ХЯТАДЫН АРМИ АРЛЫГ ЧӨЛӨӨЛӨХ ЦЭРГИЙН СУРГУУЛЬ ХИЙЛЭЭ
Хятадын ардын чөлөөлөх арми /ХАЧА/ “дайсны булаан эзэлсэн арлыг чөлөөлөх” байлдааны буудлагатай сургууль хийлээ. Сургууль хаана, хэзээ болсныг “Глобал таймс” сонин мэдээлээгүй байна.
Сонинд мэдээлснээр, сургуулийн үеэр дайсны их буу болон түшиц газруудын тухай мэдээлэл цуглуулсан цэргийнхэн арал руу нууцаар очжээ. Дараа нь пуужингийн халхавчин дор арал дээр тэнгисийн цэргийн десантууд бууж, арлыг хяналтдаа авах зорилгоор дайснуудтай тулалдсан байна. Сургуулилтын явцыг харуулсан богино хэмжээний бичлэгийг Хятадын Төв телевиз үзүүлжээ.
Энэ сургууль Японы Засгийн газрын “худалдаж авсан” Дяоюйдо /Сенкаку/ арлыг тойрсон Бээжин, Токиогийн хоорондын нутаг дэвсгэр маргаан хурцадсан үед боллоо. Японы Засгийн газрын шийдвэрийг Хятадын тал эрс эсэргүүцэж, тухайн арлыг өөрийн нутаг дэвсгэр гэж мэдэгдэж байгаа билээ.
“Сургуулилалт нь Японд дайн зарлах гэж байгаа заналхийлэл хэмээн ташаа ойлгогдох ёсгүй” гэж ХАЧА-ийн тэнгисийн цэргийн хүчний контр-адмирал Жэн Мин мэдэгдсэнийг сонин иш татсан байна. “Хятад улс нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах шийдвэр төгс болохыг энэ сургууль харуулах учиртай” гэж тэрбээр хэлжээ.
“Хятад армид зөвхөн улс орноо хамгаалах хүсэл эрмэлзэл төдийгүй боломж бий гэдгийн тодорхой дохиог энэ сургууль өглөө” гэж ХАЧА-ийн Батлан хамгаалахын үндэсний их сургуулийн стратеги судалгааны хүрээлэнгийн орлогч захирал Мэн Сянцин хэлсэн байна.
З.Амгалан
URL:




