Нэр дэвшигчдийг шинжихүй буюу хотын тойргийн ”хоршил”
“Хотоор явахаар нэг л их замын хашлага сольсон хүмүүс байх юм. Энэ хотод чинь өөр зөндөө л сольчихмоор, шинэчилмээр юм байна шүү дээ…” Ингэж ярьж яваа хүмүүс захаас аван байна. Жилийн жилд л хайс, хашлагаа сольж, төсвийн мөнгөөр тоглодог, дараа жил дахиад л бахь байдгаараа үнс, шороо, утаа, тортогтоо даруулсан хэвээрээ. Тэгээд дахиад л солих болдог. Нэг хийсэн ажлаа ядахдаа таван жилдээ дахиж давтдаггүй байвал төсөв мөнгөнд ч хэмнэлттэй, хийж байгаа ажил нь ч үр дүнтэй, чанартай баймаар. Гэвч харамсалтай нь хотын утаа, хайс хашлага, замын засвараар бизнес хийж хөлждөг бүхэл бүтэн давхарга нийслэлийг удирдаж байгаа тохиолдолд тийм зүйл болно гэж санасны гарз бололтой. Тиймээс энэ ажлыг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийг нь нэг удаа ч болов солиод үзэж яагаад болохгүй гэж.
УИХ-ын 23 дугаар тойрог буюу Сүхбаатар дүүргээс МАН НИТХ-ын тэргүүлэгч Ц.Цогзолмаагийн нэрийг дэвшүүлжээ. Н.Энхбаярыг эрх барьж байх үед МАСЭХ-нд орж улс төрийн карьераа эхэлсэн энэ эмэгтэй Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын тэргүүлэгч гээд нийслэлийн хэмжээнд хашиж болох бүх том албан тушаалыг хашсан. Тэгээд одоо нийслэлийн хувьд “үүнээс цааш газар үгүй боллоо” гээд УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа юм биз дээ. Гэвч хүнийг албан тушаалын шат ахиулах гэж байгаа бол хашсан албан тушаалаар нь биш, хийсэн ажлаар нь үнэлж цэгнэх учиртай. Тухайлбал, Ц.Цогзолмаа дарга Сүхбаатар дүүргийн Засаг дарга байхдаа дүүрэгтээ, Нийслэлийн орлогч, НИТХ-ын тэргүүлэгч болоод нийслэлийн иргэдэд юу хийж өгсөн бэ гэдэгт эхлээд хариулт хайх нь зүйтэй.
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн иргэдийн 60 хувь нь гэр хороололд амьдардаг. Нийслэлийн А зэрэглэлийн бүс буюу хотынхоо зүрхэн тушаа оршин сууж байгаа дүүргийн иргэд нөгөө л модон жорлондоо бие засч, худгаас ус зөөж амьдардаг. Оршин сууж байгаа газар нь хөрсний бохирдолд эзлэгдэж, ундны ус нь халдварын нян тээсэн аюулын бүс болсон. Үүнийг бага ч гэсэн өөрчлөх, хүн амын өчүүхэн хэсгийг нь ч атугай орон сууцанд шилжүүлье хэмээн УИХ-ын зарим гишүүд санаачилж, VII хорооллын шавыг тавьсан ч одоо хэр нь тэр газарт ширхэг тоосго ч өрөгдөөгүй. Учир нь тус дүүрэгт бүхэн бүтэн орон сууцны хороолол байтугай ганц ширхэг хашаа хатгах ч газаргүй болтол нь хотын захиргааныхан газрыг нь зараад дуусчихсан. Тэгээд эцэст нь иргэдийн оршин сууж байгаа хашааны газрыг хурааж аван “түр орон сууц”-анд шилжүүлнэ гэснээс болж иргэд, нийслэлийн удирдлагуудын хооронд маргаан гаран энэ ажил зогссон билээ. Нийслэлийн дарга нарын гарын үсгээр өгөлцөж авалцаж байгаа нийтийн эзэмшил дэх /таны хүүхдийн тоглоомын талбай, явган зам, машины зогсоол бүгд орж байгаа/ газрын наймаа сая ам.доллараар хэмжигдэж байхад хүний хувийн өмчийг төр үнэгүй хурааж аваад оронд нь нийтийн орон сууцанд нэг өрөө өгнө гэдгийг дээрэм гэх үү, доромжлол уу.
Ц.Цогзолмаа даргын хувьд 2000 оны сонгуулиас хойш гурван ч удаагийн сонгуульд орж, гурван ч сонгуулийн хугацаанд энэ багаараа нийслэлийн захиргааны байгууллагад ажилласны хувиар одоогийн нийслэлийн иргэдэд үүсээд байгаа бэрхшээл, хүндрэл бүхний эхийг таригч нь. Тиймээс түүний эрх мэдлийг нэмэх биш, харин ч хасч, хариуцлага тооцох ёстой хүний нэг. Нам нь ингэж чаддаггүй юм бол сонгогчид үүнийг хийх ёстой. Ганцхан жишээ хэлэхэд мань хүн Сүхбаатар дүүргийн Засаг даргын ажлыг 2004-2006 онд хоёрхон жил хашихдаа 100 гаруй сая төгрөгийн хууль бусаар зарцуулж, төсвийн мөнгө завшсан хэргээр албан тушаалаасаа огцорч байсан удаатай. Энэ хэргээс нь болж дүүргийн ИТХ-аас түүнийг Засаг даргаас нь огцруулж байв.
Жирийн иргэн 100 сая төгрөг хулгайлсан бол шууд шорон руу илгээгддэг атал мөнгө идсэн дарга нар улам дэвшдэг нь МАН-ын ёс. Саяхан түүний нөхөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн захирал н.Саранжав гэж эр дахиад л албаныхааа эрх мэдлийг ашиглаж, хувьдаа мөнгө завшсан хэргээр АТГ-т шалгагдаж байгаа. Бодвол Ц.Цогзолмаа даргын Сүхбаатар дүүргийнхнийг уулгаж идүүлээд, архидуулад, амралтанд явуулаад байгаа мөнгө тэндээс гардаг биз. Энэ нэгэн гэр бүлийнхний хувьд амьдрах арга нь ердөө төсвийн мөнгө, төрийн мэдлийн өмч хөрөнгө шашигдуулах юм шиг байгаа юм. Уг нь ийм үед АТГ-ынхан үнэхээр л авлигатай тэмцэх гээд байгаа нь үнэн бол шалгаж байгаа хэргийнхээ талаар иргэдэд болон сонгуулийн тойрог хороодод нь нууж хаалгүй мэдээлчих хэрэгтэй юм. Муу нуухаар сайн илчил гэж.
Гэвч МАН-ынхан “муу байх тусмаа сайн” гэдэг зарчмаараа, хулгай хийдэггүй хүн Монголд байхгүй юм шиг дахиад л нөгөө Ц.Цогзолмаагаа УИХ-д нэр дэвшүүлж даажигнав. Угаасаа бүхэл бүтэн нам, хамт олноороо төсвөөс тэжээгдэж амьдардаг болохоор хэрэг нь ч хэрэг биш харагддаг биз. Сураг дуулахнээ Ц.Цогзолмаа дарга “Би энэ тойрогт дөрвөн жил ажилласан хүн. Ямар ч аварга, арслангууд нь ирээд намайг унагаж чадахгүй” хэмээн ярьж явна гэнэ лээ. Манайхны нэг “муухай” зан байдаг даа. “Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр”, эсвэл “Хүний хуучин, дээлийн шинэ нь дээр” гэж балайрдаг. Уг нь бол хүн нь хуучин байх тусмаа сонгохгүй байх шаардлага нийслэлийнхний хувьд тулгараад байгаа. Одоо байгаа энэ олон проблемуудаасаа салья гэвэл. Тэгээд ч Ц.Цогзолмааг таньдаг болсныхоо төлөө өөрсдийгөө ч гэсэн давхар яллаад байж болохгүй биз дээ.
Сангийн дэд сайд Ч.Ганхуяг өнгөрсөн өвөл телевизээр ярилцлага өгөхдөө “Талх ямар үнэтэй вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “300 төгрөг” гэж хээв нэг хариулсан билээ. Сангийн дэд сайдын ажлыг аваад бүтэн гурван жил гаруй болсныхоо дараа шүү дээ. Түүнээсээ хойш нэг хэсэгтээ “Би ямар талх иддэг биш, надад ямар хамаатай юм. Идье гэвэл талх чинь дэлгүүрт байна, та нарын л асуудал шүү дээ” хэмээн твиттерээр хэрэлдэж байсан Сангийн дэд сайд харин саяхан УИХ-д нэр дэвших эрх авснаасаа хойш нүүрнийхээ багийг сольчихоод байгаа. Өглөө болгон хамгийн түрүүнд твиттертээ орж, орой хамгийн сүүлд манаж үлддэг болсон байна лээ. Оюутны холбоогоороо дамжуулан хийх ажилгүй хэдэн залуусыг твиттерт бүртгэчихээд өглөөнөөс үдэш хүртэл өөрийгөө магтсан нялуун үгээр утуулж суудаг ажил өгсөн болохоор өдрийнхөө зардлын тооцоог орой нь хийдэг юм болов уу гэж хардахад хүрсэн билээ. Мэдээний дор сэтгэгдэл бичихэд 1000 төгрөг байдаг гэсэн, Сангийн дэд сайдынх тэрнээс илүү юу гэхээс дутуугүй байлгүй.
Нэр дэвшсэнээсээ хойш суудлын өвчинтэй хэсэг нөхдийг цуглуулж өглөө болгон гүйдэг ажилтай болсон Ч.Ганхуяг дэд сайдыг интернэтийн орчинд “Форрест Гамп” гэх болсон байна лээ. Мань хүн УИХ-ын сонгуулийг гүйлтийн тэмцээн гээд ойлгочихсон юм шиг бололтой. Уг нь бол улс төр гэдэг “тархины“ спорт болохоос биш хэн илүү хурдан гүйсэн нь барианд ордог эд ч бас биш л дээ. Сайд хүн гэхэд дүүргийнхээ сонгогчдыг арай л жаахан басаад байгаа ч юм шиг.
Уг нь бол Монголдоо гайгүй банкир /гайгүй нь ч юу байхав, угаасаа хувьдаа жижигхэн банктай, хувьцаа эзэмшдэг нөхдүүдийг л манайхан “банкир” гэж өргөмжилдөг шүү дээ. Түүнээс биш ХХБ-ны Б.Мэдрээ, Голомтын Д.Баясгалан эд нартай бол түүнийг яаж зүйрлэх юм/ гэгддэг, зах зээл, чөлөөт эдийн засгийн наад захын мэдэгдэхүүнтэй, шинэ үеийн хүн гэж харагддаг байсан ХАС-ын Ч.Ганхуяг МАН-ын гишүүн болсноосоо хойш өмнө нь баримталж ирсэн байр суурь байтугай өөрийгөө хүртэл мартахад хүрсэн билээ.
Өнгөрсөн хавар болсон МАН-ын Бага хурал дээр намын даргынхаа үг хэлэх болгонд зааланд суусан Бага хурлын гишүүдээс ганцаараа үсрэн босч, зуйварган нь аргагүй алгаа хорстол ташихыг харсан намынх нь нөхдүүд хүртэл “өмнөөс нь ичиж үхэх шахлаа” хэмээн гарч ирсэн. Хүнээс гуйхгүй өмч хөрөнгөтөй, эзэмшсэн боловсрол мэдлэгтэй, залуу хүн атлаа албан тушаалын төлөө тэгтлээ үнэ цэнээ алдаж, доош орно гэдэг хувь хүнийх нь “мораль”-тай л холбоотой байдаг байх даа. Хүний мөн чанар, “мораль” гэдэг зүйл сурсан сургууль, эзэмшсэн мэргэжлээс хамаардаггүйг “Харвардын коммунист” хочтой Ц.Мөнх-Оргил өмнө нь бэлээхэн харуулсан шүү дээ. Мэдэл ч үгүй, ажил ч үгүй дэд сайдын суудал үзээд ингэж өөрийгөө мартаж байгаа хүн УИХ-д намаа төлөөлөөд ороод ирвэл аавынхаа нэрийг мартах байлгүй. Юун нөгөө талхны үнэ…
Б.ЗАЯА newsmn
URL:













