монгол руу анхаарал хандуулаад эхэлчихэж. Монголоос юм авах амар, хялбар боломж байна гэж үзэж байж болзошгүй. Ингэж судалж, зохион байгуулж орж ирж байгаа нь бид болгоомжтой байхгүй бол болохгүй гэдэг дохио, санамжийг өгч байна. Манай улсын иргэд олон улсын энэ төрлийн гэмт бүлэглэлийн гар хөл болохоос маш сайн урьдчилан сэргийлж байх ёстой. Баригдахгүй байна гэж хэзээ ч байхгүй. Хэдийгээр олон улсын гэмт бүлэглэл богино хугацаанд орж ирээд, хийх юмаа хийчихээд гараад явчихдаг ч дараа нь заавал мэдэгддэг. Нэг өдөр картны эзэн Монгол улсад миний картаар тооцоо хийж, тийм үнэтэй юм авсан байна гэдгийг мэднэ. Тэгээд хөөгөөд шалгахаар заавал баригдана. Мөн энэ төрлийн гэмт хэрэг ул мөр үлдэхгүй байна гэж байдаггүй. Банк, дэлгүүрийн камерьт дүрс бичлэг нь үлдэхээс эхлээд ул мөр ихтэй, баригдахгүй байна гэж байхгүй. Ииргэддээ ийм төрлийн гэмт хэрэгтнүүдтэй холбогдож, хохирохгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Мөн дэлгүүрүүд, дэлгүүрийн худалдагч нарт анхааруулж хэлэхэд, ялангуяа олон улсын эрхтэй картаар бараа худалдан авч байгаа гадаад орны иргэдийн картан дээрх нэр, гарын үсгийг сайн шалгаж байх шаардлагатай байна. Хэдийгээр энэ удаагийн хэргээс манай улс хохирсон юм байхгүй ч залилуулсан. Гэхдээ бид энэ хүмүүсийг алдчихсангүй, гурван хоног хойноос нь хөөцөлдөж байж барьж авлаа.

Ц.Эрдэнэцэцэг
Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих