АН-аас сайд болох эрхмүүд тодорч эхлэв

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр хуралдана. Засгийн газар байгуулах, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтрах удирдлагуудын шийдвэрээ баталгаажуулах юм. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт УИХ дахь бүлгийн хурлаараа Бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг 96.4 хувийн саналаар сонгох, УИХ-ын даргад З.Энхболдыг бүлгийн гишүүдийн 75 хувийн саналаар, Ерөнхий сайдад намын дарга Н.Алтанхуягийг 96.4 хувийн саналаар сонгох шийдвэрт хүрээд буй юм. Үүнээс үзэхэд өнөөдөр болох ҮЗХ-ны хурал аядуу зөөлөн болох болов уу. Учир нь Бүлгийн хурлын шийдвэрээс үзэхэд намын даргатайгаа хариуцлага тооцох, халаа сэлгээний тухай асуудал яригдахгүй нь бололтой.
Х.Баттулгатай хүч хавсраад байсан З.Энхболдыг УИХ-ын дарга болгож, “амыг нь таглаж” амжсан тул ҮЗХ-ны хурал тийм ч ширүүн болохгүй биз. МоАХ, Х.Баттулга ҮЗХ-ны хурал дээр хичнээн хариуцлагын тухай яриад ч олонх болж чадахгүй тул хурлын шийдвэрт нөлөөлж чадахгүй юм. Харин Х.Баттулга, З.Энхболд нар нийлж ҮЗХ-ны хуралд орсон бол өөр хэрэг л дээ. АН-ын ҮЗХ-ны хурал аядуу тайван болох нь. Үндсэндээ Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарын сэнтийд суух эрхмүүд тодорчихлоо гэсэн үг.

Харин шинэ Засгийн газрын сайдууд хэн бэ гэдэг нь дараагийн асуудал бас олон нийтийн сонирхлыг татаж буй юм. Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хамтарсан Засгийн газраа байгуулагдах нь тодорхой болсон. Өмнөх хамтарсан Засгийн газрын үед байсан Тэргүүн шадар сайд, шадар сайдын алба энэ Засгийн газарт “өвлөгдөж” магадгүй юм. Ингэвэл шадар сайдын албан тушаалыг Шударга ёс эвслийн УИХ дахь Бүлгийн дарга Д.Тэрбишдагвад өгөх болов уу. Тэргүүн шадар сайдын албагүй Засгийн газар ч бүрдүүлж магадгүй юм. Харин Засгийн газрын гишүүдийн хувьд ойрын эх сурвалжуудын өгч буйгаар Шударга ёс эвсэлд 4 сайд, мөн тийм тооны дэд сайдын албан тушаал өгөхөөр тохиролцсон гэх мэдээлэл байна.
АН-ын 7-8 сайдын суудалд хэн хэнийг томилох асуудал тохиролцоон хүрч эхэлсэн гэнэ. АН доторх Алтангадас, МоАХ, Шонхор, Мөнхтэнгэр, МҮДН фракцууд сайдын суудлаа хувааж авахаар тохиролцсон гэх мэдээлэл байгаа юм. Тодруулбал Алтангадас, МоАХ хоёр хоёр сайдын суудал, Шонхор, Мөнхтэнгэр, МҮДН нэг нэг сайдын албан тушаал авахаар тохиролцсон гэх мэдээлэл байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, БОАЖ-ын сайдаар, Г.Баярсайханыг, Гадаад харилцааны сайдад УИХ-ын гишүүн Б.Болор, УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь нарын нэр эртнээс яригдаж эхлээд байна. Мөн өмнөх хамтарсан Засгийн газарт Зам, тээвэр барилга, хот байгуулалтын сайдыг толгойлж байсан УИХ-ын гишүүн Х.Баттулга хуучин яамаа толгойлох байх гэсэн мэдээлэл байна. Мөн АН Засгийн газарт эмэгтэйчүүдийн төлөөллөө оруулахаа мартаагүй гэнэ. НХХЯ, ЭМЯ-ны аль нэгийг нь эмэгтэй сайдаар толгойлуулахаар зэхэж байгаа аж. Үлдсэн сайдуудын суудал УИХ-ын гаднаас томилогдох болов уу.
Харин шударга ёс эвслээс Н.Энхбаяр, С.Удвал, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарыг сайдын суудалд томилох саналаа хүргүүлсэн гэх шуум гараад байна.
Засгийн газарт ажиллах гишүүдийн нэрс энэ долоо хоногтоо тодорч, ирэх долоо хоногийн ихээр шинэ Засгийн газар албан ёсоор ажилдаа орох төлөвтэй байна.

Т.АМУР
Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих