Сэтгэл зүйн хорио цээр хаанаас үүдэлтэй вэ?
Бидний сэтгэл зүйн ихэнх хүндрэл бага насанд төлөвшдөг гэдгийг та мэдэх үү. Та одоо том болсон тийм ухаан муутай биш хэдий ч амьдрал нэг л болж өгөхгүй байна уу? Хүрээлэн буй хүмүүсийг (өөрийгөө хаяад явсан эрчүүдийг, ажлаас халсан даргыгаа, амьдарлыг тань хүндрүүлж байгаа хөршүүдээ) хичнээн ч харааж, загнаж, муулж болно. Гэхдээ асуудлын гол нь өөрт тань байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд аль эрт бий болсон энэ асуудлыг сайн тунгааж үзэхийг зөвлөе. Эдгээрийн түгээмэл заримаас толилуулъя.
1. Битгий амьдар
Шинж тэмдэг: Багадаа байнга өвдөж, бэртдэг байсан хүүхэд бүх зүйл дээр эцэг, эхийн үгийг дагаж, тэднийг гомдоохыг хүсдэггүй байснаас өөрийгөө боловсруулж, бие даах чадваргүй болсон байдаг. Том болоод өөрийгөө үнэлэх үнэлэмж нь багассан байдгаас өөртөө болон бусад хүмүүст “амьдралд ямар нэгэн байдлаар хэрэгтэй” гэдгээ цаг үргэлж батлахыг хичээж, өөрийгөө хайрлаж, байгаа чигээр нь хүлээж авах чадваргүй болдог.
Энэ байдлыг ангиллавал маш олон тоо гарна. Эцэг, эхийн хүүхдийг программчилах явдал 12 хорио цээрийн салбараас бүрддэг. Үйлдэл, амжилт, тэргүүлэгч байх, сэрэл мэдрэмж, бодол санаа, хамаарал, идэвх санаачлага, эрүүл мэнд, бие даасан байдал, идэвхгүй байдал, оршин тогтнох зэрэгт хорио тогтоодог аж.
Хамгийн их хортой үр дагавар нь хүүхэд том болоод архичин, хар тамхинд мансуурагч, гэмт хэрэгтэн, заримдаа амиа егүүтгэгч болдог.
Шалтгаан
“Битгий амьдар” гэсэн захирамж бусдын адил сайн санаанаас үүдэлтэй ч хамгийн хэрцгий нь юм. Бяцхан хүнтэй буюу хүүхэдтэйгээ учраа ололцож чадахгүй байгаа эцэг, эх буруу үйлдэл дээр нь тулгуурласан “нуугдмал арга заль” хэрэглэдэг.
“Чиний төлөө би тийм зүйлээ золиослосон”, “чиний төлөө ийм их зүйл хийсэн”, “надад ийм муу охин, хүү хэрэггүй”, “би чамайг харахыг ч хүсэхгүй байна”, “чи байгаагүй байсан бол би сайхан амьдрах байсан юм” гэх зэргээр хүүхдийг буруутгадаг. Ийм үг сонссон хүүхэд “буруугаа” ойлгож, гэмшин, дуулгавартай болдог. Ийм замаар хүүхдийнхээ итгэлийг олдог хэмээн ойлгодог ч үр дүн нь харин санаанд оромгүй байдгийг тэд мэддэггүй.
Хүүхэд оюун ухаандаа “Би аав, ээжийнхээ амьдралд саад болж байгаа юм байна. Би мөнхийн өртэй үлдлээ” гэсэн дүгнэлт хийдэг. Энэ л бодолтойгоо хүн насан туршаа амьдардаг байна. Магадгүй хүүхэд энэ ертөнц дээр мэндлэх хэрэггүй байж хэмээн бодно. Эндээс л өөрөө өөрийгөө “устгах программ” эхэлдэг байна.
Зөвхөн төөрөлдөж, будилсан хүн л өөрийн хариуцлагыг хүүхдийн нуруун дээр тохох байх. Эцэг, эхчүүд өөрсдөө үр хүүхэдтэй болох шийдвэр гаргасан шүү дээ. Хүүхэд тэдний амьдралын төлөвлөгөөг нуураагүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
2. Бодож болохгүй
Шинж тэмдэг: Шийдвэр гаргахаас айдаг. Толгой өвдөж, бие организм нь аливааг нухацтай бодохоос зайлсхийж эхэлнэ. Харин толгойд нь ямар нэгэн сонирхолтой санаа орж ирвэл тухайн хүн мэдрэмжээрээ энэ бодоос зугтаж, архи дарс, зугаа цэнгэлээр түүнийг дарахыг хичээдэг. Эцэг, эхийн ийм хүмүүжил авсан хүмүүс өөрийн оюун санааны хөдөлмөр, авьяас чадварт итгэхээ больж, ихэвчлэн бодож боловсруулаагүй алхам хийж алддаг.
Шалтгаан
Эцэг, эхийн хүүхдэдээ бодох, санал солилцох боломж олгодоггүй байдлаас үүдэлтэй. “Юу ч бодолгүй зүгээр л миний хэлсэнийг л хий”, “чамд юу хэрэгтэйг би мэдэж байна”, “битгий цэцэрхээд бай”, энэ тухай март” гэх зэргээр хорио тогтоодог.
Энэ байдалтай тэмцэхийн тулд асуудлаас тодорхой зай барьж сур. Зугтах биш, харин өөрт тулгарсан бус бусдад тохиолдсон хэмээх бодож, асуудлыг хөндлөнгөөс сайн харж ойлгохыг хичээ. Ингэснээр түүнийг шийдвэрлэхэд айж сандрах явдал гарахгүй.
Харин толгой өвдөх явдлыг шийдвэрлэхдээ яг ямар нөхцөлд, юу бодох үед өвдөж байгааг тогтоох хэрэгтэй. Ингэж чадвал энэхүү хаалттай сэдвээс ангижрах болно.
3. Мэдэрч болохгүй
Шинж тэмдэг: Ийм захирамжаар хүмүүжсэн хүмүүс бусдыгаа бодвол сэтгэлийн эмгэг өвнөөр өвдөх нь их байдаг. Бие махбодийн хяналт суларснаас амархан бэртэж гэмтэн, таргалдаг байна.
Хүн багаасаа л бие махбодио сонсч сураагүй бол хэт идсэн, эсвэл аюултай байдалд орсоноо мэдэрч чадахгүй.
Шалтгаан
“Яадаг юм бэ. Чихэргүй, халуун л байна”, “өгсөн бүхнийг идэх ёстой”. Хэрэв хүүхэд нохойноос айж байвал эцэг, эхчүүд түүнийг “Наадах чинь хазахгүй. Юундаа айсан юм бэ” гэх зэргээр өдөөн хатгадаг. Эсвэл том хүний тухай таагүй зүйл ярихыг хориглож “Багшийнхаа (эмээ, хөрш) тухай муу зүйл битгий ярь. Тэр чинь чамаас ахмад хүн” гэж хэлнэ. “Чи чинь эр хүн шүү дээ. Битгий уйл”, эсвэл “чи хэзээ ч өсч, том болохгүй”, “үүнийг хийж чадахгүй”, “хараал хэлж болохгүй”, “айж болохгүй”, “уйлж болохгүй”, “хашгирч болохгүй” гэх зэргээр сэтгэл санаанд нь шууд хориглолт тогтоодог. Ийм байдалд орсон хүүхдийн сэтгэл санаа гарах гарцгүй болмогц эрүүл мэндэд нь муугаар нөлөөлж эхэлдэг.
4. Тэргүүлэгч болж чадахгүй
Шинж тэмдэг: Энэ захирамжаар хүмүүжсэн томчууд бүх насаараа, ажилдаа ч, гэртээ ч хэн нэгний удирдлага дор байдаг. Тэд урсгал сөрж амьдрах, ямар нэгэн зүйлийг буруу хийхээс, алдаа гаргахаас айдаг. Бусдын хэл амны, инээд найргианы бай болох зүйл хийхээс үнхэлцгээ хагартал айна. Тэд бусад хүмүүсийн санаа бодлоос хараат байж, өөрийн амьдрал болон хүрээлэн буй хүмүүсийн төлөө хариуцлага хүлээх дургүй.
Шалтгаан
Эцэг, эхийн ерөнхий санаа нь “бусдын адил бай”. “Чи Болдыг хар л даа, ямар сайн хүүхэд байна. Гэтэл чи…?”, “Чи хаана хувцасаа урчихаа вэ, Цэцгээг хар хувцасаа ямар сайхан цэвэрхэн өмсөж байна”, “Бусдын хүүхдүүд сайхан байхад минийх л…”, “Яах гэж бусдын дээр гарах гэж өрвөгнөж байдаг юм бэ” гэх зэрэг нь түлхүүр үг юм.
Хүүхдэдээ ийм үг хэлдэг эцэг, эхчүүд ихэвчлэн өөрсдөө бусдаас ялгархаас айдаг, эсвэл хүүхдээ бусдаас сайн хүн болгохыг хүсч явдаг. Тэд эсвэл их атаархуу хүмүүс, эсвэл бусдын атаархлыг төрүүлэхээс айдаг хүмүүс байдаг.
Гэхдээ дээр дурдсан зүйлс хүүхэд насны бүх захирамж биш. Танд юу ч тохиодсон бай, яаж ч хэцүү байсан юун урьдаар эцэг, эхээ буруутгах гэж яарах хэрэгтүй шүү. Мэдээж тэд аль болох сайхан байлгахыг хүссэн байгаа. Бид бүтд золиос хүмүүсийн золиос. Тэднийг ч гэсэн бидэн шиг буруу аргаар хүмүүжүүлжээ. Тэдэнд гэсэн энэ зовлонтойгоо амьдрахад хүнд байгааг ойлгох хэрэгтэй. Хөөрхий тэднийг уучилж, харин өөрийн хориглолт, айдастай тулалд, ялан дийл.
URL:




