Зөвхөн Монголд болдог, сонгууль хэмээх гутамшигт “ШОУ”

Уг нь “шоу” гэгч нь олон нийтийг баясгах сайн сайхан зүйлийг голдуу үзүүлж харуулдаг үзүүлбэр юм шиг байгаа юм.
Харин баяр наадам гэдгээс өөр ойлголтгүй байсан манай ард түмэн сонгууль хэмээх гутамшигт “шоуг” 4 жилд нэг удаа улс орноороо үзүүлдэг боллоо.
Худал амлалтаас эхлэн, хулгайлах луйвардах, бусдын амь насанд халдах  хүртэл хүний нийгмийн хамгийн муу муухай чанар, бузар хэрэг бүхнийг газар сайгүй сэрээн гааруулж, ил тод харуулдаг сонгууль хэмээх энэ “шоу”-нд нийт иргэд оролцогч нь болдог төдийгүй үр дүн нь эмгэнэл, харамсал дагуулах нь хамгийн аймшигтай.
Өнгөрсөн 2008 онд 5 хүний амь насыг авч, олон хүнийг эрэмдэг зэрэмдэг болгож хаясан энэ “шоу” харин энэ удаа удаан үйлчилгээтэй хор мэт гэмт хэргийн үйлдлүүдээ нэлээн сунжирсан байдлаар үзүүлэх нь бололтой.
Тухайлбал Хөвсгөл аймагт нэр дэвшсэн Л.Мөнхбаатар гэгч этгээдийн дагуулууд тус аймгийн “Скай” телевизийн байранд улаан галзуу дайран орж сэтгүүлч сурвалжлагч, зураглаачдыг тампуутай элс нүдэж байгаа мэт хорсолтойгоор хайр найргүй зодож, балмад зугаагаа гаргасан нь боолын нийгмийн эзэн боолын дүр зургийг тодорхой харуулав.
Сэтгүүлчийн ажил үүргээ шударгаар гүйцэтгэж, бодит мэдээллийг олон нийтэд хүргэснийх нь төлөө тэднийг ийнхүү залхаан цээрлүүлсэн хэрэг ажээ.
МАН-аас нэр дэвшсэн Л.Мөнхбаатар гэгч нь Ерөнхий сайд Сү.Батболдын зөвлөх гэнэ. Телевизийн ажилтнуудыг зодсон ч цагдаагийнхан бариад 15 минутын дараа буцаагаад суллаад явуулсан гэгдэх түүний туслах, “Хөвсгөл ньюс”ХХК-ийн гүйцэтгэх захирал, тус Скай телевизийн эзэн гэгдэх Б.Ганзориг гэгч нь нэр дэвшигчтэй садан төрлийн холбоотой дүү нь ч гэж яригдаж байна.
Зөвхөн энэхэн мэдээллээс л Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж буй МАН-ын дарга Сү.Батболд гэгч ямархуу балмад этгээдүүдээр өөрийгөө хүрээлүүлдэг болохыг, ямархуу гэмт хэрэгтний сүлжээг үүсгэснийг, хууль ёсыг завхруулах явдал хэрхэн гаарсныг харж болно.
Гэхдээ энэ бол сонгууль гэх “шоу”-ны зөвхөн нэг үзүүлбэр. Цаашаа улам ч бусармаг байдлаар үргэлжлэх бололтой байна.
Тухайлбал Нийслэлд дархан цаазат Богд хаан уулын тусгай хамгаалалтын бүсэд хамаарах Яармагийн дэнжийн сул газар, Нүхтийн ам, Арцатын амыг уралдан эзлэж авах “газрын дажин” өрнөв. Зүгээр байсан иргэд гэнэтхэн хууль журмыг уландаа гишгэн ямар ч зөвшөөрөлгүйгээр газар авахаар дайрцгаасан нь бас л сонгуулийн “шоу”-ны нэг үзүүлбэр нь юм байж.
“Сонгуулийг шударга явуулах бүх нөхцлийг хангахын тулд хуулиар ямарваа амлалтыг хорьсон” хэмээн нийт сонгогчдод олон дахин “тунхаглан” сурталчилж байсан АН-ын нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Лу.Болд, Ц.Оюунгэрэл нар санаатайгаар хууль зөрчин дархан цаазтай бүсэд газар өгөхөөр сонгогчдод амласнаас энэ хэрэг дэгдсэн ажээ.
Хөөрхий, “сонгуулийн синдромоор” муу авъяас нь сэдэрсэн энэ хоёр нэр дэвшигч санаатайгаар “хууль зөрчин” газар өгөх амлалтаар сонгогчдын саналыг худалдаж авсан нь ийнхүү илэрч, “төрийн эрхийг хууль бусаар авах” гэмт хэрэг өдүүлсэн үндэслэлээр хөтлөлцөөд шоронд явах тийшээ хандчихлаа. Уг хэрэг нь олон иргэнийг хөлдөө чирч, мөн “нэгэнт амласан юм бол авах хэрэгтэй” гэж МАН-ынхан ч энэхүү хэргийг өдүүлэхэд иргэдийг турхирсан хэргээр хамт унаж мэдэхээр болж байх шиг байна.
АН-ын зарим “баатар”-ууд тангаргаа өргөөд Төр засгийн эрх мэдлийг авчихмагц хууль шийдвэрийг нь гаргаад дархан цаазтай газрыг иргэдэд өмчлүүлээд өгчихлөөр энэ гэмт хэрэг нь хэрэг биш болчихно гэж ч тайлбарлаж байгаа сураг дуулдана. Хэрвээ энэ үнэн бол энэ улайрсан гэмт хэрэгтнүүд “иргэдийг луйвардах, алах нь гэмт хэрэг биш гэсэн” хууль гаргаж байгаад гэмт хэргээ үйлдэж ч мэдэх л юм шиг байна.
УИХ-ын гишүүнээр сонгогдож чадаагүйнхээ төлөө ямар ч гэмгүй хүмүүсийн амийг бусинуулахаас сийхгүй байгаа, гишүүний суудлын төлөө улс нийгмийн өмч болох дархан цаазат газрыг ч өврөөсөө гаргаад өгөх гэж байгаа мэт амлаж байгаа, гэмт хэрэгтний сэдэл, зуршил, сэтгэхүйд эзлэгдсэн ийм этгээдүүд төрд гарахаар зүтгэцгээж байгаа нь хувийнхаа ашиг сонирхлын төлөө улс орныг худалдах бол энүүхэнд гэдгийг ч энэ үйл явдлууд харуулсаар байна бус уу!
Гэвч хэрэг явдал ингээд зогсохгүй нь ээ!

Үргэлжлэл бий.

О.Лхагвадорж


URL:

Сэтгэгдэл бичих